НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА


Өнөөдөр буюу 2014 оны 5 дугаар сарын 29-ны өдөр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн хороотой Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хөгжлийн бодлого, хот төлөвлөлтийн хяналтын хорооны төлөөлөгчид танилцах уулзалт хийж туршлага солилцлоо.

Уг танилцах уулзалтад НИТХ-ын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дарга Л.Шагдаррагчаа, төлөөлөгч Н.Баяраа, Д.Батбаяр, С.Ононбаяр, НИТХ-ын зохион байгуулалтын хэлтсийн дарга М.Халтар, Дархан-Уул аймгийн ИТХ-ын Хөгжлийн бодлого, хот төлөвлөлтийн хяналтын хорооны дарга Г.Ганбат, төлөөлөгч Г.Алтантуяа, Б.Даваасамбуу болон НИТХ-ын ажлын албаны ажилтан Э.Жавхланбат, Ц.Ганчимэг, С.Будрагчаа нар оролцов.

Уулзалтын эхэнд:

Л.Шагдаррагчаа: Юуны өмнө НИТХ-ын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн хорооны үйл ажиллагаатай танилцах, туршлага солилцохоор ирсэн эрхэм төлөөлөгчдөд энэ өдрийн амгаланг айлтгая. НИТХ 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хуралдааныхаа дэгийг шинэчлэн найруулсан. Шинэчилсэн найруулга хийснээр хуралдааны тов, ирц ба хэлэлцэх асуудал, хурлын хуралдаанд асуудал оруулах эрх, хурлын хороо, дэд хороо, түр хороодыг байгуулах ба тэдгээрийн ажлын зохион байгуулалт, хурлын хуралдааныг зохион байгуулах журам, төлөөлөгчийн асуулгын хариуг хэлэлцэх, хурлын шийдвэрийг зохион байгуулах, төсвийн төсөл боловсруулах, батлахтай холбоотой харилцаанд орох зэрэг асуудлыг өөрчлөн найруулж, шинээр боловсруулсан. Шинэ дэгээр НИТХ-ын үйл ажиллагааг тогтмол болгоход илүү анхаарсан бөгөөд аливаа асуудлыг орон нутгийн өөрөө удирдах байгууллагын онцлогт тохирсон хэлбэрээр зохион байгуулж, хурлын хороо, дэд хороодын үйл ажиллагааг эрчимжүүлж, төлөөлөгчийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, үүрэг хариуцлага оногдуулах байдлаар өөрчлөн найруулсан. Өмнө нь манай хурал нэгдсэн хуралдаандаа илүү ач холбогдол өгдөг байсныг шинэ дэгээр халж, хороодын хуралдааныг асар өндөр ач холбогдолтой болгосон. Хороо бол улс төрийн байгууллага биш, харин төрийн байгууллага. Тийм ч учраас хорооны хуралдаанаар асуудлыг нарийвчлан үзэж мэргэжлийн санал, дүгнэлтийг гаргаж түүнийгээ нэгдсэн хуралдаанд босоо санал болгон оруулж, тогтоолын төсөлд оруулдаг болсон. Манай Барилга, хот байгуулалт дэд бүтцийн хороо 18 төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй. Дотроо газрын менежментийг боловсронгуй болгох асуудал эрхэлсэн дэд хороо, замын түгжрэлийг бууруулах асуудал эрхэлсэн дэд хороо гэсэн хоёр дэд хороотой. Шинэ дэгийнхээ дагуу энэ хороогоор барилга хот байгуулалт, зам, газрын асуудалтай холбоотой бодлогын баримт бичиг бүхнийг нарийвчлан тухайлан хэлэлцэж мэргэжлийн санал, дүгнэлтийг гарган ажиллаж байна.

Н.Баяраа: НИТХ-ын анхдугаар чуулганаар төлөөлөгчдийг аль хороодод орох хүсэлтэй байгаа талаар саналыг авсан. Мөн тэр үеэрээ барилга хот байгуулалттай асуудлыг хамгийн сайн мэддэг хүнд энэ хороог хариуцуулах нь зөв гэж үзсэн. Л.Шагдаррагчаа төлөөлөгч маань барилгын трестийн дарга, барилгын инженер, барилгын яамны дэд сайдын албан тушаалыг олон жил хашсан хашир туршлага хүн. Одоо “Барилга корпораци”-ийн Ерөнхийлөгчийн ажлыг хашиж байгаа. Манай С.Ононбаяр тэргүүлэгч маань НИТХ-ын хүний эрхийн дэд хорооны даргын албан тушаалыг эрхэлдэг. Д.Батбаяр төлөөлөгч барилга хот байгуулалтын хорооны гишүүн. Харин миний бие “Шударга ёс эвсэл”ийн бүлгийн ахлагчаар ажиллаж байна. Ингээд та бүхний асуултанд хариулахад бэлэн байна.

Г.Ганбат: Танай хороог хариуцсан хэдэн мэргэжилтэн ажилладаг вэ?

Л.Шагдаррагчаа: Э.Жавхланбат гэдэг 1 мэргэжилтэн ажилладаг.

Г.Ганбат: нэг мэргэжилтэн өөр давхар хороог хариуцдаг уу?

Э.Жавхланбат: Би Барилга, хот байгуулалтын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороог хариуцан ажилладаг.

Г.Ганбат: Нэг хүн хоёр хороог хариуцахаар ажлын ачаалал хэр байдаг вэ?

Л.Шагдаррагчаа: Ажлын хорооны ажилтан маань хүчрэхгүй байгаа тохиолдолд манай бүлгийн ажлын албаны ажилтан нэмж ажилладаг. Манай бүлэг ажлын албаны гурван ажилтантай. Тэр ажилтан маань туслаж ажилладаг.

Г.Ганбат: Шинээр сонгогдсон төлөөлөгчдөд сургалт явуулдаг уу. Өмнөх хурлынхаа хийж байсан мэдээллийг төлөөлөгчид хаанаас хэрхэн авдаг вэ?

Л.Шагдаррагчаа: Тийм сургалт гэх зүйл хийдэггүй. Төлөөлөгчид өөрсдийн авахыг хүссэн мэдээллээ НИТХ-ын ажлын албаар, бүлгийн ажлын албаар эсвэл өөрийнхөө албан бланкан дээр авахыг хүссэн мэдээллээ бичиж явуулаад адбан ёсоор авдаг. Мөн манай шинэчилсэн дэгд тусгасны дагуу Нийслэлийн засаг даргын гаргасан захирамж, НИТХ-ын нэгдсэн болон тэргүүлэгчдийн бүх тогтоолыг цахимаар бүх төлөөлөгчдөд ирүүлдэг болсон.

Г.Ганбат: Иргэд, сонгогчидтойгоо хэрхэн холбогдож ажилладаг вэ?

Л.Шагдаррагчаа: 2014 оны төсвийг батлахын өмнө манай бүх төлөөлөгчид өөрсдийн сонгогдсон хороо бүрт ажиллаж ирэх оны төсөвт юу суулгахыг хүсч байгааг албан ёсоор асууж ажилласан. Тэгэхэд иргэдээс хамгийн их ирсэн санал нь ямар нэгэн барьцаагүйгээр жижиг дунд бичил бизнес эрхлэх зээл авахыг хүсч байсан. Уг ажлыг нь санхүүжүүлэхэд 15 тэрбумыг суулгаж одоо хэрэгжүүлэх шатандаа явж байна. Мөн аливаа хуралдаан болохын өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай мэдээллэдэг. Хорооны хуралдаан, тэргүүлэгчдийн хуралдааныг албан ёсоор хэвлэлийнхэн сурвалжилж, мэдээ мэдээллийг хурдан шуурхай хүргэдэг учраас иргэд ямар тогтоол шийдвэр гаргах гэж байгааг маш хурдан мэдчихдэг. Хэрвээ шинээр батлагдах гэж буй тогтоол нь тэдний эрх ашигт нийцэхгүй байгаа бол өөрсдийн төлөөлөгчдөөр дамжуулан уламжлах маягаар хамтран ажилладаг.

Г.Ганбат: Манай Дархан хотын гэр хороолол маш их тэлж байгаа. Одоо иргэдэд шинээр олгох газар дууссан. Саяхан хөрс сумдын газар нутагт халдлаа гэсэн томоохон маргаан хүртэл гарсан. Улаанбаатар газрын асуудалтай гэдгийг бид бүхэн мэддэг. Харин та бүхэн асуудлаа хэрхэн шийдвэрлэж байгаа вэ? Бид бүхэн цаашид яах хэрэгтэй вэ?

Л.Шагдаррагчаа: Гэр хороолол олноороо бий болсноос үүдэн гардаг аюул бол агаар болон хөрсний бохирдлын асуудал байдаг. Улаанбаатар хотын гэр хороолол хэтэрхий тэлснээс үүдэн хөрсний болон агаарын бохирдол дээд цэгтээ хүрсэн. Энэ асуудлыг шийдвэрлэх хамгийн зөв гарц нь бүх нийтийг орон сууцжуулах. Бүх нийтийг орон сууцжуулахын тулд манай хурал “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө 2030 оны хөгжлийн чиг хандлага” гэдэг бодлогын том баримт бичгийг баталсан. Энэ бодлогын баримт бичгийг биелэлтийг хангах 21 байршилд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсан. Одоо эхнээсээ хэрэгжээд явж байна. Танай хот ч гэсэн ийм бодлогын баримт бичгийг батлах хэрэгтэй. Тэгээд түүндээ нийцүүлээд хөгжлийн төлөвлөгөө гаргаад ажиллабал асуудлыг хялбар шийдвэрлэх боломжтой. Энэ уулзалтын дараа Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөны газрын дарга, Улаанбаатар хотын ерөнхий Архитектор Нацагдоржийг дуудаж та бүхэнтэй уулзуулъя. Та нар тэр хүнтэй уулзаад туршлага судалбал өндөр үр дүнтэй ажил болно.

Г.Ганбат: Бид бүхэн НИТХ-ын үйл ажиллагаатай танилцсан явдал маань ихээхэн завшаантай хэрэг боллоо гэж үзэж байна. НИТХ-ын ажлын хороод, нам эвслийн бүлгүүд, тэргүүлэгчид нь үндсэн чиг үүргийнхээ дагуу нарийн мэргэшин ажилладаг юм байна. Асуудлын гүнд орсон бодитой шийдвэр гаргахын тулд аливааг олон өнцгөөс нь хэлэлцдэг гэдгийг бид бүхэн газар дээр нь харж танилцлаа.

Манай аймгийн ИТХ-ын хувьд нэгдсэн хуралдаанд өндөр ач холбогдол бусад хуралдаанаа орхигдуулдаг тал байна. Хатуухан хэлэхэд бэлгэдлийн шинжтэй хийж байгаа. Нэгдсэн хуралдааны үеэр төлөөлөгчид баахан санал шүүмжлэл хэлдэг боловч тэр нь ажил хэрэг болж, тогтоол шийдвэрт тусдаг эсэхийг нь хэн ч мэддэггүй. Энэ бүхнийг өөрчлөх шаардлагатай гэдгийг харж мэдлээ.

Цаашид танай хороодын бүрэлдэхүүнийг албан ёсоор хотдоо урьж харилцан туршлага солилцох шаардлагатай юм байна.

Л.Шагдаррагчаа: хэрвээ та бүхэн албан ёсны урилгаа хурлын даргын нэр дээр ирүүлэх аваас бид бүхэнд татгалзах зүйл байхгүй. Мөн цаашид хамтарч ажиллах, харилцан туршлага солилцох санамж бичигт гарын үсэг зурахад бэлэн байна гэв.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)