НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : ТӨСӨВ, САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ХОРООНЫ ХУРАЛДААН БОЛЛОО

ТӨСӨВ, САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ХОРООНЫ ХУРАЛДААН БОЛЛОО


2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 10 цагаас НИТХ-ын төсөв, санхүү эдийн засгийн хорооны хуралдаан Хангарьд ордонд боллоо. Хуралдаанд төлөөлөгч Д.Хүрэлбаатар, Л.Шагдаррагчаа, Ц.Буяндалай, Ц.Алтанцэцэг, Д.Бадарсан, Г.Ганбаяр, Саранчимэг, Д.Батбаяр, Н.Түвшин, Д.Авирмэд, Нийслэлийн хөдөлмөрийн газрын дарга Н.Тунгалаг, НИТХ-ын зохион байгуулалтын хэлтсийн дарга Халтар болон бусад хүмүүс оролцлоо.

Хуралдаанаар “нийслэлийн бичил бизнесийг дэмжих тухай” асуудлыг хэлэлцэв. Асуудлыг Нийслэлийн засаг даргын орлогч Ц.Буяндалай танилцууллаа.

Ц.Буяндалай: Нийслэлийн бичил бизнесийг дэмжих хөтөлбөрийн гол санаа нь бичил бизнесийг дэмжээд үүгээрээ ядуурлыг бууруулахад чиглэж байгаа. Зээлийн санхүүжилтийг банкаар бус хадгаламж зээлийн хоршоогоор дамжуулан явуулна. Хөтөлбөрийн хэмжээнд нийслэлийн 150 хороонд 15 тэрбумын санхүүжилт /1хороонд дундажаар 100 сая төгрөг/-ийг хийнэ. Хороо бүхэнд хувиарлагдсан 100 сая төгрөгийг иргэдэд зээлэх асуудалд төрийн аль нэг албан тушаалтан оролцохгүй, хорооны иргэд өөрсдөө хуралдаад олонхийн саналаар дэмжигдсэн төслийг санхүүжүүлнэ. Гэхдээ нэг иргэнд дээд тал нь 5 сая төгрөгийн зээл олгоно гэж журамласан байгаа. Хөтөлбөрт хамрагдаж зээл авсан хүмүүсийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг иргэдэд худалдан авагчдад хүргэх ажлыг мөн төрөөс бодлогоор дэмжиж өгөхөөр зохицуулахаар төлөвлөсөн. Энэхүү хөтөлбөрийг та бүхэн хэлэлцэн батлаж өгнө үү.

Л.Шагдаррагчаа: Надад хэдэн асуулт байна. 2014 оны төсвийг батлах үеэрээ төлөөлөгчид энэ ажлыг хийхэд зарцуулах 15 тэрбум төгрөгийг суулгаж өгсөн байгаа. Харин энэ мөнгө төсөвт хуримтлагдсан уу? Эсвэл зүгээр л цаасан дээрх тоо хэвээрээ байсаар байна уу?

Иргэдэд тухайн зээлийг олгохдоо хадгаламж зээлийн хоршоодоор явуулдаг нь яаж байгаа юм бэ? Өмнөх гашуун туршлага давтагдах вий дээ. Зээлийн эрсдлийг хэн хариуцах юм бэ?

Нийслэлийн ямарваа нэгэн үйл ажиллагаа явуулах болохоороо л сан шинээр байгуулах юм. Ер нь энэ сангийн хариуцлага нтр гэсэн юм байна уу. Нийслэлийн хөдөлмөрийн газар гэж бэлээхэн агентлаг байсаар байтал энүүгээрээ дамжуулаад хийхийн оронд заавал сан ман, хадгаламж зээлийн хоршоо гэж явах шаардлага байсан юм уу?

Иргэдийн амжиргааг дээшлүүлнэ гэж 5 сая төгрөг зээлчихээд түүндээ сар бүр 1,2 хувь, жилдээ 14,5 хувийн хүү бодоод авчихаар чинь тэдэнд ямар ашиг үлдэх юм бэ? Зээлийнхээ хүүг бууруулж болоогүй юм уу?

Засаг Даргын орлогч Ц.Буяндалай: төрийн мөнгөөр шууд зээл өгөх хуулийн зохицуулалт одоогоор байхгүй. Тиймээс нийслэлийн төсвөөс гарч байгаа мөнгийг сан байгуулж гаргахаас өөр хуулийн гарц одоохондоо байхгүй байгаа. Зээлийн эрсдлийг батлан даалтын сан хариуцан ажиллана. Нийт зээлийн хэмжээний 60 хувийг батлан заалтын сан хариуцна. Банк иргэдэд зээл олгохдоо ямагт үл хөдлөх хөрөнгө барьцаалж зээл өгдөг бол хадгаламж зээлийн хоршоо хөдлөх хөрөнгийг барьцаалж зээл өгдөгөөрөө давуу талтай. Зээлийн хүү өндөр байна гэж байна. Гэхдээ энэ нь банкнуудыг өгч байгаа сарын 2-3 хувийн хүүний хажууд бага. Бид сангаас 15 тэрбумыг хадгаламж зээлийн хоршоодод олгохдоо жилийн нэг хувийн хүүтэйгээр олгоно. Тэд харин цааш нь дамжуулан зээлэхдээ сарын 1,2 хувь болгон өөрчилж байгаа. Зээлийн хувийн нэмэгдэл нь тэдгээрийн үйл ажиллагааны зардалд зарцуулагдахаар тооцож байгаа.

Л.Шагдаррагчаа: Иргэн амжиргаагаа дээшлүүлэх зорилгоор 5 сая төгрөг зээллээ гэж бодъё. Гэтэл тэр хүн жилийн 14,3 хувийн хүү, гурван жилийн туршид нийтдээ 43,2 хувийн хүүг төлөх тооцоо гарч байна ш дээ. Энэ бол арилжааны банкнуудаас ямар ч ялгаагүй нь харагдаж байна. Эцсийн дүндээ иргэдийн амжиргааг дээшлүүлж, бичил бизнесийг хөгжүүлэх бус харин төрийн мөнгөөр хадгаламж зээлийн хоршоодыг л санхүүжүүлсэн хэлбэр болохоор харагдаж байна.

Засаг Даргын орлогч Ц.Буяндалай: Төсвийн мөнгөөр ажлын байрыг л дэмжиж байгаа. Хороо бүрд зээл олголтыг зохицуулах хадгаламж зээлийн хоршоодыг байгуулаад тэр бүртээ 2 хүний орон тоо үүсгэхээр хамгийн багадаа 300 хүнийг ажлын байраар хангасан ажил болно.

Д.Батбаяр: энэ ажил үндсэн зорилтоосоо гажсан худлаа ажил болж байна. Бизнес эрхлэх хүсэлтэй атлаа зээлийн барьцаа хөрөнгөгүй хүнд зээл олгоно, дэмжинэ гэж яриад байгаа мөртлөө оруулж ирсэн журмын төсөлдөө барьцаа хөрөнгөтэй байна гээд заачихсан байх юм. Тэгээд үүний чинь аль нь зөв юм бэ?

Засаг Даргын орлогч Ц.Буяндалай: Тус зээлийг заавал ядуучуудад биш бас бизнес эрхлэгчдэд өгч болно шүү дээ.

Д.Батбаяр: Чи сая хөтөлбөрийн танилцуулга хийхдээ гол зорилго нь ядуурлыг бууруулах гэж хэлээ биз дээ. Бизнес эрхлэгчид тэгэхээр ядуучуудын ангилалд орж байгаа юм уу. Ядуучуудад өгөх зээлийн хөрөнгөөр бизнес эрхлэгчдийг дэмжихээр ямар хэрэг байгаа юм. Нэр томьёоны хувьд утга агуулгын хувьд зөрчилтэй байгаа юм биш үү. Ер нь энэ ажил чинь ядуурлыг бууруулах биш харин хадгаламж зээлийн хоршоодыг л дэмжээд байгаа юм биш үү.

Н.Түвшин: ядуурлыг бууруулах хөтөлбөр гэчихээд төр бизнес хийх гэж байгаа юм шиг харагдаж байна. Хэзээ ч бизнес хийж үзээгүй ядуучуудад өндөр хүүтэй зээл өгчихөөр ядуурал буурна гэж хэн тооцсон юм. Ядуурал буурахгүй харин өртэй ядуусын тоо эрс өсчихвөл хэн хариуцлагыг үүрэх юм.

Засаг Даргын орлогч Ц.Буяндалай: Энэ зээлээр 3000 хүнд санхүүжилт хүргэнэ. Түүнчлэн үйл ажиллагаа нь уначихсан нэр хүнд нь сэвтчихсэн хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагааг дэмжсэн бодит ажил болно. Мөн тэрхүү шинээр байгуулагдаж 150 хадгаламж зээлийн хоршоонд Улаанбаатар хотын насанд хүрсэн 800000 иргэн оролцох бодит боломж үүснэ.

НИТХ-ын хуулийн зөвлөх Алтансоёмбо: Хадгаламж зээлийн хоршоогоор биш банкаар дамжуулан зээлийг олгоё гэхээр банкнууд эрсдлээ бодоод хэтэрхий өндөр босго тавьчихаад байгаа. Газаргүй хашаа байшин ч гүй зорилтот иргэдэд тэгэхээр тэр зээл очих боломж хаагдчихаж байгаа юм. Тиймээс банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооны аль нэгийг сонгохоор болсон. Гэтэл банк бус санхүүгийн байгууллага нь ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байсан учраас хадгаламж зээлийн хоршоог сонгосон.

Д.Хүрэлбаатар: Би өөрөө хадгаламж зээлийн хоршоог удирддаг хүн. Сүүлийн 20-оод жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан учраас хадгаламж зээлийн хоршооны дүрэм журам үйл ажиллагааг сайн мэднэ. ХЗХ нийт активынхаа 20 хувьтай тэнцэх зээлийг л авдаг дүрэмтэй. Гэтэл тэдэнд нийслэлээс 100 сая төгрөгийн зээл олгоно гэж яриад байна. 100 сая төгрөгийн зээлийг тухайн хадгаламж зээлийн хоршоо авахын тулд 400 сая төгрөгийн актив хөрөнгөтэй байх ёстой шүү дээ. Та нарын шинээр байгуулах 150 хадгаламж зээлийн хоршоо яаж 400 саяыг босгох юм? Эхний энэ босгыг давж чадах уу? Чи сая санхүүгийн зохицуулах хорооноос зөвлөгөө авсан гээд байсан. Тэгээд энэ асуудлаар чамд ямар зөвлөгөө өгсөн юм бэ?

Засаг Даргын орлогч Ц.Буяндалай: Санхүүгийн зохицуулах хороо энэ асуудлыг судалж үзээд үнэхээр улс оронд хэрэгтэй, хүн ардад нэмэр болох юм бол хамаа алга тэр босго автивыг нь 80 хувь биш 50 хувь болгож өөрчилж өгье гэсэн аман тохироог өгсөн байгаа.

Ц.Алтанцэцэг: 2014 оны төсвийг иргэдээс санал авч баталсан. Иргэдээс санал авах үеэр тэдний хамгийн их хэлж гуйж байсан зүйл бол энэхүү хөтөлбөр байсан. Тэр дагуу төлөөлөгчид 15 тэрбум төгрөгийг төсөв суулгаж баталсан. Харамсалтай нь иргэдийн санаачлагаар оруулж ирсэн ажлыг зохион байгуулах журмыг үнэхээр учир дутагдалтай оруулж ирлээ. Чиний яриад байгаа тэр санхүүгийн зохицуулах хороо чинь өөрсдөө ч их учир дутагдалтай газар ш дээ. 15 тэрбум төгрөгийг иргэд зээл хэлбэрээр өгч тэдний амьдрал ахуйг сайжруулахад ажилыг хянах ямар механизм алга.

Засаг Даргын орлогч Ц.Буяндалай: Томоохон судалгаа хийгээгүй нь үнэн. Гэхдээ бид нар интернет болон бас бус юмс, бусад байгууллагуудын зөвлөгөөг авч чадан ядан оруулж ирсэн минь энэ. Биднийг хамгийн их ойлгож дэмжих байгууллага бол санхүүгийн зохицуулах байна гэж найдаж байгаа. Та бүхэн ч бас дэмжээсэй гэж хүсч байна.

Авирмэд: Таны оруулж ирсэн хөтөлбөр тань хоёр өөр зорилготой яваад байх юм. Жижиг бичил бизнес эрхлэгчдийг дэмжих гээд байгаа юм уу эсхүл барьцаалах хөрөнгөггүй ядууст зээл өгч ядуурлаас гаргах гээд байгаа юм уу? Эрсдлийг нь ч яах вэ нийслэл өөрөө үүрч байгаа юм байна гэж ойлголоо?

Нийслэлийн хөдөлмөрийн газрын дарга Н.Тунгалаг: Энэ хөтөлбөр маань бичил бизнес эрхэлдэг эсвэл бичил зээл авах чин хүсэлтэй атлаа санхүүжилт авч чадахгүй байгаа иргэдийг санхүүжүүлэхэд чиглэж байгаа.

Д.Хүрэлбаатар: Одоо манай хотод /Улаанбаатарт/ 360 гаруй хадгаламж зээлийн хоршоо үйл ажиллагаа явуулж байгаа. Тэд нараар дамжуулж наад зээлээ олго. Та нар хороо бүрт шинээр хадгаламж зээлийн хоршоо байгуулж ажиллана гэдэг утгагүй зүйлээ орхи. Дэлхийн банкнаас тогтвортой амжиргаа төслийн хүрээнд сүүлийн жилүүдэд зээл өгөөд явж байгаа. Тэр зээл нэг ч төгрөгний эрсдэлгүй явж байгаа. Тэр хүнд хэцүү сорилтуудыг даваад гараад ирсэн ХЗХ-ын чанар үнэхээр сайжирсан, бас туршлагажсан. Тиймээс тэд нараар дамжуулж наад зээлээ явуулах хэрэгтэй.

Ц.Алтанцэцэг: Нийслэл зээл гаргасныхаа төлөө ачаа үүрнэ гэж байхгүй. Нийслэлд аль болох дарамт бага байлгахаар өөрчилж наад төслөө оруулж ирээрэй.

Авирмэд: Аливаа хөтөлбөрийн зорилго тодорхой байх ёстой. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хэн тэндээс ашиг олох нь ч гэсэн тодорхой байх ёстой. Энэ хөтөлбөрийг оруулж ирэхдээ та нар дутуу тулимаг анхны зорилгоосоо тэс өөрөөр оруулж ирсэн байна. Зээлийн хүү нь хэтэрхий өндөр байна. Тэр 15 тэрбум төгрөгөө банк бус санхүүгийн байгууллагуудад 0 хувийн хүүтэйгээр өгөөд харин тэд нараар дамжуулан жилийн 5 хувийн хүүтэйгээр иргэдэд зээлүүлэх ёстой. Хэрвээ ингэхгүйл бол 5 саяаар ажлаа эхэлсэн хүмүүс чинь зээлийн дарамтнаасаа гарч чадахгүй байсаар байгаад дампуурна шүү.

Н.Түвшин: Шинэ санхүүгийн суваг нээвэл хэдэн жилийн дараа иргэдэд асар их дарамт болж хувирна шүү. Тиймээс шинээр ХЗХ байгуулах санааг орхиод одоо үйл ажиллагаа явуулж байгаа ХЗХ-оор дамжуулж зээлээ олгох хэрэгтэй. Хэрвээ шинээр ХЗХ нээчихвэл сарын 1,2 хувийн хүүтэйгээр иргэдэд зээл өгсөн ч үйл ажиллагаагаа явуулж чадахгүй шүү. Харин одоо байгаа ХЗХ-оодоор дамжуулбал жилийн хүү нь нэг оронтой тоонд байхаар бага хүүтэйгээр иргэдэд зээлж болно.

Д.Батбаяр: Хүчээр байгуулсан хоршоод чинь тэр дороо л дампуурна. Тус болох бус нийслэлд харин ч гай удна шүү. Харин цаг хугацааны шалгуурыг давсан туршлагатай ХЗХ-оодоор дамжуулж зээлээ өгвөл эрсдэл багатай үр дүн өндөртэй байна шүү.

Л.Шагдаррагчаа: Буяндалай минь яамаар ч юм бэ дээ. Уул нь бол энэ ажил маш чухал юм байгаа юм. Харин чиний оруулж ирсэн зүйл арай л биш байна. Хуультай зөрчилдөж байна. Бусад дүрэм журамтай ч харшилдаж уначих гээд байхын. Уул нь бид нар энэ ажлыг явуулчихъя. Иргэдийн амжиргааг сайжруулъя л гэж зориод байгаа юм. Тиймээс наад журмаа сайн өөрчил. Одоо байгаа журам чинь, хөтөлбөр чинь зорилтот хүмүүсээ дэмжихын оронд хүчээр байгуулсан ХЗХ-оодынхоо үйл ажиллагааг л дэмжсэн ажил болох гээд байна ш дээ. Тиймээс нэгдсэн хуралдаанд ирэхдээ наад алдаагаа засчихсан байгаарай.

Шийдвэрлэсэн нь: Хорооны хуралд хэлсэн төлөөлөгчдийн саналын дагуу бичил бизнесийг дэмжих хөтөлбөрийг сайжруулах төслийг өөрчлөн засварлаж нэгдсэн хуралдаанд оруулахыг нийт төлөөлөгчид дэмжлээ. Төлөөлөгчид саналаа нэгдсэн хуралдаанд нээлттэй хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)