НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : Нийтийн тээврийг нэг үнийн тарифтай болговол олон давуу талтай

Нийтийн тээврийг нэг үнийн тарифтай болговол олон давуу талтай


- Иргэд хүсч байна уу, хүсээгүй байна уу гэдэг санал асуулга харууллаа-

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд Тэргүүлэгч С.Ононбаяртай ярилцлаа.

-Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэдэд 52 байршилд газар өмчүүлэхээр болсон. Гэтэл зарим хүмүүс дэд бүтэц хөгжөөгүй хэсэгт газар өмчлүүлэх нь буруу, хүмүүс суурьшихгүй гэх юм?

-Энэ газар олголтыг зөв ажил гэж бодож байгаа. Учир нь нийслэлд ирж суурьшаад олон жил болсон хэдий ч газар авч чадаагүй олон иргэн бий. Тиймээс энэ иргэдэд боломжоороо газар олгох нь зөв. Гэхдээ дэд бүтцийн асуудал бий. Цахилгаанаас эхлээд янз бүрийн л асуудал гарч ирнэ. Харин энэ асуудлыг нийслэл шийдэхээр ярилцаж байгаа. Ямартай ч дэд бүтцийг нь шийдье гэсэн үг л дээ. Ингэхдээ хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан газар олгох нь чухал асуудал. Хамгийн гол газар олгох ажлыг ойрын хугацаанд эхлүүлж, хүлээлтийг дуусгах хэрэгтэй байна.

-Хотын дарга газар олгох ажлыг нэн шаардлагатай байгаа иргэдээс эхэлбэл ямар вэ гэсэн саналыг хэлж байсан?

-Энэ асуудал бол зөв асуудал. Газаргүй, айлын хашаанд амьдарч байгаа иргэдийг хэдэн жил амьдарснаар нь зааглаад л үйл ажиллагааг явуулах хэрэгтэй.

-Нийслэл хотыг 2030 он гэхэд жилд таван сая жуулчин хүлээж авдаг болгоно гээд байгаа. Энэ асуудал олны анхаарлыг их татаж, ярих сэдэв болж байна. Энэ талаархи таны бодол ямар байна вэ?

-Мэдээж аялал жуулчлалыг хөгжүүлэх ёстой. Жуулчид ч манай нийслэлийг сонирхож байгаа. Тиймээс энэ ажил бол зөв юм. Аялал жуулчлал хөгжсөнөөр тодорхой хэмжээний хөрөнгө бүрдэнэ. Мөн нийслэлээ сурталчлах томоохон боломж гарах юм. Төлөөлөгчийн хувиар хэлэхэд таван сая жуулчин хүлээн авдаг болох боломж байгаа гэж бодож байна.

-Төлөөлөгч нар улирал тутам тодорхой хэмжээний хөрөнгө авч байгаа, харин тэр хөрөнгийг юунд зарцуулдаг вэ гэсэн мэдээлэл гарч байна?

-Хүмүүс янз бүрээр л ярьдаг. Тойргоос сонгогдсон төлөөлөгчид авдаг тодорхой хэмжээний урамшууллаа тойрогтоо л зарцуулж байгаа байлгүй. Үүнээс илүү нарийн асуудал би мэдэхгүй шүү дээ. Миний хувьд урамшууллаа тойрогтоо л зарцуулдаг.

-Сургууль, цэцэрлэгийн асуудал тулгамдаж байгааг хүн бүр л хэлдэг. Харин сүүлийн үед энэ төрлийн барилгыг Канад технилогиор барья гэж байгаа шүү дээ?

-Энэ асуудлыг сонсч байсан. Гэхдээ Тэргүүлэгчдийн хурлаар орж ирээгүй. Гэхдээ манайх шиг уур амьсгалтай орны хувьд энэ асуудал байж болох юм. Тэр тусмаа чанартай бөгөөд хурдан хугацаанд барих технилоги байвал бид нэвтрүүлэх л ёстой. Ингэхдээ яаралтай хийх шаардлага бий. Сурагчдын амралт эхлээд барилгын ажил хийх 2-3 сар л гардаг. Тиймээс ийм технилогийг оруулахаас татгалзах зүйлгүй.

-Нийтийн тээврийн асуудлыг дэмждэг төлөөлөгчдийн хувьд та ордог. Сүүлийн үед үнээ нэмснээс эхлээд л нийтийн тээврийн салбарт олон асуудал гарч байна. Микро автобусыг үйлчилгээнд явуулахгүй гэснээс үүдээд хүмүүс бухимдаж байгаа. Энэ асуудлын талаархи таны бодлыг сонирхмоор байна л даа?

-Энэ их чухал асуудал. Энэ асуудлын сайн мэдэх учраас Улаанбаатар хотын нийтийн тээврийн сангийн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа. Саяхан “Нийтийн тээврийн хөгжлийн гарц” гэсэн чуулга болсон шүү дээ. Уг чуулганаар нэлээд олон асуудлыг хөндөн ярьсан.

Ер нь 1990-ээд оноос хойш нийтийн тээвэрт томоохон парк шинэчлэл хийгээгүй. Хүн нь л нэмэгдээд байхад нийтийн тээвэр нь байдгаараа л байсан. Автобус оруулж ирсэн хэдий ч тэр нь цаг уурын хөгжил таарахгүй байх жишээтэй. Тэгэхээр энэ олон жилийн хугацаанд тус байгууллага зөвхөн орлогын төлөө л ажиллаж ирсэн гэсэн үг. Түүнээс биш иргэдийг тав тухтай тээвэрлэх вэ гэдэг асуудлаар ярьж байгаагүй.

Харин өнгөрсөн удаагийн чуулганаар сүлжээ тээвэрлэлт, маршрутаа өөрчлье, яаж зохион байгуулалт хийх вэ гэх мэт олон асуудлын талаар ярьсан. Мөн чуулганы үеэр бүх хүн мэнгэ төлөх ёстой гэсэн илтгэлүүдийг тавьж байсан. Дээр нь үнэ тарифын асуудлыг хэрхэх вэ гэдэг асуудал байна. Тэр дундаа нэг үнийн тарифыг ярьж байна.

-Тэр нь юу гэсэн үг вэ?

- Бид автобусанд суугаад явахад өдөрт нь билет гаргая гэсэн үг. Тодруулбал, 5000 төгрөгийн билет аваад, түүгээрээ долоо хоног үйлчлүүлдэг ч юм уу. Энэ мэтээр уян хатан, иргэдэд таатай нөхцлөөр үйлчлэх нь чухал. Мөн сүлжээ маршрутыг боловсронгуй болговол түгжрэл үүсэхгүй байхын дээр орлогын төлөө хөөцөлдөхгүй байх зэрэг олон боломж бүрдэнэ гэж харж байгаа юм.

-Алдагдалтай ажиллаж байгаа учраас орлогын төлөө хөөцөлдөхөөс өөр аргагүй гэдэг?

-Төрөөс өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон оюутнуудад жилдээ 50 гаруй тэрбум төгрөгийн татаас өгдөг юм байна. Харин миний хувьд нэг үнийн тарифтай болгохоос илүүтэй нийтийн тээврийг үнэгүй болгочихвол яасан юм бэ гэсэн асуудлыг оруулахаар бодож байгаа. Хүн сонсоход сонин байж магадгүй л дээ. Мөн бэлэнчлэх сэтгэлгээ орчих вий гэж харж байгаа. Жилдээ 50 гаруй тэрбум төгрөгийн татаас өгч байгаа юм чинь дээр нь нэмээд үнэгүй болгох боломж байна уу гэж хараад байгаа юм. Нийтийн тээвэр нэг хүнтэй байсан ч үйлчлэх л ёстой. Тэгэхээр хувьчлах асуудлыг болохгүй байх гэж бодож байгаа. Харин төр, хувийн хэвшлийн түншлэл л чухал байгаад байгаа юм.

-Шинээр авах автобусны асуудал юу болж байгаа бол?

-20 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байгаа. Гэхдээ бид дотооддоо үйлдвэрлэж байгаа автобусыг дэмжиж байна. Учир нь нэг ч гэсэн зүйлийг эх орондоо үйлдвэрлэж байна гэдэг бол томоохон ололт. Гэхдээ нийлүүлэлт нь гүйцэх үү гэдэг асуудал давхар гарч байгаа юм. Тиймээс томоохон гаднын компаниудын автобусыг урьдчилгаагаар авая гэдэг асуудал ч яригдаж байгаа.

-Нийтийн тээвэр хүрэхгүй байгаа газрын асуудлыг шийдэх талаар ярьж байгаа юу?

-Бага оврын автобусыг явуулая гэж ярьж байгаа. Сүлжээ нь тодорхой болвол орлогын төлөө явахаа ч болино гэж хэлсэн шүү дээ.

-Эдгээрээс гадна сүүлийн үед хогны уутны асуудал олны анхаарлын төвд байна. Гэтэл иргэдээс санал асуулга аваад тараах ажлыг үргэлжлүүлэх боллоо. Гэтэл холбогдох хүмүүсийг бизнесээ аварч үлдлээ гэх зэрэг мэдээлэл цацагдаж байна?

-Энэ асуудлыг олон талаар л ярьж байгаа. Зарим нь 3.5 тэрбум төгрөгөөр цэцэрлэг барих ёстой гэж байхад нөгөө хэсэг нь сая давсан хүн амтай хотод хогны уут тараах ёстой гэх мэт. Гэтэл саяхны санал асуулгаар иргэд шийдвэрээ гаргачихлаа шүү дээ. Энэ бол иргэдийн л асуудал. Иргэд хүсч байна уу, хүсээгүй байна уу гэдэг санал асуулга харууллаа.

-Ер нь нийслэл дахь МАН болон АН-ын бүлгийн хооронд нэлээд маргаан дэгдлээ шүү дээ. Бие биенийхээ ажлыг үгүйсгэж байна. Өөр намын төлөөлллийн хувьд энэ байдлыг хэрхэн харж байна?

-МАН өмнө нь төр барьж байсан. Нийслэл ямар төвшинд байсныг ард түмэн мэдэж байгаа. Газрын наймаанаас эхлээд маш олон асуудал яригдаж байлаа. Харин 2012 ард түмэн сонголтоо хийх гурван намыг сонгосон. Тэр намууд бүлэг байгуулан ажиллаж байна. Мэдээж олон талаас нь өөр өөрсдийнхөө ярьж байгаа зүйлийг хамгаалах гэж шүүмжилж байна л даа. Гэхдээ нэг юм хийж, бүтээн байгуулж байна шүү дээ. Гэхдээ аливаа улстөрд сөрөг хүчин гэж байдаг. Зөв зүйлийг нь дэмжиж буруу зүйлийг нь шүүмжилж байх ёстой. Тиймээс тэр зарчмаар л явж байгаа байх гэж бодож байгаа. Шударга ёс эвслийн бүлгийн хувьд бүтээн байгуулалтыг дэмжин ажиллаж байна. Гэвч болохгүй бүтэхгүй зүйлийг нь ч шүүмжилдэг.

-Тодорхой ажлуудыг хийж байгаа хэдий ч тохижилтоос эхлээд болохгүй байна гэсэн шүүмж байсаар байна. Таны хувьд нэн тулгамдаад байгаа асуудал юу байна вэ?

-Яриад бол асуудал олон. Харин иргэдээ яаж ажилтай, орлоготой болгох вэ гэдэг нь хамгийн эхний асуудал байна. Мөн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ хэрхэн дэмжих вэ гэх мэтээр. Хоногийн хоолоо залгаж байгаа иргэдийн амьжиргааг хэрхэн дээшлүүлэх гэх мэт олон асуудал бий. Тэр бүгдийг шийдэхээр гарц хайж, ярилцаж байна.

-Дээрх асуудлыг шийдэхээр бичил зээлийн санг байгуулсан. Мөн цалингаасаа урьдчилгаа төлж байртай болох боломжийг ч судалж байгаа?

-Бичил зээлийн журмыг хурдхан орж ирээсэй л гэж байгаа. Иргэдийн дунд ч хүлээлт их байна. Саяхан над дээр нэг хүн орж ирж байсан. Хувиараа дээл оёдог, сургалтад сууж байгаагаа хэлж байсан юм.

Харин орон сууцны хувьд хүн бүр л энэ ажлыг хүлээж байгаа. Бидэнд хүсэл байна. Тиймээс бодлогын хувьд дэмжинэ.

-Түргэн үйлчилгээний цэгүүдийн үйл ажиллагаа явуулах журмыг баталсан. Амьжиргаатай хамаатай асуудал хэмээн иргэд нэлээд бухимдалтай хандаж байсан. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?

-1990 оны сүүл үеэс л ТҮЦ ажиллуулах бизнес эхэлсэн. ТҮЦ-ээр бүхий л зүйлсийг зардаг. Нийслэлд 400 гаруй ТҮЦ байгаа гэсэн судалгаа гарсан байна лээ. Тиймээс журам гаргаж үйл ажиллагааг нь дэмжиж байгаа юм. Харин хуулиар зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүнийг л зарах хэрэгтэй. Харин хэтэрхий олширчихвий гэсэн үүднээс тодорхой хязгаар тавьж байгаа юм.

-Иргэд ТҮЦ-ээ батлагдсан загварын дагуу барьсны дараа тухайн байршилж байгаа цэг дээр нь үйл ажиллагаа явуулах болвол яаж зохицуулах юм бэ?

-Зөөх боломжтой загвар гаргаж байгаа. Харин тухайн газарт нь үйл ажиллагаа явуулах бол шилжүүлэн байршуулах байх гэж би ойлгож байгаа.

Г.Баярцэцэг “Нийслэл таймс” сонин

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)