НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨСӨВ САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ХОРООНЫ ХУРАЛДААНЫ БҮРЭН ТЭМДЭГЛЭЛ

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨСӨВ САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ХОРООНЫ ХУРАЛДААНЫ БҮРЭН ТЭМДЭГЛЭЛ

ХЭЛЭЛЦСЭН НЬ: 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Хангарьд ордны 14 давхрын Б танхимд 10 цагт хуралдаан эхэлж, 13 цагт дуусав. Хуралд төлөөлөгч Л.Шагдаррагчаа, Д.Хүрэлбаатар, Ц.Энхцэнгэл, Ц.Баатархүү, Б.Саранчимэг, Л.Нарантуяа, Ц.Алтанцэцэг, Т.Гантөмөр, НИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Энхболд, Зохион байгуулалтын хэлтсийн дарга М.Халтар оролцож, хурал зохион байгуулагч Г.Соёл-Эрдэнэ, С.Будрагчаа, Уянга нар байлцав. Хуралдаанаар “Авто цогцолбор барьж байгуулах зарим ажлын тухай” асуудлыг хэлэлцлээ.

СОНССОН НЬ: Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр танилцуулгыг хийлээ.

Засаг даргын орлогч Н.Гантөмөр: Улаанбаатар хотод автомашин, техник, сэлбэгийн худалдаа эрхэлдэг томоохон 9 зах нийт 25 орчим га талбайд ойролцоогоор 7000 автомашины худалдаа эрхэлдэг байна. Үүнээс гадна Улаанбаатар хотод нийт 26 цэгт 1000 орчим суудлын автомашин, 8 цэгт хүнд даацын 200 гаруй автомашины худалдаа эрхэлдэг газар тус тус байна. Эдгээр нь тухайн орчин тойрондоо болон хотын хэмжээнд хөрсний бохирдол, авто замын түгжрэл зэрэг тулгамдсан асуудлуудыг бий болгож байна.

Энэхүү асуудлыг шийдвэрлэх үүднээс хотын захиргаанаас анхаарал хандуулж Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 сарын 11-ний өдрийн А/936 тоот захирамжаар авто машин, сэлбэг хэрэгслийн нэгдсэн төв “Авто худалдааны цогцолбор”-ын зориулалтаар СХД -ийн 32-р хорооны нутаг дэвсгэрт 130.0 га газрыг олгоод байна.

“Авто худалдааны цогцолбор”-ын ерөнхий төлөвлөгөө хийгдэж байгаа бөгөөд төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Төлөвлөлтийн дагуу сэлбэг, хэрэгслийн 285 павилон бүхий худалдаа үйлчилгээний барилгууд, 11324 авто машины бага оврын суудлын болон жийп машины худалдаа, 1191 ширхэг том оврын автобус, хүнд даацын авто машин худалдаа эрхлэх талбай байна.

Эдгээрээс гадна нийт авто худалдааны цогцолборын төлөвлөлтийн талбайд авто эскпо явагдах цогцолборын 1 барилга, үйлчилгээ, оффисын 14 барилга, 42 км авто зам, 8.7 га талбайд явган хүний зам, 1438 авто машины үйлчлүүлэгчдийн зогсоол, 36.7 га талбайд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, 4.4га талбайд авто машины туршилтын талбай тус тус байхаар төлөвлөсөн.

Эхний ээлжинд авто машины худалдааны ил талбайг бүтээн байгуулж ашиглалтад оруулж авто машины худалдаа эрхлэгчдэд борлуулах ажлыг зохион байгуулна.

Дараагийн ээлжинд худалдааны талбайг борлуулснаас олох нийт ашиг болох 36,283 тэрбум төгрөгөөр явган хүний зам, үйлчлүүлэгчдийн зогсоол, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, авто машины туршилтын талбайг байгуулна.

Мөн авто экспо явагдах цогцолборын барилга, оффисын барилга зэргийн эдэлбэр газрыг Газрын тухай хуулийн дагуу дуудлага худалдаа зохион байгуулж бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх боломжтой болно. Уг ажлыг 03 дугаар сарын 1-ээс 10 дугаар сарын 01-ний хооронд зохион байгуулах бөгөөд төсвөөс нэг ч төгрөг гаргахгүйгээр хийх юм. тиймээс та бүхэн тогтоолыг төслийг дэмжиж өгнө үү гэв.

Үүний дараа төлөөлөгчид Н.Гантөмөр орлогчоос асуулт асууж, хариулт авлаа.

Төлөөлөгч Ц.Баатархүү: Хугацаа чинь арай давчуу байгаа юм биш үү? 10 дугаар сарын 01 гэхэд зогсоол талбай чинь яг бэлэн болж чадах уу? Бүтээн байгуулалтын ажлыг шинээр байгуулсан ОНӨААТҮГ өөрөө зохион байгуулах юм уу эсхүл тендер зарлаж зохион байгуулах юм уу?

Засаг даргын орлогч Н.Гантөмөр: Хугацаагаа нэлээн давчуу тавьж өгсөн гэхдээ аль болох амжуулахаар ажиллана. Тендер зохион байгуулахгүй.

Төлөөлөгч Л.Шагдаррагчаа: Би хэдэн зүйл асууя. Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяагаас асууя. 2014 оны нийслэлийн нийгэм эдийн засгийн зорилт болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд энэ обекттэй холбоотой үг үсэг орсон уу? Мөнгө төгрөг тавьсан зүйл бий юу?

Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа: энэ асуудалтай холбоотой хөрөнгө тусгагдаагүй байгаа.

Төлөөлөгч Л.Шагдаррагчаа: Энд газрын албаныхнаас хэн хэн байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж өгсөн. 2014 оны төлөвлөгөөнд “авто цогцолбор” барьж байгуулах ажилд зарцуулна гэж 130 га газрыг тусгаж өгөөгүй ээ. Энийг газрын албаныхан юу гэж бодож байгаа вэ. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулах уу?

Ерөнхий төлөвлөгөөний газрын дэд дарга Уртнасан: 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байгаа. Л.Шагдаррагчаа даргад холбогдох бичиг баримтыг хүргүүлье.

Л.Шагдаррагчаа: Ерөнхий төлөвлөгөөний газрын нөхдүүдээс асуух зүйл байна. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг та нар яагаад хуралд биш тэргүүлэгчдэд өргөн барьж батлуулж байгаа юм бэ? Хот байгуулалтын тухай хуульд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хийхийн тул холбогдох яамтай тохиролцсоны үндсэн дээр тухайн шатны ИТХ-аар батлуулна гэсэн байхад яагаад та нар хууль зөрчсөн үйлдэл гаргав аа. Түүнчлэн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлах шаардлага гэж бий тэрний зүйл заалтуудыг хангахгүй зүйлийг мэргэжлийн хороогоор нь ч хэлэлцүүлэхгүй батлаж байгаа нь ямар учиртай юм бэ?

Ерөнхий төлөвлөгөөний газрын дэд дарга Уртнасан: Тэргүүлэгчдээр батлуулсан асуудалд хуулийнхан хариу тайлбар өгөх байх.

Төлөөлөгч Л.Шагдаррагчаа: Төрийн сангийн хэлтсээс асууя. Энэ ажлыг хийж хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэр байгаа юу? Эсхүл төсөвт тодотгол хийж асуудлыг шийдвэрлэх юм уу?

Засаг даргын орлогч Н.Гантөмөр: Төсвөөс ямар ч мөнгө авахгүй, тодотгол хийх шаардлагагүй.

Төлөөлөгч Л.Шагдаррагчаа: Ерөөсөө энэ асуудал маань Монгол улсын засаг захиргааны нэгж түүний удирдлагын тухай хуулийг зөрчсөн үйлдэл болсон. Энэ асуудал дээр хуулийнхан байвал хариулт өгөөдөх?

Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Энхболд: Манай захиргаа хуулийн хэлтэс энэ асуудал нь холбогдох хуулийн заалтуудыг зөрчсөн үү гэдэгт анализ хйисэн. УИХ-ын тамгын газраас ч гэсэн энэ асуудлаар асууж тодруулсан. Тэргүүлэгчид хурлын бүрэн эрхэд халдаагүй гэсэн дүгнэлт гарсан. Явж ирсэн жишгийг харахад ч тэр нэгдсэн хуралдаанаар биш, тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэсээр юм билээ. Мөн МУЗЗНТУТХ-ийн 18-р зүйлд заасан эрхийг зөрчөөгүй.

Төлөөлөгчдөөс дараах саналууд гарав.

Төлөөлөгч Л.Шагдаррагчаа: Энэ асуудал нь төсөв төлөвлөгөөнд суугаагүй, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд суугаагүй байна. Элий балай юм шиг мартчихсан асуудал гэнэт хуралд оруулж ирээд шийдэж өг гэж дайрдагаа болих хэрэгтэй. Төлөвлөгдөөгүй ийм асуудлыг төсөв санхүү, эдийн засгийн байнгын хороо дэмжиж явуулж болохгүй. Түүнчлэн хуульзүйн байнгын хороо энэ асуудлыг хэлэлцэж дүгнэлт гаргах ёстой гэж үзэж байна. Ямар дүгнэлт гаргах вэ гэхээр сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд олгосон онцгой бүрэн эрхээр энэ асуудал уг нь шийдэгдэх ёстой байсан. Би яах зүйл заалтаар нь уншиж өгье. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18.1-д сум дүүргийн иргэдийн хуралд дараах онцгой бүрэн эрх хадгалагдаж үлдэнэ. Орон нутгийн өмчийн талаар: 18.1.3.ж-д “орон нутгийн өмчит хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргах, дүрмийг батлах; гээд заачихсан байна. Гэтэл яагаад нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид тухайн шатны хурлын зөвшөөрөлгүйгээр энэ асуудлыг шийдэж дүүргийн иргэдийн хурлын эрхэд халдаж байгаа юм бэ. Хуульзүйн талаас энэ дээр дүгнэлт гаргах ёстой. Мөн тус хуулийн 19-р зүйлийн 19.2-т Хууль тогтоомжид зөвхөн сум, дүүргийн Хуралд олгосон бүрэн эрхийг аймаг, нийслэлийн Хурал тэдгээрийн зөвшөөрөлгүйгээр хэлэлцэн шийдвэрлэхийг хориглоно. Гээд хориглосон заалтыг энд оруулж ирээд байгааг би ойлгохгүй байгаа. Ийм учраас ОНӨААТҮГ байгуулсан тэргүүлэгчдийн шийдвэрийг нэгдсэн хуралдаанаар хүчингүй болгох шаардлагатай гэж үзэж байна. Түүнчлэн тэргүүлэгчдийн хурлаар санхүүгийн эх үүсвэр тодорхойгүй, хөрөнгө оруулалт газрын төлөвлөгөөнд тусгагдаагүй, ерөнхий төлөвлөгөө нь батлагдаагүй ийм асуудлын талаар шийдвэр гаргасан байна лээ. Ийм асуудалд нь бүр хориг тавих хэрэгтэй юм ш дээ. Хэрвээ энэ асуудлыг нь бид дэмжээд явуулбал тун удахгүй төсөвт тодотгол хийж хорин хэдэн тэрбум төгрөгийн зохицуулалт хий гэсэн юм ороод ирнэ шүү. Тэрийг нь бас зохицуулаад өгөхөөр тендер зарлаад төр өөрөө бизнес хийх нь л дээ. Ийм ийм шалтгаан байгаа учраас авто зогсоол байгуулах шийдвэр гаргасан тэргүүлэгчдийн хурлын шийдвэрийг тус хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т заасны дагуу “Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно. Гэсний дагуу хүчингүй болгох шаардлагатай гэж үзэж байна. Ийм шалтгаан байгаа учраас төсөв санхүү, эдийн засгийн байнгын хороо энэ асуудлыг дэмжсэн шийдвэр гаргаж болохгүй ээ. Миний хувьд авто худалдааны нэгдсэн төвийг байгуулах асуудлыг зарчмын хувьд бол дэмжиж байгаа. Гэхдээ энэ ажлаа ном журмынх нь дагуу л явуулахыг шаардаад байгаа юм. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шаардлага гэж бий. Энэ шаардлагыг тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцсэн эсэхийг би мэдэхгүй байна. Би оруулж ирсэн төслийг нь харахнээ дээрээс нь харсан харагдах, харагдахгүй зураг хажууд нь хэдэн га гэсэн газрын хэмжээс бүхий юм л байна лээ. Ер нь тэр төсөл нь ямар хуулийг зөрчсөн тухай заалтыг нь би уншиж өгье. Хот байгуулалтын тухай хуулийн 8-р зүйлийн 8.1.1.хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хот, тосгоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж  батлах; гээд заачихсан байхад яагаад нэгдсэн хурлаар биш тэргүүлэгчдээр батлуулсныг би хувьдаа ойлгохгүй байгаа. Мөн тус хуулийн 12.5Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь тухайн хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд үндэслэсэн дүүрэг, хороолол, бичил хороолол, талбайн өндөржилт, зай хэмжээ, инженерийн шугам сүлжээний шийдэл, ногоон байгууламж, орчны тохижилтын төлөвлөлтийн норм ба дүрмийн шаардлагыг хангасан, иргэдийн оролцоотой төлөвлөгдсөн байна.  Гээд заачихсан байгаа. Гэтэл иргэдийн оролцоотойгоор хэлэлцүүлсэн нь хаана байна. Ер нь норм дүрмийг хангасан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсан эсэх нь ч тодорхойгүй байгаа. 12.6.Хот, тосгоныг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө нь тухайн хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу боловсруулсан зураг төслийг хэрэгжүүлэх техник, эдийн засгийн үндэслэлийг тооцож, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг тодорхойлсон байх бөгөөд холбогдох норм ба дүрэм, журамд заасны дагуу дараахь асуудлыг тооцон төлөвлөнө гээд шаардлага тавьчихсан байгаа ш дээ. Энэ шаардлагыг хангасан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлаагүй гэж би хувьдаа үзэж байгаа. Энэ асуудлыг манай хороогоор авч хэлэлцэх ёстой байсан. Гэтэл тэгээгүй. Ийм олон зөрчил байгаа учраас Н.Гантөмөр орлогчийг уг асуудлыг нэгдсэн хуралдаанд орохоос өмнө Засаг даргатайгаа зөвшилцсөний үндсэн дээр татаж аваач ээ гэж хүсч байна. Төсөв санхүү, эдийн засгийн хороо ч гэсэн ийм тооцоо судалгаагүй, олон олон хууль зөрчсөн асуудлыг дэмжихгүй гэсэн шийдвэрийг гаргах ёстой гэсэн саналыг оруулж байна. Одоо байтлаа иргэдийг төлөөлж суугаа гол хуралдаанд онц чухал ач холбогдолгүй, тэргүүлэгчдийн гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангах дотоод журмыг оруулж ирж байгааг бид бүхэн хүлээн зөвшөөрч бүрч болохгүй. Төр өөрөө аж ахуйн үйл ажиллагаанд оролцож болохгүй гэсэн зарчмын хатуу байр суурьтай байгаа. Миний санал энэ хуралдаан дээр цөөнх болсон тохиолдолд миний гаргасан саналаар нэгдсэн хуралдаан дээр миний саналын дагуу санал хураалгана гэсэндүгнэлтийг оруулж өгөхийг хуралдаан даргалагчаас хүсч байна.

ШИЙДВЭРЛЭСЭН НЬ: Хуралдаанд орсон төлөөлөгчид Автохудалдааны цогцолбор барих асуудлыг зарчмын хувьд дэмжлээ. Тодорхой саналтай төлөөлөгчид саналаа нэгдсэн хуралдаанд нээлттэй хэлэлцүүлэхээр тогтлоо.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)