НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : С.Ононбаяр: Нийтийн тээврийнхээ үйлчилгээг сайжруулаарай

С.Ононбаяр: Нийтийн тээврийнхээ үйлчилгээг сайжруулаарай


Өнөөдөр буюу 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 10 цагаас Хангарьд ордонд НИТХ-ын ээлжит 13 дугаар хуралдаан эхэллээ. Хуралдаанаар:

1. Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс зам ашигласны төлбөр авах журам, төлбөрийн хэмжээг тогтоох тухай

2. Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилтын хэрэгжилт, нийслэлийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтыг батлах тухай

3. Нийслэлийн өмчөөс 2014 онд хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай

4. Нийслэлийн өмчөөс 2007-2010 онуудад хувьчлагдах аж ахуйн нэгж, барилга байгууламжийн жагсаалтад орж батлагдсан зарим аж ахуйн нэгж, барилга байгууламжийг хувьчлалын жагсаалтаас хасах тухай

5. Орон нутгийн өмчийн концессийн зүйлийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай

6. Нийслэлийн 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай

7. Нийслэлийн 2014 оны төсөв батлах тухай  асуудлуудыг хэлэлцэж байна.

Үдээс өмнөх хуралдаанаар төлөөлөгчид Засаг дарга, түүний орлогч харьяа газруудын дарга нараас хэлэлцэх асуудалтай холбоотой асуулт хариултуудыг асууж хариулт авсаар байна. Энэ жилийн төсвийн тодотголын гол онцлогийн талаар нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хэлэхдээ: Энэ жил бид бүхэн таван маш том ажлыг хийхээр болсон. Үүний тулд бид бүхэн ухаалаг хот бий болгох зорилтыг тавиад байгаа. Ухаалаг хот ажлын хүрээнд гэр хорооллыг бүхэлд нь утасгүй интернетийн бүс болгоно. Энэхүү суурь баазан дээрээ тулгуурлан хотын захиргааны бүтэц зохион байгуулалтанд эрс өөрчлөлт оруулж, иргэд хотын захиргааны ажилтнаас бичиг цаас авахаар хөөцөлдөж байхын оронд гэрээсээ интернетээр холбогдох бүхий л шаардлагатай мэдээлэл авах, тэр бүү хэл тендерт оролцох боломжтой болно гэдгийг онцолсон юм. Мөн хороо бүрт дунджаар 200-300 сая төгрөгийн сан бүхий бичил зээлийн санг бий болгож хороодын иргэд бичил бизнесээ санхүүжүүлэх эх үүсвэртэй болно гэдгийг мэдэгдлээ. Бичил зээлийн нэг онцлог нь тус зээлийг олгох, зарцуулах асуудлыг хорооны дарга нь бус харин хорооны иргэд өөрсдөө мэдэж өөрсдөө хяналт тавина гэдгээрээ онцлог юм байна. Мөн тэрээр хотын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах ажлуудыг хийнэ гэдгээ мэдэгдсэн юм.

Мөн хотын дарга болон холбогдох албаны хүмүүсээс НИТХ-ын төлөөлөгч С.Ононбаяр дараах асуултуудыг асуусан юм. Хотын даргаа таны оруулж ирсэн төсөв дотор улаанбаатар хотын автобус баазны автобусанд граж хийхийн тулд 8 тэрбум гаруй төгрөгийг зарцуулна гэсэн байна. Би өөрөө нийтийн тээврийн хэрэгслээр байнга үйлчлүүлдэг иргэний хувьд дараах асуудлыг тавимаар байна. Та бүхний дунд тэр тусмаа дарга нарын дунд нийтийн тээврийн хэрэгслээр ядаж нэг удаа зорчдог хүн байхгүй учраас мэдэхгүй байх. Өвлийн улиралд нийтийн тээврийн автобусууд маш хүйтэн байдаг. Дээр нь асар их хүнтэй шахцаалдаантай, хулгайч олонтой зэрэг олон асуудал бий. Түүнчлэн автобуснууд нь зорчигчдийг урагш нь шахахын тулд автобусны буудал болгон дээр огцом тоормослох, кондукторууд нь хэл амаар доромжлох зэрэг зохисгүй үйлдэл гаргасаар байхад энэ бүхнийг засч залруулах иргэдэд үйлчлэх үйлчилгээг нь сайжруулахад мөнгө тавиагүй атлаа граж гэсэн тодорхойлолтоор их мөнгө оруулжээ. Энэ мөнгөнөөсөө нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах ажлыг хийх үү? Мөн өнгөрсөн жил иргэдэд ахуйн хэрэглээний зориулалтаар маш их газар олголт явуулах тогтоолыг гаргуулсан атлаа өнөөдрийг хүртэл хэрэгжүүлэхгүй байна. Газар авах хүсэлтээ гаргаад жил гаруй хугацаанд хүлээж буй иргэдийн хүсэлтийг хэзээ биелүүлэхээ хэлээч гэсэн юм.

Хотын дарга: Нийтийн тээврийн үйлчилгээг цогц арга хэмжээ иргэдэд хүртээмжтэй, үр нөлөөтэй болгох ажлыг бид бүхэн цааш цаашдаа хийнэ. Газар олголт хийх тогтоол гарсан хэдий ч тэр газарт нь хэрхэн олгох талаар зураг төсөл нь хийгдэж байгаа. Удахгүй олгож дуусна. Харин зөвшөөрөлгүйгээр хашаа хатгаж гэрээ барьсан иргэдийг албадан нүүлгэж газар чөлөөлнө гэдгээ алба ёсоор хэлье гэсэн юм.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)