НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : Нийслэлийн 2013 оны төсвийн тодотголыг хийлээ

Нийслэлийн 2013 оны төсвийн тодотголыг хийлээ


Өнөөдөр буюу 2013 оны 11 дүгээр сарын 14-нд НИТХ-ын ээлжит бус чуулган боллоо. Чуулганаар Нийслэлийн 2013 оны төсвийн тодотголыг хэлэлцсэн юм. Төсвийн тодотголын танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа хийлээ.

Засаг даргын орлогч Н.Батаа: Монгол Улсын Их Хурал 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын 2013 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэн баталлаа.

Монгол Улсын 2013 оны төсвийн тодотгол батлагдсанаар нийслэлийн төсөвт дараах өөрчлөлтүүд орж байна.

1. Сангийн яамнаас Монгол Улсын 2013 оны төсвийн тодотголын төслийг боловсруулахдаа нийслэлийн төсвийн суурь орлогын дүнг 11,7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төлөвлөж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Дээрх орлогын нэмэгдэлийн дүнгээс хамаарч нийслэлээс Улсын төсөвт төвлөрүүлэх хөрөнгө 11,7 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 2013 онд 15,3 тэрбум төгрөг нийслэлээс Улсын төсөвт төвлөрүүлэх болж байна

2. Монгол Улсын 2013 оны төсвийн орлогын биелэлтийн дүнгээс хамаарч орон нутгийн хөгжпийн нэгдсэн сангаас нийслэлийн хөгжлийн санд шилжүүлэх орлогын хэмжээ 6,5 тэрбум төгрөгөөр бууруулж, 35,0 тэрбум төгрөг болгохоор мөн Улсын Их Хурлаас баталлаа. Дээрх орон нутгийн хөгжпийн сангийн шилжүүлгийн өөрчлөлтөөс хамаарч нийслэлийн орон нутгийн хөгжпийн сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын хэмжээ 2,6 тэрбум, дүүргүүдийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын хэмжээ 3,9 тэрбум төгрөгөөр буурах болж байна.

3 Монгол Улсын 2013 оны төсөвт гадаадын зээлийн эх үүсвэрээр дамжин хэрэгжихээр батлагдсан Яармагийн гүүрийг хос болгох, хуучин гүүрийг засварлах, Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын төслийн нийт 25,1 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээ бүрэн хасагдсан байна.

4 Улсын тусгай шилжүүлгээр санхүүждэг нийслэлийн боловсролын салбарын 2013 оны төсөв 203,4 тэрбум төгрөг батлагдсанаас хүлээгдэж буй гүйцэтгэлээр 218,5 тэрбум төгрөг гарч 15,4 тэрбум төгрөг дутагдах тооцоо судалгаа гарсан бөгөөд 09 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр цалин хөлс, НДШ болон тогтмол зардалд нийт 3,4 тэрбум төгрөгийн өртэй байна.

Нийслэлийн боловсролын байгууллагууд өртэй байгаа хэдий ч нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн төсвөөс 1,4 тэрбум төгрөгийг хасахаар Улсын Их Хурлаас баталсан байна.

Нийслэлийн төсвийн орлого, урсгал зардалд дараах өөрчлөлтүүдийгоруулахаар төсвийн тодотголын төсөлд тусгалаа.

Нийслэлийн Өмчийн Харилцааны газар газрын дуудлага худалдааны орлогоос төвлөрөөд буй 6 тэрбум 500 сая төгрөгийг нийслэлийн газрын төлбөрийн орлого дээр нэмж тусгахаар,

- Ус, рашааны төлбөрийн хэмжээ өөрчлөгдсөнтэй холбогдуулан нийслэлийн ус, рашааны төлбөрийн орлогыг 6.4 тэрбум төгрөгөөр бууруулж, цалин хөлс, үл хөдлөх хөрөнгө, хүү торгуулийн орлогын хэмжээг 6,4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр,

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэр гарсан инженерийн шугам сүлжээний өвөлжилтийн бэлтгэлийг хангах, Монгол наадам цогцолборын үйл ажиллагааны зардлыг төсвийн төсөлд тусгалаа.

2013 онд бүрэн бүтэц орон тоогоор ажиллаагүй нийслэлийн харьяа 6 байгууллагын урсгал зардлыг 417.7 сая төгрөгөөр бууруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 9/37 дугаар тогтоолоор баталсан “Улаанбаатар - Орон сууц сан” - д 5.0 тэрбум төгрөгийг, шинээр байгуулагдаж буй Ахмадын Орон сууц НӨҮГ - ийн эхний үеийн шаардагдах зардлыг төсөвт нэмж, Улсын тусгай шилжүүлгээр санхүүжиж буй дүүргүүдийн боловсрол, соёлын байгууллагуудын хэмнэгдэж буй зардлыг, өртэй болон дутагдаж буй дүүргүүдэд шилжүүлэх төсвийн зохицуулалтуудыг төсвийн төсөлд тусгалаа. 

Орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлгийн бууралтаас хамаарч нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хэмжээ 2,6 тэрбум, дүүргүүдийн хөгжпийн сангийн хэмжээ 302,9 - 694,6 сая төгрөгөөр буурч байна. Дээрх төсвийн тодотголын өөрчлөлт хийснээр:

Нийслэлийн төсвийн орлого 440,5 тэрбум төгрөг байсан бол 446,7 тэрбум төгрөг,

- Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө 41,5 тэрбум төгрөг байсан бол 35,0 тэрбум төгрөг,

- Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ 233,1 тэрбум төгрөг байсан бол 222,6 тэрбум төгрөг,

- Урсгал зардлын хэмжээ 257,1 тэрбум байсан бол 261,9 тэрбум төгрөг,

- Улсын тусгай шилжүүлгийн хэмжээ 223,7 тэрбум байсан бол 222,4 тэрбум төгрөг,

- Улсад төвлөрүүлэх орлого 3,6 тэрбум төгрөг байсан бол 15,3 тэрбум төгрөг болж тус тус өөрчлөгдлөө. Иймд төсвийн тодотголыг хэлэлцэж ээлжит бус чуулганаар баталж өгнө үү гэв.

Үүний дараа НИТХ-ын байнгын хороодын дүгнэлтүүдийг хорооны дарга нар, намын бүлгийн ахлагч нар уншиж танилцууллаа. Нийслэлийн 2013 оны төсвийн тодотголтой холбоотой “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ийн бүлгийн шийдвэрийг тус бүлгийн ахлагч Н.Баяраа уншиж танилцууллаа.

Н.Баяраа: НИТХ дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ийн бүлгийн шийдвэр

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ийн бүлэг 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “Нийслэлийн 2013 оны төсвийн тодотгол”-ын асуудлаар хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа.

  1. Тус бүлэг “Нийслэлийн 2013 оны төсвийн тодотгол”-ыг НИТХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
  2. Төсвийн тодотголыг хийхдээ:

· Нийгмийн обект буюу сургууль, бага сургууль, цэцэрлэгийн төслүүд, инженерийн шугам сүлжээтэй холбоотой төлөвлөгдсөн ажлыг төсвийн тодотголоор хасах нь буруу гэж үзэж байна.

· Нийслэлийн татварын орлогыг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэх

· Нийслэлийн төр

· захиргаа, нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын урсгал зардлыг хэмнэх

· Нийслэлийн удирдлага бүтцийн өөрчлөлт хийх замаар зардал төсөв хэмнэх

· Нийслэлийн харьяа газруудыг хувьчлах, төрийн үүрэг функцийг ТББ, хувийн хэвшилд шилжүүлэх замаар төсвийн хэмнэлт гаргах чиглэлээр хасагдсан эх үүсвэрийг нөхөх авах шаардлагатай гэж үзэж байна.

  1. Бүлгийн шийдвэрийг төлөөлөгчдөөр санал хураалгаж өгнө үү. Ахлагч Н.Баяраа. хэмээн уншиж танилцуулсны төсвийн тодотголтой холбоотой асуулт хариултууд хөвөрсөн бөгөөд төсвийн тодотголтой холбоотойгоор гаргасан Л.Шагдаррагчаа төлөөлөгчийн саналыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Л.Шагдаррагчаа: За би гормын шинж чанартай, хурлын үйл ажиллагаатай холбоотой, хурлын дэгтэй холбоотой хэдэн асуудлыг яримаар байна. Бат-Үүл дарга, Баттулга дарга хоёр хоюулаа иргэдийн хурлын төлөөлөгч. Та хоёр одоо ингээд л нэгдсэн хуралдаан дээр орж ирж хэдэн юм хэлчихээд нэг шийдвэр гаргуулж авчихаад л явчих юм. Та нар тэр байнгын хороонуудын хуралд иргэдийн төлөөлөгчийнхөө хувьд оролцож байгаач. Тэр ажлын хорооны хурал дээр төсвийн тодотгол болон нийслэлийн ажил амьдралтай холбоотой нарийн нандин юмнууд их яригддаг ш дээ. Нэгдсэн хуралдаан дээр тийм нарийн ширийн юм яригддаггүй ш дээ. Тиймээс энийг анхаарч цаашдаа хороодын хуралдаа сууж байхыг хүсье. Хоёрдугаарт нь хурлын дэгтэй холбоотой хүний дургүйг хүргэсэн зүйл хэлье. Нийслэлийн засаг даргын өргөн барьсан тодотголыг өнөөдөр хэлэлцэж байна л даа. Тодотгол хийхээс ч өөр аргагүй. Оруулж ирсэн юмнуудыг нь төлөөлөгчид хэлэлцээд батлах байх. Бид нар хоёрч байнгын хорооны хуралд нь оролцоод санал дүгнэлтээ хүргүүлчихсэн болохоор энэ чуулган дээр элдвийн юм ярьж цаг бармааргүй байна. Нийслэлийн засаг дарга удирдлагынхаа зөвлөлөөр хэлэлцээд нийслэлийн ИТХ-ын чуулганд оруулаад ирсэн юман дээр нийслэлийн засаг даргын шууд удирдлаганд байдаг орлогч нар, харьяа газрын дарга нар орж ирээд оруулж ирсэн юмнаасаа өөрсдөө юм асуугаад байх юм. /төлөөлөгч нар инээлдэв/ Дараа нь ярих дараалал болохоор өөрснөө юм яриад байх юм. Тэд нар НИТХ-ын төлөөлөгчдийн хувьд хэлэх эрх нь нээлттэй л дээ. Гэхдээ тэдний энэ үйлдлээс нь юу гэж ойлгож байна вэ гэхээр эрхэм орлогч нар өөрсдийнхөө оруулж ирсэн зүйлээ ойлгохгүй асуугаад ч байгаа юм шиг. /төлөөлөгчид инээлдэв/ эсвэл өөрсдийн оруулж ирсэн зүйлээ өөрсдөө шүүмжлээд ч байгаа юм шиг. Эсвэл оруулж ирсэн зүйл дээрээ юм нэмүүлэх хүсэлт тавиад ч байгаа юм шиг. /төлөөлөгчид инээлдэв/ цаашид ийм байдлаар нийслэлийн дарга орлогч нар ажилламааргүй л байна шүү. Энэ нь юуг харуулж байна гэхээр тогтоох байгууллага гүйцэтгэх байгууллага хоёр нь дотроо ороод холилдчихсон одоогийн УИХ, засгийн газар шиг ард иргэдэд их муухай харагдаж эхэллээ. Энийг та бүхэн цаашид анхаарч өгөөч ээ гэж хэлмээр байна. Төслийн тодогтголыг хэлэлцэж батлах нь зүйтэй. Гэхдээ цаашид тодотголыг хийх болвол хамгийн хялбар арга буюу баталсан төслүүдээ танах маягаар хиймээргүй байна. Тун удахгүй 2014 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ. Иймээс учраас зориуд хурлын дарга хүсэлт тавьж байна. 2014 оны төсвийн төлөвлөгөө, ялангуяа хөрөнгө оруулалтын урьдчилсан төлөвлөгөөг чуулганаас өмнө маш тодорхой болгож 20-ны дотор ирүүлээрэй гэж хүсч байна. Төсвийн урьдчилсан төлөвлөгөөг бид бүхэн бүх хороодоор маш нарийн хэлэлцэж шүүж батлах хэрэгтэй байна. Хэрвээ тэгэхгүй бол өнгөрсөн жил шиг хөнгөн хуумгай хандсан ажил болж ажлын хэрэгжилт нь энэ жилийнх шиг маш сул байж бид өөрсдөө эвгүй байдалд орно шүү гэдгийг анхааруулмаар байна.

Төлөөлөгч Энх-Амгалан: Төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр нийслэлийн бүтэц данхар байна. Ажил үүрэг нь маш их давхацаж байнаа гэсэн зүйл их яригдлаа. Засаг дарга ч гэсэн нийслэлийн бүтэц зохион байгуулалтаа багасгаж засаж цэгцэлнэ гэсэн амлалтыг өглөө. Энэ ажлаа ойрын хугацаанд оруулж ирээрэй. Энэ дагуу шударга ёс эвслээс ч гэсэн албан шийдвэр гаргаж ирүүлсэн байна. Энийгээ сайн анхаараарай.

Төлөөлөгчид төсвийн тодотголтой холбоотой саналаа гаргасны дараа төсвийн тодотголыг батлах тогтоолын төслийг хурлын дарга танилцуулж санал хураалт явууллаа.

Хурлын дарга Д.Баттулга: За хурлын тогтоол батлах ажилдаа орцгооё. Эхлээд хороодын саналыг сонссон байгаа. Нийгмийн бодлогын хороо, экологийн хорооноос санал хураалт авах зүйл байхгүй юм байна. Анхаарах зүйл байна гэж ойлголоо. Хуульзүйн хорооноос санал хураалт байхгүй харин зөвлөмж ирсэн байна. Санхүү эдийн засгийн хорооноос төсөвт хяналт тавих, нийслэлийн төсвийн улирал бүрийн тайланг төсөв санхүүгийн хороо болон аудитын газарт хүргүүлийг үүрэг болгосон байна. Үүнийг протоколоор өгүүлье. 2014 оны төсвийн урьдчилсан мэдээг ирэх мягмар гариг гэхэд гар дээрээ авчихсан байна гэдгийг Батаа дарга хэлсэн. “МАХН-МҮАн-ын шударга ёс эвсэл”-ийн бүлгээс нийгмийн обьект буюу сургууль цэцэрлэгүүд, инженерийн шугам сүлжээтэй холбоотой ажлуудыг хасах нь буруу гэсэн дүгнэлтийг ирүүлсэн байна. Татварын орлогыг сайжруулах боломжийг эрэлхийл гэсэн байна. Энэн дээр тусгай тайлбар өгнөө. Эрэлхийлж байгаа. Засаг дарга, түүний харьяа газруудын урсгал зардлуудыг хэмнэ гэсэн байна. Хэмнэнээ. Сая Батаа дарга болон холбогдох хүмүүс бүтцийн өөрчлөлттэй холбоотой ажлыг хийнэ гэдгээ хэлж байсан. Удирдлагын бүтцийг өөрчлөх замаар зардлаа хэмнэ гэсэн байна. Энэ бас яригдаж байгаа асуудал мөн. Харьяа газруудыг өөрчилж, хувьчил, төсвийн хэмнэлт хий гэсэн байсныг протоколоор холбогдох хүмүүст нь хүргүүлж шийдвэрлүүлнэ. Эн бол санал хурааж тогтоолд хавсаргах санал хараахан биш байна.

Хурлын ажлын албаныхан төлөөлөгчдөөс гарсан санал бүрийг тэмдэглэлээр бичиж холбогдох хүмүүст хүргүүлж биелэлтийг хангуулаарай.

Төлөөлөгчдөөс татварын бодлогыг сайжруулж төсвийн бүрдүүлэлтийг хийх санал их гарсан. Гэтэл газрын албаныхан их хангалтгүй ажиллаж байна. Засаг даргын захирамжаар дуудлага худалдаа зарлалгүйгээр олгогдсон газруудад дуудлага худалдаа явуулах замаар мөнгө босгохыг бид газрын албанд үүрэг болгож байсан. Харамсалтай нь газрын алба үнэхээр хангалтгүй ажилласан байна. Урьдчилсан дүнгээр ийм зарчмаар 200 орчим тэрбум төгрөг босно гэсэн судалгааг мэргэжилтэнгүүд гаргасан байхад газрын албаныхан 20 хүрэхгүй тэрбумыг энэ жил авчирсан байсан. Энэ байдлаараа тус ажил 10 жил ч үргэлжилж магадгүй байна. Иймээс газрын албаныхан шуурхай ажиллахыг үүрэг болгож байна. За ингээд та бүхэндээ 2014 оны төсвийн тодотголын тогтоолыг уншиж танилцуулаад санал хураалтандаа оръё. Энэ их том тогтоол байгаа. НИТХ-ын тогтоол нийслэлийн 2013 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай. Төсвийн тухай хуулийн 34-р зүйлийн 34.2, 64.1.2, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18.1.2 дахь заалт, Монгол улсын төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийг тус тус үндэслэн тогтоох нь: 13 зүйлтэй тогтоолын төслийг сая бидний олонхийн саналаар оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг оруулаад батлах саналтай төлөөлөгчид гараа өргөнө үү. Төлөөлөгчид 100 хувийн саналаар баталлаа.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)