НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : Хороодын хамтарсан хуралдаан боллоо

Хороодын хамтарсан хуралдаан боллоо


Өнөөдөр буюу 2013 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр 10 цагаас НЗДТГ-ын байранд НИТХ-ын Барилга, хот байгуулалт дэд бүтцийн хороо, Хуульзүй төрийн байгуулалтын хорооны хамтарсан хуралдаан боллоо. Хуралдааныг НИТХ-ын төлөөлөгч Л.Шагдаррагчаа даргалж, гишүүдээр төлөөлөгч Д.Батбаяр, Очирбат, Ц.Энхцэнгэл, Ц.Алтанцэцэг, Д.Энхсайхан, Оросоо, С.Үнэн, Д.Бадарсан, Б.Төмөрбаатар нар оролцож, ЗТДГ-аас Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа, Стратеги бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баярбаатар, Санхүү төрийн сангийн дарга Ц.Ганхүү нар байлцав.

Хуралдаанаар Нийслэлийн 2013 оны төсвийн тодотголын асуудлыг хэлэлцсэн юм. Хурлын эхэнд Нийслэлийн засаг даргын орлогч Н.Батаа дараах мэдээллийг хийлээ.

Засаг даргын орлогч Н.Батаа: Монгол Улсын Их Хурал 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын 2013 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэн баталлаа.

Монгол Улсын 2013 оны төсвийн тодотгол батлагдсанаар нийслэлийн төсөвт дараах өөрчлөлтүүд орж байна.

1. Сангийн яамнаас Монгол Улсын 2013 оны төсвийн тодотголын төслийг боловсруулахдаа нийслэлийн төсвийн суурь орлогын дүнг 11,7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төлөвлөж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Дээрх орлогын нэмэгдэлийн дүнгээс хамаарч нийслэлээс Улсын төсөвт төвлөрүүлэх хөрөнгө 11,7 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 2013 онд 15,3 тэрбум төгрөг нийслэлээс Улсын төсөвт төвлөрүүлэх болж байна

2. Монгол Улсын 2013 оны төсвийн орлогын биелэлтийн дүнгээс хамаарч орон нутгийн хөгжпийн нэгдсэн сангаас нийслэлийн хөгжлийн санд шилжүүлэх орлогын хэмжээ 6,5 тэрбум төгрөгөөр бууруулж, 35,0 тэрбум төгрөг болгохоор мөн Улсын Их Хурлаас баталлаа. Дээрх орон нутгийн хөгжпийн сангийн шилжүүлгийн өөрчлөлтөөс хамаарч нийслэлийн орон нутгийн хөгжпийн сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын хэмжээ 2,6 тэрбум, дүүргүүдийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын хэмжээ 3,9 тэрбум төгрөгөөр буурах болж байна.

3 Монгол Улсын 2013 оны төсөвт гадаадын зээлийн эх үүсвэрээр дамжин хэрэгжихээр батлагдсан Яармагийн гүүрийг хос болгох, хуучин гүүрийг засварлах, Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын төслийн нийт 25,1 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээ бүрэн хасагдсан байна.

4 Улсын тусгай шилжүүлгээр санхүүждэг нийслэлийн боловсролын салбарын 2013 оны төсөв 203,4 тэрбум төгрөг батлагдсанаас хүлээгдэж буй гүйцэтгэлээр 218,5 тэрбум төгрөг гарч 15,4 тэрбум төгрөг дутагдах тооцоо судалгаа гарсан бөгөөд 09 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр цалин хөлс, НДШ болон тогтмол зардалд нийт 3,4 тэрбум төгрөгийн өртэй байна.

Нийслэлийн боловсролын байгууллагууд өртэй байгаа хэдий ч нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн төсвөөс 1,4 тэрбум төгрөгийг хасахаар Улсын Их Хурлаас баталсан байна.

Нийслэлийн төсвийн орлого, урсгал зардалд дараах өөрчлөлтүүдийг оруулахаар төсвийн тодотголын төсөлд тусгалаа.

Нийслэлийн Өмчийн Харилцааны газар газрын дуудлага худалдааны орлогоос төвлөрөөд буй 6 тэрбум 500 сая төгрөгийг нийслэлийн газрын төлбөрийн орлого дээр нэмж тусгахаар,

- Ус, рашааны төлбөрийн хэмжээ өөрчлөгдсөнтэй холбогдуулан нийслэлийн ус, рашааны төлбөрийн орлогыг 6.4 тэрбум төгрөгөөр бууруулж, цалин хөлс, үл хөдлөх хөрөнгө, хүү торгуулийн орлогын хэмжээг 6,4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр,

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэр гарсан инженерийн шугам сүлжээний өвөлжилтийн бэлтгэлийг хангах, Монгол наадам цогцолборын үйл ажиллагааны зардлыг төсвийн төсөлд тусгалаа.

2013 онд бүрэн бүтэц орон тоогоор ажиллаагүй нийслэлийн харьяа 6 байгууллагын урсгал зардлыг 417.7 сая төгрөгөөр бууруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 9/37 дугаар тогтоолоор баталсан “Улаанбаатар - Орон сууц сан” - д 5.0 тэрбум төгрөгийг, шинээр байгуулагдаж буй Ахмадын Орон сууц НӨҮГ - ийн эхний үеийн шаардагдах зардлыг төсөвт нэмж, Улсын тусгай шилжүүлгээр санхүүжиж буй дүүргүүдийн боловсрол, соёлын байгууллагуудын хэмнэгдэж буй зардлыг, өртэй болон дутагдаж буй дүүргүүдэд шилжүүлэх төсвийн зохицуулалтуудыг төсвийн төсөлд тусгалаа. Улсын тусгай шилжүүлгийн дүнд орж буй өөрчлөлтийг хүснэгтээр харуулбал:

1. Ерөнхий боловсролын сургууль

/мян.төг/

I

Дүүрэг

2013 он төсөв

Хасагдаж буй зардал

2013 оны төсвийн тодотголын төсөл

1

Баянгол

21 034 986,2

212 219,3

20 822 766,9

2

Баянзүрх

26 776 050,7

387 351,4

26 388 699,3

3

Сүхбаатар

25 201 427,2

157 949,8

25 043 477,4

4

Сонгинохайрхан

22 194 046,4

9 845,3

22 184 201.1

5

Чингэлтэй

14 760 526,4

206 171,9

14 554 354,5

6

Хан-Уул

13 554 465,1

60 460,6

13 494 004,6

7

Налайх

4 938 371,8

46 650.9

4 891 720,9

8

Багануур

4 540 721,6

285 919,0

4 254 802,6

9

Багахангай

691 315,1

40 431,8

650 883,3

Дүн

133 691 910,7

1 407 000,0

132 284 910,8

Орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлгийн бууралтаас хамаарч нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хэмжээ 2,6 тэрбум, дүүргүүдийн хөгжпийн сангийн хэмжээ 302,9 - 694,6 сая төгрөгөөр буурч байна. Орон нутгийн хөгжлийн сангийн хэмжээнд орж буй өөрчлөлтийг хүснэгтээр харуулбал:

Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн өөрчлөлт

/мян төг/

Хот, дүүргийн нэр

Орон нутгийн хөгжпийн сангийн батлагдсан дүн

Эзлэх

хувь

Хасагдах

дун

Тодотгосон

дүн

1

Хотын шууд

16 618 594,5

100

2 606 420,5

14 012 174,0

Хотын дүн

16 618 594,5

100,0

2 606 420,5

14 012 174,0

2

Баянгол

2 879 511,0

11,55

451613,2

2 427 897,8

3

Баянзүрх

4 426 627,0

17,76

694624,1

3 732 002,9

4

Багануур

2 027 067,0

8,13

317919,4

1 709 147,6

5

Багахангай

1 932 770,0

7,75

302996,4

1 629 773,6

6

Налайх

2 072 512,0

8,31

324890,3

1 747 621,7

7

.

Сонгинохайрхан

4 161 874,0

16,70

652908,3

3 508 965,7

8

Сүхбаатар

2 398 290,0

9,62

376106,5

2 022 183,5

9

.

Хан Уул

2 196 780,0

8,81

344438,5

1 852 341,5

10

Чингэлтэй

2 832 669,0

11,36

444134,0

2 388 535,0

Дүүргүүдийн

дүн

24 928 100,0

100.0

3 909 630.7

21 018 469,3

Нийт дүн

41 546 694,5

6 516 051,2

35 030 643,3

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд орж буй өөрчлөлтийг хүснэгтээр тараах материалд оруулсан байгаа.

Дээрх төсвийн тодотголын өөрчлөлт хийснээр:

Нийслэлийн төсвийн орлого 440,5 тэрбум төгрөг байсан бол 446,7 тэрбум төгрөг,

- Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө 41,5 тэрбум төгрөг байсан бол 35,0 тэрбум төгрөг,

- Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ 233,1 тэрбум төгрөг байсан бол 222,6 тэрбум төгрөг,

- Урсгал зардлын хэмжээ 257,1 тэрбум байсан бол 261,9 тэрбум төгрөг,

- Улсын тусгай шилжүүлгийн хэмжээ 223,7 тэрбум байсан бол 222,4 тэрбум төгрөг,

- Улсад төвлөрүүлэх орлого 3,6 тэрбум төгрөг байсан бол 15,3 тэрбум төгрөг болж тус тус өөрчлөгдлөө. Иймд төсвийн тодотголыг хэлэлцэж, саналаа өгнө үү гэв.

Үүний дараа төлөөлөгчид асуулт асууж хариулт авлаа.

Төлөөлөгч Төмөрбаатар: Хотод төсөвлөгдсөн хөрөнгөнөөс хийгдээгүй, тендер нь зарлагдаагүй хэдэн төгрөг үлдсэн бэ? Хийж амжаагүй, ажил нь зогссон хэдэн ажил байгаа вэ?

Засаг даргын орлогч Н.Батаа: Саяын нэрлэсэн 12 ажлыг энэ ондоо хийж огт амжихгүй учраас тодотгосон. Харин үлдсэн 220 тэрбум төгрөгийн ажил хийгдсэн мөн он дамжин хийгдэж байгаа. Нийслэлийн хөрөнгөөр 156 ажлыг хийхээр төсөвлөсөн. Одоо 40 ажил нь 100 хувийн, 20 ажил нь 90-99 хувь, 20 ажил нь 70-89 хувь, 18 ажил нь 50-69 хувийн гүйцэтгэлтэй, 17 ажил 30-49 хувь, 30 ажил 5-29 хувийн гүйцэтгэлтэй, 11 ажил 0 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Тиймээс тэр 0 хувийн гүйцэтгэлтэй ажлуудыг тодотголд оруулж байна. Анх төлөвлөсөн ажлынхаа 93 хувийг ямар нэгэн байдлаар эхлүүлсэн. 7 хувийн ажил нь газар болон бусад техникийн үзүүлэлт байхгүй гэдэг шалтгаанаар хөдлөөгүй учраас тодотгосон.

Төлөөлөгч Оросоо: Газрын дуудлага худалдааны орлогоос 6.5 тэрбум төгрөг нэмэгдэж орж ирж байгаа юм байна. Улаанбаатар орон сууцны санд энэ мөнгөө нэмж тодотгож байгаа юм байна. Энэ мөнгөөр үлдсэн нэг сарын хугацаанд юу хийнэ гээд тусгаж төлөвлөсөн юм бэ? Тэрийгээ тодорхой хэлж өгөхгүй юу.

Бас орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт эрс багассан байна. Орон нутгийг хөгжүүлэх сангаас мөнгө аваагүй хэдий ч гүйцэтгэлээ өндөр үзүүлэлттэй хийсэн гэрээ байгуулсан олон компани байгаа. Манай дүүрэг дээр л гэхэд 2,8 тэрбум төгрөгийн төслөөр гэрээ байгуулаад мөнгөө аваагүй мөртлөө гүйцэтгэлээ хийгээд яваа компаниуд олон бий. Тэр мөнгийг нь ингэхэд яаж олгох вэ? Энийг тайлбарлаад өгөхгүй юу?

Засаг даргын орлогч Н.Батаа: Орон сууцны сангийн тодорхой хувийг газрын төлбөрөөс бүрдүүлнэ гэсэн заалт бий. Энэ 5 тэрбумыг он дуустал зарцуулахгүй. Яах вэ он гарахад ажлаа эхлүүлэхэд шаардлагатай 5 тэрбумын суурь хөрөнгө байж байг гэсэн үүднээс ингэж тодотгосон. Орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг бид нар мэдэж хасаагүй. Дээрээс нэгдсэн төсвөөс таначихсан. Тиймээс ирэх оны хөгжлийн санд тусгах мөнгөнөөс тухайн зөрүүг олгож болох байхаа. Ирэх жилд орон нутгийг хөгжүүлэх санд орох мөнгө энэ жилийнхээс буурахгүй.

Төлөөлөгч Л.Шагдаррагчаа: За би хоёр гурван зарчмын юм асуугаадахъя.

  1. Нийслэлд одоо нөөц хөрөнгө байна уу? Шаардлагатай үед ашиглах
  2. Өнөөдөр зарцуулагдаагүй үлдсэн мөнгөний үлдэгдэл хэд байна вэ? Энийг шууд тоогоор нь хэлчихээч. Байгаа юм уу байхгүй юм уу?
  3. Тодотголыг харж байхад голдуу сургууль цэцэрлэг гэх мэт нийгмийн обектууд хасагдсан байна. Учир жанцан нь юу вэ гэхээр бид нар буруу төлөвлөсөн байхгүй юу? Санхүү төрийн сангийн хэлтэс, Стратеги бодлого төлөвлөлтийн газар биднээр худлаа төлөвлөгөө батлуулсан байна ш дээ. Хэрэгжих бололцоогүй төлөвлөгөө батлуулсан байна гэж ойлгогдож байна. Үүнийхээ төлөө хариуцлага хүлээх юм уу? Үгүй юм уу? Одоо удахгүй 2014 оны төлөвлөгөөг хэлэлцэнэ. Тэр үеэр иймэрхүү юм оруулж ирчихээд тодотгол хийгээд залруулчихна гэх ухааны юм яриад байхгүй юм байгаа биз дээ.
  4. Н.Батаа орлогч, Очирбат орлогч нараас зарчмын юм асуумаар байна. Ирэх оны төсвийг оруулж ирэхдээ та нар зардлыг санхүүжүүлэх биш үр дүнг санхүүжүүлэх юм оруулж ирээч ээ. Онцын ач холбогдолгүй зүйлийн зардлыг санхүүжүүлэх юм байнга оруулж ирэх юм. Тэрийгээ болиод хөгжлийн төлөвлөлтөө мөнгөө сайтар тавиад байнга мөнгө гувшиж байдаг улсын үйлдвэрийн газруудаа хувьчлах юм оруулж ирээч. Бизнесийн үнэр ханхалсан тэр юмнуудаа оруулж ирвэл хурлаар дэмжиж батлахгүй шүү. Өнгөрсөн жил шинэ хурал бүрдсэн учраас дадлага туршлага дутсан байх. Энэ жил харин ийм алдааг давтахгүй шүү.
  5. Н.Батаа даргаа жилийн дундуур хоёр удаа тодотгол хийж байна. Сүүлд 7-р сард хийж байсан. Цаашдаа тодотгол хийхгүйгээр автоматаар зохицуулагддаг нормативд шилжүүлэх хэрэгтэй. Орлого нь хумигдаад эхлэхээр автоматаар төлөвлөсөн зүйлүүд нь хувирч өөрчлөгддөг зарчимд шилжмээр байгаа юм. Ийм зүйлийг хуралд оруулж ирээд батлуулаач ээ.
  6. Жил бүр л нийслэлийн төсвөөс гурваас таван тэрбумыг чангааж зулгаадаг энэ хэдэн харьяа газруудынхаа зардлыг энэ жил дахиад л оруулж ирэх үү? Эдгээр газруудаа хувьчлахгүй юмуу? Хувьцаат компанид шилжүүлэхгүй юм уу? Замбараагүй, үр ашиггүй, асар өндөр урсгал зардал гаргасан төсвөөс мөнгө идээд сууж байдаг газруудынхаа бүтцийн өөрчлөлтийг хамт оруулж ирэх үү?
  7. Бас энэ олон сангуудаа цэгцлээчээ. Орон нутгийн хөгжлийн сан чинь засгийн газрын тусгай сангаар зохицуулагддаг юм байна лээ ш дээ. Тээврийн хөгжлийн сан, Улаанбаатар хөгжлийн сан л гэнэ. Ахмадын орон сууцны ч сан гэнэ үү өөр ямар олон сан байдгийг мэдэхгүй. Бэлээхэн нийслэл хотыг хөгжүүлэх Улаанбаатар сан гэж байхад үүн дээрээ бүхнийг төвлөрүүлэхийн оронд шинээр янз бүрийн сан нээгээд байж болж байгаа юм уу?
  8. Төсвийн шинэ хуулиар дотоод аудиттай байна гээд заачихсан байгаа. Тэр дотоод аудитаа ажиллуулж байгаа юм уу? Тэр дотоод аудитын чинь нэгдсэн тайланг бид нар харж үзсэний үндсэн дээр нарийн сайн нягталж үзэж байж бид нар хянана шүү за эдгээр асуултуудад товчхон товчхон хариулаадах.

Засаг даргын орлогч Н.Батаа: Засаг даргын нөөцөд 1.7 тэрбум байгаа. Үүнээс гамшигт ашиглах нь 1 тэрбум, нөөц хөрөнгө нь 700 сая байгаа. Сая хасагдсан 10 обектын хоёр төсөл нь гудамж төслийн санхүүжилтээр хийгдэхээр болсон. Нийгмийн чиглэлийн 9 обект хасагдаж байгаа нь үнэн. Гэхдээ би нэг зүйлийг хэлэх хэрэгтэй байна. Төлөөлөгч нарыг би муу хэлэх гээгүй юм шүү. 11 дүгээр сарын 25-ны өдөр хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө батлах үеэр яадаг вэ гэхээр төлөөлөгч нь зураг төсөлгүй, газар нь шийдэгдээгүй, ТЭЗҮ нь хийгдээгүй ажлыг гэнэтхэн оруулж ирээд л яралзтал гар өргөөд л баталчихдаг шүү. Тухайлбал Ц.Алтанцэцэг төлөөлөгчөөр жишээ авахад л БГД-ийн 20-р сургууль, 40-р сургуульд өргөтгөл хийнээ гээд мөнгө тусгуулчихсан. Тэгээд тэр ажлыг нь хийлгэе гэтэл зураг ньч байгаагүй, техникийн нөхцөл нь ч байгаагүй. Ингээд зургийг нь хийлгэж хийлгэж техникийн нөхцлөө авах гэсэн чинь нэг сургуульд нь техникийн нөхцөл хийх ямар ч боломж байхгүй гэдэг нь тогтоогдсон. Тийм учраас хасагдсан. 20-р сургуулийн зураг нь одоо нэг юм хийгдээд гараас гарч байгаа. ЧД-т гурван сургууль цэцэрлэг байгуулна гэж мөнгө тусгасан. Гэтэл хийх гэхээр газар байгаагүй. Айлынх нь газрыг чөлөөлөөд барья гэхээр 1м2 газраа нийслэлээс тогтоосон ханшаас хэд дахин давсан өндөр үнэ нэхээд хэвтчихэж байна ш дээ. Нэг ч байшин обект байхгүй нэг муу хоосон хашаагаа 80-90 саяаар үнэлээд гүрийчихэж байна. Тэгэхэд яг хажуу талынх нь СБД-ийнхэн газраа хоёр дахин бага үнээр өгөөд газраа шийдээд сургуулиа бариулж байна ш дээ. Бодит байдал дээр ийм л байгаа.

Засаг даргын орлогч Очирбат: Батаа даргаа түр хүлээж байгаарай. Би Шагдаррагчаа төлөөлөгчийн асуусан зарим нэг асуултанд нь яаралтай хариулчихаад гарах гэсэн юм. Үүл дарга дуудаад байна. Шагдаррагчаа төлөөлөгчидтэй бид санал нэг байгаа. Зарлыг нь санхүүжүүлэх биш үр дүнг нь санхүүжүүлэхээр бид хоёр ч ажлын хэсэг гаргаад явж байгаа. 2014 оны хөгжлийн төлөвлөгөөг зураг төсөл нь гарчихсан газар нь шийдэгдсэн ажлуудыг санхүүжүүлэхээр болсон. Мөн орцыг биш үр дүнг санхүүжүүлэх талыг илүү анхаарч ажиллахаар болсон. Одоо амсах төдий жаахан мөнгө өгдөг жишгийг халж үр дүн гарахуйц төсвийг суулгаж өгдөг болохоор ажиллаж байна.

Засаг даргын орлогч Н.Батаа: За үргэлжлүүлье. Чиг үүргийнхээ дагуу бид хотыг хэвийн үйл ажиллагаатай авч явах ёстой. Байгаа хэдэн төгрөгөө бид бүхэн бүгдийг нь хөрөнгө оруулалтад зарцуулчихвал үйл ажиллагаа доголдоно. Төсвийн тодотголыг жилдээ нэг удаа хийгээд байхад бол болно. Хот маань цаашдаа хөгжихийн тулд ашиггүй аж ахуй нэгжүүдээ хувьчлах, ашигтай болгох арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй. Сангуудыг цэгцлэх тухай асуултанд хариулъя. Манайд хэрэгтэй хэрггүй 20 гаруй сан байсныг цөөлсөөр байгаад 10-аад болгосон. Дүүргүүдэд цөөхөн хэдэн цаастай шууд устгачихаж болохгүй сангууд байгаа. Харин Улаанбаатар сан маань одоо сан байхаа больсон. Харин Улаанбаатар сан гэдэг нэртэй НӨҮГ болж өөрчлөгдсөн. Дотоод аудитыг одоогоор ажиллаж эхлээгүй байгаа. Аудитын газраас түр хүлээж бай гэсэн бичиг ирсэн учраас тамгын газраас хүлээсээр байгаа. Удахгүй байгуулагдах байхаа.

Төлөөлөгч Л.Шагдаррагчаа: Төсвийн тодотгол дотор дотоод аудитид мөнгө тусгасан байна лээ ш дээ.

Засаг даргын орлогч Н.Батаа: Дотоод аудитын мөнгийг төсөвтөө суулгачихсан байгаа.

Төлөөлөгч Д.Батбаяр: Чингис хааны талбайн гэрэлтүүлгийг шинээр сольсон байсан. 3.6 тэрбум төгрөгөөр сольсон гэсэн. Тэр гэрэлтүүлгийг хийх төсөвт өртгийг хэн хаанаас бүрдүүлж гаргасан бэ? Хийсэн ажил нь нийслэлчүүлдийн санаанд огт нийцээгүй үнэхээр ядмаг хоёрын хооронд ажил болсон байсан. Ийм гэрэлтүүлэг хийнэ гэсэн төсөв огт суугаагүй байсан санагдаж байна. Хаанаас тус мөнгийг гаргасныг хэлээд өгөхгүй юу?

Засаг даргын орлогч Н.Батаа: За. Чингисийн талбайн гэрлийг солих ажил нь 13 оны хөрөнгө оруулалтад тусгагдаагүй. Тэгэхдээ яагаад хэрэгжсэн бэ гэхээр нийслэлд өнгөрсөн 4-р сард ардчилсан орнуудын чуулга уулзалт болсон. Тус чуулга уулзалтыг угтаж гэрэлтүүлгийг солих зайлшгүй шаардлагатай байна гэж үзээд орон нутгийн хөгжлийн сангаас гурван тэрбумыг суулгаж санхүүжилтийг шийдсэн. Энэ ажил засгийн газар дээр яригдаж 7-р сард хийсэн тодотголд тусгагдсан байгаа.

Төлөөлөгч Л.Шагдаррагчаа: Та нар тэр их мөнгөөр хийсэн ажлынхаа тайланг нарийн гаргаж байгаа биз. Хяналтын төсвийг гаргасан биз. Нийслэлээс 3 тэрбумыг гаргасны хувьд нийслэлийн өмч ч дагаад гурван тэрбумаар нэмэгдэх ёстой шүү. 1 төгрөгийн ажлыг 10 төгрөгөөр хийж завшаад байна гэж дээрээ яриад байгаа шүү. Тиймээс хүссэн ч хүсээгүй ч та нарын ажлын гүйцэтгэлийг дотоод аудитаар нарийн шалгуулна шүү. Баримт маримтаа бэлдэж байгаарай. Төсөвт суугдаагүй ажлыг засгийн газар дээр яригдсан гэдэг шалтгаанаар оруулж ирээд гаднаас хог шахаад байвал бид нар харин ширүүн ярина шүү.

За ингээд асуулт хариулт дуусаж байх шиг байна. Санал хэлэх хүн байна уу?

Төлөөлөгч Оросоо: Нэг санал байнаа. Орон нутгийн сангийн хөрөнгө оруулалтын ажил, төсвийн сангийн ажлынхаа зааг ялгааг нарийн гаргаж өгөх хэрэгтэй байна. Дүүргүүдэд орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэнэ хэмээн төлөвлөөд мөнгөө тусгаад гэрээгээ хийгээд ажлаа явуулчихсан байхад тодотголоор авчихаад он гарахаар аваарай гээд байж болохгүй байна. Хэрвээ энэ асуудлыг цаашид сайн шийдэхгүй бол иргэдээс та нар яагаад ажлаа хийхгүй байгаа юм. Хийхгүй суусаар байгаад орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг буцаагаад татуулчихлаа ш дээ гэсэн шүүмжлэл гаргах болно. Энэ асуудлаа сайтар шийдээрэй гэсэн саналтай байна. Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг автоматаар 7-10 хувиар танахаасаа өмнө бодитой ажлууд хийхээр төлөвлөж гэрээ хийсэн үү ажил нь явж байгаа юу гэдгийг эхлээд шалгачихаж байгаарай.

Төлөөлөгч Д.Батбаяр: Хотын төсөвт тусгагдсан болон тусгагдаагүй ажлуудын төлөвлөгөөг төлөөлөгч нарт эхлээд танилцуулчихаж байгаарай. Тэгэхгүйгээр гэнэтхэн л их хэмжээний мөнгийг ийм тийм юманд зарцуулчихлаа гээд хачин чанаргүй ажил хийлгэчихдэгээ болиорой.

Төлөөлөгч Ц.Алтанцэцэг: Төсөл оруулж ирж байгаа хүмүүс орлогын эх үүсвэрийг оруулж ирэхгүй байна. Тэгсэн атлаа дандаа зарлагын ажлыг оруулж ирэх цаашид хоюуланг нь оруулж ирж байгаарай.

Шийдвэрлэсэн нь: Хуралд орсон нийт төлөөлөгчид төслийн тодотголыг чуулганд оруулж хэлэлцүүлэх нь зөв гэж үзлээ. Төлөөлөгчдөөс гарсан зарчмын саналуудыг нэгтгэж төсөв санхүүгийн хороо хэлэлцэх үед хавсаргаж оруулахаар тогтлоо. Мөн нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлын гүйцэтгэл болон орон нутгийн хөгжлийн сангаас хийгдсэн ажлуудын дэлгэрэнгүй тайланг төсөв санхүүгийн хорооны хуралд оруулж ирэхийг үүрэг болголоо. Энэ удаагийн төсвийн тодотгол нь гал унтраах зарчмаар хийсэн өнгөний тодотгол болсон тухай нэгдсэн дүгнэлтийг хорооны хурал гарахаас өмнө хүргүүлэхээр тогтлоо.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)