НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : С.Ононбаяр: Хөшөө барьж буулгах асуудлыг дүүрэгт шилжүүлье

С.Ононбаяр: Хөшөө барьж буулгах асуудлыг дүүрэгт шилжүүлье


Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн XIX хуралдаан 2013 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 10 цаг 00 минутанд Хангарьд ордны “А” зааланд эхэлж, хурлыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга даргалж явуулав.

Хуралд Тэргүүлэгч гишүүд: Д.Баттулга, С.Амарсайхан, Р.Дагва, Д.Оросоо, Б.Отгонбаяр, Д.Байдраг, П.Батчимэг, Ш.Одгэрэл, Д.Хүрэлбаатар, С.Ононбаяр нар оролцов. Хурлын ирц 98 хувьтай.

Тэргүүлэгч гишүүн Г.Төмөрбаатар хуралд оролцоогүй болно.

Хуралд Нийслэлийн Ерөнхий Аудитор Ц.Очирбат, Хурлын ажлын албаны Захиргаа хуулийн хэлтсийн дарга Д.Азжаргал, Зохион байгуулалтын хэлтсийн дарга М.Халтар, Хуулийн зөвлөх Б.Алтансоёмбо, Хурлын ажлын албаны ажилтнууд, хэлэлцэх асуудалтай холбогдон байгууллагын дарга, мэргэжилтнүүд оролцлоо.

Д.Баттулга: -Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг танилцууллаа, 5 асуудал хэлэлцэхээр төлөвлөгөө батлагдсан байна. Хэлэлцэх асуудалд:

1. Нийслэлд гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлэх төслийн хэрэгжилтийг хангах ажил зохион байгуулахад баримтлах журам

2. “Монгол наадам цогцолбор”-ын төсөв, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх тухай

3. Орон нутгийн өмчийн хөрөнгийг төрийн өмчид шилжүүлэх тухай /“Орон сууц санхүүжилтийн корпораци” ХХК/

4. Хөшөө босгох тухай /И.Я.Коростовецийн хөшөөг босгох тухай/

5. Баянгол дүүргийн 51-р сургуулийн 40 жилийн ойг тэмдэглэх тухай

Д.Баттулга: Нийт 5 асуудал хэлэлцэхээр байна. Хэлэлцэх асуудлыг батлах уу. Тэргүүлэгчид 100 хувийн саналтайгаар хэлэлцэх асуудлыг баталлаа.

Нэгдүгээр асуудал. Нийслэлд гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлэх төслийн хэрэгжилтийг хангах ажил зохион байгуулахад баримтлах журам

ХЭЛЭЛЦСЭН нь: Хэлэлцэх асуудлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Отгонбаатар танилцууллаа. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн С.Энхжаргал байлцлаа.

Д.Отгонбаатар: -Нийслэлийн Засаг дарга нь Гадаадын зээл тусламжийг зохицуулах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2.-т зааснаар гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлэх төслийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, төсөл хэрэгжүүлэгч, гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавих эрхтэй бөгөөд нийслэлд гадаад, дотоодын зээл, тусламжийн хөрөнгөөр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх санал, санаачлага их гарч байгаа боловч нийслэлийн Засаг дарга хуулиар олгогдсон эрх, үүргийнхээ хүрээнд гадаад, дотоодын зээл, тусламжийг хүлээн авч төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, гэрээ хэлэлцээр байгуулах ажил зохион байгуулах талаар тодорхой журамласан, шаардлага хангасан эрх зүйн акт байхгүй байна.

Аливаа төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд өндөр мэргэжил, ур чадвартай мэргэжилтнүүдийг хувийн хэвшилтэй өрсөлдөхүйц нөхцөлтэйгээр хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах гэрээгээр авч ажиллуулах нь өнөөгийн амьдралд практикаар нотлогдсон тул төрийн байгууллагад ч энэ туршлагыг авч хэрэгжүүлэх нь тулгамдсан асуудал болж байгаа боловч ийм харилцааг тухайлан зохицуулсан эрх зүйн орчин шаардлагатай байна.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 81 дүгээр тогтоолоор “Нийслэлд гадаадын зээл, тусламжийг хэрэгжүүлэх журам”-ыг баталсан боловч энэхүү журмаар төсөл, хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх, төслийн нэгжийг хэрхэн байгуулах, ямар эрх эдэлж үүрэг хүлээх, төслийн нэгжийн бүтэц, зохион байгуулалт, цалин хөлсийг хэрхэн тогтоох талаар ямар ч зохицуулалт байхгүйгээс уг журмыг амьдралд хэрэгжүүлэх боломжгүй, өнөөгийн нийгмийн амьдралын шаардлага хангахгүй байна.

Гадаад, дотоодын зээл, тусламжийн хөрөнгөөр нийслэл бие даан төсөл хэрэгжүүлэх нь нилээн үр дүнтэй, хотын хөгжил, хүн амын амьдралд ач холбогдолтой болох нь ойрын хугацаанд хэрэгжүүлсэн төслүүд харуулж байна. Тухайлал: Гэр хорооллыг дахин төлөвлөх төсөл, Гудамж төсөл, Эрчим хүчний төслүүд гэх мэт.

Ийм учраас нийслэлийн Засаг даргад Гадаадын зээл тусламжийг зохицуулах тухай хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэх, цаашлаад нийслэлийн өнөөгийн амьдралд тулгамдаад байгаа асуудлыг нарийвчлан зохицуулсан “Нийслэлд гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлэх төслийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулахад баримтлах журам”-ын төсөл боловсруулан танилцуулж байна. Энэхүү журмын төсөл нь 5 бүлэг, 15 зүйлтэй. Та бүхэнд тараагдсан байгаа. Уг журмыг хэлэлцэн шийдвэр гаргаж өгнө үү гэв.

Үүний дараа төлөөлөгчид асуулт асууж саналаа хэлсэн юм.

Р.Дагва: -Төслийн захирал орон тооны бус албан тушаалтан байх уу, төслийн удирдах хороо бас орон тооны бус байх уу, ямар үүрэгтэй вэ. Журмынхаа 4.1 дээр байгаа асуудлыг тайлбарлаад өгөөч. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн эрх үүргийг их хязгаарласан байна, энэ талаар тайлбарлаж өгөөч.

Энхжаргал: -Төслийн захирал, төслийн удирдах хороо нь орон тооны бус байна. Төслийн захирал нь төслийн нэгжийг удирдана, өдөр тутмын үйл ажиллагааг нь хангаж, зохион байгуулна. Журмын 3.1.5 дээр энэ талаар бүрэн тусгасан байгаа.

П.Батчимэг: -Энэ журам бол маш хэрэгтэй журам байгаа юм. Урьд мөрдөж байсан журмаас маш ялгаатай байна. Энэ журмыг та нөхөд хэр хугацаанд судлаж боловсруулсан бэ, журман дээрээ огт ажиллаагүй юм шиг байна. Гадаадын зээл тусламжийг дотоодын зээл тусламжтай нийлүүлэх шаардлага байгаа юм уу. Төслийн нэгжийн санхүүжилтийн эх үүсвэрийг хаанаас яаж олгох вэ.

Энхжаргал: -Энэ журмаар дотоодын зээл тусламжыг оруулах ёсгүй, гадаадын зээл тусламжийг оруулъя гэж Удирдлагын зөвлөлийн хурал дээр Засаг дарга чиглэл өгсөн байгаа, засварлаагүй буруу оруулж ирсэн байна.

Д.Отгонбаатар: -Санхүүжилтийн эх үүсвэр нь гадны эх үүсвэр, зээл тусламж, дотоодын төсөвт суулгаж болох байхаа. Манайхан уг журман дээр 2013 оны 07 сараас эхлээд 4 сар гаруй ажиллаж, боловсруулсан.

С.Ононбаяр: -Энэ бол маш чухал журам. Ерөнхийдөө уг журмыг дэмжиж байна. Гэхдээ 4-5 сар боловсруулсан гэхэд маш хангалтгүй боловсруулсан байна. Төслүүд дээр байгууллага гэхээсээ илүү иргэдийг оруулах саналтай байна. Тэргүүлэгчдийн хэлсэн саналыг тусгаад, дахин сайтар боловсруулж оруулж ирэхээр буцаах саналтай байна.

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

Д.Баттулга: -Дээр дурдсан Тэргүүлэгчдийн саналыг тусгаад дахин боловсруулаад оруулж ирж хэлэлцүүлэх саналыг дэмжиж байгаа тэргүүлэгчид гараа өргөнө үү. Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар уг журмыг дахин боловсруулалтад буцаахаар шийдвэрлэсэн. Тэргүүлэгчдээс гаргасан саналуудыг нэгтгэн журманд нэмэлт өөрчлөлт оруулах талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргад протоколоор үүрэг өгөхөөр шийдвэрлэлээ.

Хоёрдугаар асуудал. “Монгол наадам цогцолбор”-ын төсөв, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх тухай

ХЭЛЭЛЦСЭН нь: Хэлэлцэх асуудлыг Нийслэлийн Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Бадрал танилцуулав. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Монгол наадам цогцолборын дарга Д.Цогтбаатар, байгууллагын ажилтнууд байлцав.

Б.Бадрал: -Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ-ын 2013 онд явуулах үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилтийн асуудлыг Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж 162.649.700.0 /нэг зуун жаран хоёр сая зургаан зуун дөчин есөн мянга долоон зуун/ төгрөгийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэхээр Засаг даргаас дэмжүүлэн оруулж ирж байна. Хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү.

Ш.Одгэрэл: -Одоо цаг хүйтэрч байнаа, Монгол наадам цогцолборт ийм их ажилтан хэрэгтэй юу, 14 ажилтан нь өвлийн цагт яг юу хийх вэ.

Д.Бадрал: -Удирдлагын зөвлөлийн хурлаар оруулж хэлэлцүүлээд 14 хүний орон тоотойгоор эхний ээлжинд ажиллуулахаар шийдвэрлэсэн. Өнөөдрийн оруулж ирж байгаа ажилтнууд бол нилээн чухал зайлшгүй орон тоонууд байгаа юм. Орон тоонд багтсан сахиул, үйлчлэгч бол маш чухал шаардлагатай байгаа. Оруулж ирсэн төсөвт суусан байгаа компъютерээс гадна мотоциклийг оруулж ирсэн нь тэр шинээр тавьсан замууд дээрээ машин явуулахгүйгээр ойрын зайнд унаж үйл ажиллагаагаа явуулах зориулалттайгаар төсөвт суулгаж оруулж ирсэн. Цаашид Монгол наадам цогцолборыг жилийн 4 улиралд ажиллуулж, хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна.

Ш.Одгэрэл: -Шинэ тавьсан зам, засварын үйлчилгээг тавьсан газрууд нь засвар үйлчилгээ хийж болохгүй юм уу.

Д.Бадрал: -Хугацаандаа 1 удаа зам засварын ажил, үйлчилгээний ажил хийсэн байгаа.

С.Ононбаяр: -хэдэн асуулт асууя.

1-рт Ийм олон орон тоотой байх шаардлагатай юу үгүй юу, зардлын асуудал маш хүнд байна, Засаг даргын нөөц хөрөнгөнөөс ийм их зардал гаргах хэрэгтэй юу, үгүй юу,

2-рт Нилээд их хөрөнгөөр Хүй долоон хутагт засвар, бүтээн байгуулалтын ажил хийсэн, үүнийг алдчихлаа, эвдүүлчихлээ гээд, нийслэлээс дахиад хөрөнгө гаргах шаардлагатай юу үгүй юу,

3-рт Машин, мотоцикл авна гээд 45,0 сая.төгрөг тавьсан байна, энэ хэр судалгаатай вэ, миний мэдэхийн л мотоцикл 1 сая.гаран төгрөгний үнэтэй байдаг санагдахын,

4-рт Заавал одоо засварын ажил хийх шаардлагатай юу, хүйтний улирал ирж байна.

Д.Цогтбаатар: -Ажлын байр нь хотоос 30 гаран км-ийн зайтай газар байгуулагдана. Тиймээс солонгосын машин авахаар төлөвлөсөн байгаа, мотоциклийн хувьд 1,5 сая.төгрөгөөр авахаар судалсан байгаа. Улсын комисс хүлээж авч, ажиллаагүй, хөрөнгийг хүлээж аваагүй байгаа гэсэн асуулт хариултууд хөвөрсний эцэст тэргүүлэгчид саналаа хэллээ.

Д.Оросоо: -Хэдэн санал хэлье.

1-рт Одоо байгаа алдагдсан хөрөнгө эд хогшлын хохирлыг тогтоож, эзэн холбогдогчыг тогтооё,

2-рт Улсын комисс албан ёсоор хүлээж авах ажлыг зохион байгуулъя.

3-рт Тогтоолын төсөл дээр байгаа зардлыг нөөц хөрөнгөнөөс биш, зардлыг өөрсдөө ямар зардлаас гаргахыг шийдээчээ гэж хэлмээр байна.

С.Ононбаяр: -Хөрөнгийг комисс хүлээж авах ёстой. Оросоо даргын хэлсэн саналтай ижил саналтай байна. 45 сая.төгрөг дээр эсрэг байр суурьтай байна, хулгайд алдсан эд хөрөнгийг хүлээж авсны дараа асуудалд хандмаар байна.

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

Д.Баттулга: -Тогтоолын төсөл дээр ямар санал оруулахыг шийдвэрлье.

1-рт заалтад зардлыг гаргаж, хөрөнгийг төсвийн тодотголд тусгуулахаар ерөнхий заалттай оруулъя. Дэмжиж байгаа тэргүүлэгчид гараа өргөнө үү. Бүгд дэмжлээ.

2-р заалтад Засаг дарга Э.Бат-Үүлд үүрэг даалгавар өгье. Улсын комисс яаралтай ажиллуулж, 11 сарын 15-наас өмнө өмчийг хүлээж авахыг гэж оруулахыг дэмжиж байгаа Тэргүүлэгчид гараа өргөнө үү. Бүгд дэмжлээ.

Дээрх саналуудыг тусган Тогтоолын төслийг батлахыг дэмжиж байгаа тэргүүлэгчид гараа өргөнө үү. Тэргүүлэгчдийн 100 хувийн саналтайгаар уг тогтоолын төсөл дэмжигдэж батлагдлаа.

Гуравдугаар асуудал. Орон нутгийн өмчийн хөрөнгийг төрийн өмчид шилжүүлэх тухай /“Орон сууц санхүүжилтийн корпораци” ХХК/

ХЭЛЭЛЦСЭН нь: Хэлэлцэх асуудлыг Нийслэлийн Засаг даргын Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хариуцсан орлогч С.Очирбат танилцууллаа. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Орон сууц санхүүжилтийн корпорацийн дарга А.Гантулга, Хуулийн хэлтсийн дарга Батбаатар, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн нарийн бичгийн дарга оролцов.

С.Очирбат: -Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 144 дүгээр тогтоолоор батлагдсан “40 000 орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2005 оны 42 тоот тогтоолоор “Хот байгуулалт” төрийн болон орон нутгийн өмчит хувьцаат компанийг байгуулахад шаардагдах дүрмийн сангийн Нийслэлийн өмчийн оролцооны 51 хувийг баталж, Орон сууцны санхүүжилтийн корпорацийн үйл ажиллагааг эхлүүлсэн. “40 000 орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, удирдлага зохион байгуулалт, зээл, санхүүгийн асуудлыг цогцоор шийдвэрлэх үүрэг бүхий “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 200 дугаар тогтоол, Барилга, хот байгуулалтын сайд, Сангийн сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2006 оны 196/ 372/ 567 тоот хамтарсан тушаал, захирамжаар үүсгэн байгуулагдаж, нийт дүрмийн сангийн 51 хувийг Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Сангийн яам 24.5 хувь, Барилга, хот байгуулалтын яам 24.5 хувийг тус тус эзэмшиж байна. Тус байгууллага нь орон нутгийн болон төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэрээр зохион байгуулагдаж, хүн амыг орон сууцаар хангах төрийн бодлого, зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд үл хөдлөх хөрөнгө барьцаалан зээл олгох, санхүүгийн хөрөнгө оруулалт хийх, орон сууц захиалан бариулах, техник хяналт тавих, орон сууцыг хотхон хорооллоор төлөвлөх, барьж ашиглалтанд оруулах, худалдан борлуулах, орон сууцны зориулалт бүхий газар чөлөөлөх зэрэг барилга-санхүүгийн үйл ажиллагааг хосолмол хэлбэрээр үзүүлж байсан. “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК нь 2013 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангаар 108,5 сая төгрөгийн хуримтлагдсан ашигтай ажиллаж, нийт хөрөнгө-168,384,8 сая үүнээс эргэлтийн хөрөнгө-166,787,7 сая, эргэлтийн бус хөрөнгө-1,597,1 сая, нийт өр төлбөр-168,264,8 сая үүнээс богино хугацаат өр-13,175,0 сая, урт хугацаат өр-155,089,8 сая төгрөг байна. Мөн эхний хагас жилийн байдлаар Төрийн албан хаагчдын “4000 орон сууц” төслийн хүрээнд нийт 4200 иргэнд орон сууцны урт хугацаат зээл олгохоос нийт 4552 иргэнд 154,1 тэрбум төгрөгийн орон сууцны урт хугацаат зээл олгосон байна. “4000 орон сууц” төслийн хэрэгжилт 100 хувьтай. Тус байгууллагыг орон нутгийн өмчөөс төрийн өмчид шилжүүлснээр иргэдийг орон сууцанд хамруулах төрийн бодлогыг нэгдсэн журмаар хэрэгжүүлэх боломж бүрдэхээс гадна зээл олгох, санхүүгийн үйлчилгээ үзүүлэх зэрэг хоёрдмол үйл ажиллагааг хязгаарлаж иргэдийг хямд үнэтэй, чанартай орон сууцаар хангах, орон сууц захиалан бариулах чиг үүрэг бүхий үйл ажиллагааг дагнан хэрэгжүүлэх байгууллагыг бий болгоход чиглэгдэж байна. Монгол Улсын Засгийн газраас төрийн орон сууцны талаар баримтлах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааг төвлөрсөн удирдлагаар хангах, төрийн орон сууцны төвлөрсөн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын 2013 оны 253 дугаар тогтоолоор “Төрийн орон сууцны корпораци” (ТОСК) 100 хувь төрийн өмчит улсын үйлдвэрийн газрыг үүсгэн байгуулж, Засгийн газрын 2013 оны 218 дугаар тогтоолоор дүрэм, орон тоог баталж, улсын бүртгэлд бүртгүүлээд байна. Тус тогтоолоор “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК-ийн чиг үүрэг, орон тоо, төсөв, үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг “Төрийн орон сууцны корпораци”-д балансаас балансад шилжүүлэх арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Сангийн сайд Ч.Улаан, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нарт тус тус даалгасан. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3-т “...Орон нутгийн өмчид хамаарах үндсэн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, барьцаалах, шинээр олж авах асуудлыг гагцхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний хуралдааны чөлөөт цагт Хурлын Тэргүүлэгчид шийдвэрлэнэ.” гэж заасан байдгийг үндэслэн уг асуудлыг оруулж ирж байна. Иймд Нийслэлийн Засаг даргаас Орон сууцны санхүүжилтийн корпорацийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өөрт ногдох хэсгийг төрийн өмчид шилжүүлэх талаар зарчмын хувьд дэмжин Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр хэрэгтэй байгаа тул холбогдох шийдвэрийн төслийг өргөн барьж байна. Хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү.

Р.Дагва: -Засгийн газрын тогтоол гарсан, төрийн бодлогийг бид хэрэгжүүлэх үүрэгтэй юм байна, бид шийдвэр гаргаж өгөх ёстой юм байна, сонирхлын чанартай хэдэн асуулт асууя.

1-рт Нийслэлийн өмчийн 51 хувь өөрчлөгдөх үү,

2-рт Өмнөх ОССК зээл олгох хосолмол үйлчилгээ үзүүлдэг байгууллага байсныг ТОСК болгоод иргэдэд зөвхөн хямд үнэтэй орон сууц нийлүүлэх байгууллага болгох гэж байгаан байна. Үйл ажиллагааны ялгаа нь юу вэ,

3-рт Хуучин ОССК-ын чиг үүрэг, эд хөрөнгө бүтэц тэр чигээрээ шилжих үү,

А.Гантулга: -ОССК-н урьд нь хэд хэдэн хөтөлбөрүүд хэрэгжүүлж ирсэн. Байр суурь нь тодорхойгүй ийм байгууллага байсан, ерөнхийдөө орон сууцны асуудал маш чухал учраас Ерөнхий сайдын мэдлийн хүрээнд Засгийн газрын агентлаг байгууллага байгуулахаар баталсан. ТОСК нь зөвхөн орон сууцны байрыг нийлүүлэх тал дээр ажиллана.

Нийслэлийн 51 хувийн өмчийг яах вэ гэж асууж байна, өмч гэж манайд байхгүй бүгд өр байгаа 168 тэрбум төгрөгийн өртэй байгаа. 51 хувийн хөрөнгө хотод үлдэхгүй 100 хувь төрийн өмчид шилжиж байгаа.

С.Ононбаяр: -Нийслэл хот маань 51 хувиасаа яагаад тодорхой хувийг авч болохгүй гэж, энэ талаар хариулаач.

Батбаатар: -Компанийн тухай хуулиар компанийн өөрийн хөрөнгө гэж нийт балансан дээр бүртгэлтэй эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгөнөөс үл хөдлөхийг хасахад компанийн өөрийн хөрөнгө гэж үздэг. Балансан дээр 168 тэрбум төгрөгийн өртэй байгаа учраас өмч хөрөнгийн асуудал хүнд болсон байгаа.

н.Хосбаяр /ОССК-ын ТУЗ-н нарийн бичгийн дарга/: -Бид өр авсан уу гэвэл, Буянт-Ухаа хороолол дээр авсан. Төлөөлөн удирдах зөвлөлийн байр суурь бол нийслэлийн байр суурь тодорхой бус учраас хүлээлт үүсээд байгаа. Өнөөдрийн байр суурийг харахад ОССК-ыг нэрийг өөрчлөөд ТОСК болгоод 49 хувийг нь шилжүүлэх нь зүйтэй юм шиг харагдаж байна.

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

Д.Баттулга: Ерөнхийд нь 2 санал гарлаа.

1-рт “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК-ийг үүсгэн байгуулсан Хувь нийлүүлэгчдийн хурлыг яаралтай хуралдуулж, нийслэлийн өмчид байгаа 51 хувийн өмчлөл, 49 хувийн асуудлыг тодорхой болгох,

2-рт Хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр, “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК-ийг хэрхэн өөрчлөн зохион байгуулах, Нийслэлийн Орон сууцны санхүүжилтийн корпораци байгуулах тухай саналаа Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд эргэж танилцуулах талаар саналууд гарлаа.

Д.Баттулга: -Гарсан саналыг тэргүүлэгчид дэмжиж байна уу. Тэргүүлэгчдийн олонхийн саналаар уг асуудал дэмжигдэж, дахин оруулж ирэхээр боллоо.

Дөрөвдүгээр асуудал. Хөшөө босгох тухай /И.Я.Коростовецийн хөшөөг босгох тухай/

ХЭЛЭЛЦСЭН нь: Хэлэлцэх асуудлыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Анар танилцуулав.

Анар: -1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын үед Хаант Орос улсад элчин сайдаар томилогдон ажиллаж байсан И.Я.Коростовецийн дурсгалын хөшөөг барих хөрөнгө 2013 оны улсын төсөвт Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын багцад тусгагдсан тул уг хөшөөг барих асуудлыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр дахин шийдвэрлүүлэхээр оруулж ирж байна.

С.Ононбаяр: -Тэргүүлэгчдийн хурлаар Хөшөө барих, буулгах асуудлыг хэтэрхий их хэлэлцэж, шийдвэрлээд байна, хамгийн сүүлийн жишээ дурдахад Сүхбаатарын талбай, Нацагдоржийн хөшөө байна, энэ хөшөө буулгах, барих асуудлыг дүүргүүд рүү шилжүүлж болохгүй юу. Тэргүүлэгчдийн хурлаар хөшөөний асуудлыг хэлэлцэж шийдвэрлэдэг асуудал иргэдэд хүнд тусаад байх шиг байна. Тухайн хөшөөг байрлуулах нутаг дэвсгэрийнх нь удирдлага, дүүрэгт нь шилжүүлвэл яасын гэсэн саналтай байна.

Д.Баттулга: -Дараагийн хурлаас энэ талаар анхаараачээ гэж хэлж байна уу.

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

Д.Баттулга: -Тогтоолын төслийг уншиж танилцууллаа. Тогтоолын төслийг дэмжиж байгаа тэргүүлэгчид гараа өргөнө үү. Тэргүүлэгчдийн 95 хувийн саналтай тогтоол дэмжигдэж батлагдлаа, С.Ононбаяр тэргүүлэгч татгалзсан санал өглөө.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)