НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : Түлшний хэмнэлттэй зуух авчихаад ашиглаагүй айл өрхийг торгоно

Түлшний хэмнэлттэй зуух авчихаад ашиглаагүй айл өрхийг торгоно


2013-10-03-ны өдөр НИТХ-ын Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны төлөөлөгчид Нийслэлийн агаарын чанарын албаны үйл ажиллагаатай танилцаж үнэлэлт дүгнэлт өглөө. Тус уулзалтанд НИТХ-ын төлөөлөгч Л.Шагдаррагчаа, тэргүүлэгч С.Ононбаяр, төлөөлөгч Одонтунгалаг, Гантулга, С.Үнэн, Төмөрчулуун, Р.Дагва, Одгэрэл, Бат-Эрдэнэ, Ц.Баатархүү, Гантөмөр, Л.Сайнтөгс, Агаарын чанарын албаны дарга Ч.Батсайхан, НИТХ-ын ажлын албаны ажилчид болон агаарын чанарын албаны мэргэжилтнүүд оролцлоо. Уулзалтын эхэнд Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны дарга, НИТХ-ын төлөөлөгч Одонтунгалаг “Агаарын бохирдлын асуудал нь манай нийслэлийн хамгийн тулгамдсан асуудлуудын нэг мөн. Тийм ч учраас манай хороо агаарын бохирдлыг бууруулах ажлыг ямархуу түвшинд хийгдэж байгааг мэдэж мэдээлэл авах үүднээс гурав дахь уулзалтаа та бүхэнтэй хийж байна. Өнгөрсөн онд манай хорооны төлөөлөгчид танай байгууллагын үйл ажиллагааг хатуу шүүмжилсэн. Алдаа дутагдал бүрийг чинь тоочиж хэлсэн. Харин өнөөдөр танай ажил яаж өөрчлөгдснийг мэдэхээр энд ирээд байна” гэсний дараа Нийслэлийн агаарын чанарын албаны дарга Ч.Батсайхан төлөөлөгчид дараах мэдээллийг өглөө.

“Агаарын чанарын алба нь оны эхэнд хийж хэрэгжүүлэх 15 ажлын зорилтыг тавьж ажиллалаа. Өнгөрсөн 9 сарын хугацаанд бид бүхэн доорх үр дүнд хүрээд байна.

  1. Эрчим хүчний хэмнэлттэй, ердийн халаалтын зуухыг гэр хорооллын 25 мянган өрхөд нийлүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын Тусгай сан "Цэвэр агаарын сан"-тай хамтран ажиллах санамж бичгийг 3-р сард үйлдэж 45,0 мянган зуухны санхүүжилтийн 10 тэрбум төгрөгийг Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээл, үлдсэн 10 тэрбум төгрөгийг Цэвэр Агаарын сангаас гаргахаар болсон. Төслийн хүрээнд нийлүүлэгдэх зуухыг ШУТИС-ын Дулааны техник, үйлдвэр экологийн хүрээлэнгийн зуухны лабораторид 15 төрлийн зуухыг туршин, 4 төрлийн зуухыг шаардлагад нийцсэн гэж үзсэн.Эрчим хүчний хэмнэлттэй зуухны нийлүүлэлт 2013 оны 09 дүгээр сарын 15-нд эхэлсэн.
  2. Байгууллага, иргэд өөрийн хөрөнгөөр утааны шүүлтүүр болон утаа бууруулах зориулалттай тоног төхөөрөмж суурилуулсан тохиолдолд Цэвэр агаарын сангаасзардпыг нөхөж өгөх ажлыг зохион байгуулна гэсэн зорилтыг тавьсан. Уг ажил маань МУ-ын Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 309 дүгээр тогтоол батлагдсаны дагуу урамшууллын үйл ажиллагааг Байгаль орчин ногоон хөгжлийн яамтай хамтран зохион байгуулж, 13 ААНБ-ыг "Ногоон бүтээгдэхүүн гэрчилгээ", нийт 270 сая төгрөгийн дотоодын зах зээлд сурталчилгаа хийх эрхийг олгосон.
  3. Боловсруулсан түлшний үйлдвэрлэлд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Боловсруулсан түлшний хэрэглээг 30-50%-иар нэмэгдүүлнэ гэсэн зорилтыг тавьсан. Уг ажлыг зохион байгуулахын тулд "Тара", "Ворм Энержи" ХХК-иудад нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 352 сая 899 мянган төгрөгийн санхүүжилтийн дэмжлэг олгосон бөгөөд үүний үр дүнд үртсэн шахмал түлшний нийлүүлэлт 2630 тонноор буюу 2012-2013 оны халаалтын улирлын нийлүүлэлтээс 60 хувиар нэмэгдэх бололцоо бүрдсэн.
  4. Агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүсийн 2 мянгаас доошгүй айл, өрхийг утаа шүүгчээр хангах зорилтыг дэвшүүлсэн. Өмнө нь ийм ажлыг 2011-2012 оны халаалтын улиралд Баянгол дүүргийн 3 хорооны 1050 өрхийн янданд утаа шүүгч суурилуулсан. Хэрэглэгч айл өрхүүдээс 2013 оны 2 дугаар сард яндангийн шүүлтүүрийн талаар санал асуулга авч нэгтгэн дүгнэлт гаргасан. Судалгаанд оролцогсдын 70 гаруй хувь нь шүүлтүүрийг цэвэрлэхэд хүндрэлтэй гэсэн бол 52 хувь нь хэрэглэхгүй байгаа нь тогтоогдсон сулхан үзүүлэлт гарсан. Цэвэр агаар сангийн удирдах зөвлөлийн хурлаар оруулж тус ажлын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлэх санал оруулсан боловч дэмжигдээгүй.
  5. Стандартаас илүү хорт утаа ялгаруулж байгаа тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцохыг хязгаарлаж, журамлах замаар автомашинаас хамааралтай агаар бохирдуулалтыг эрс багасгах ажлыг хийхээр төлөвлөсөн. "Автомашинаас ялгарах бохирдлыг бууруулах зориулалттай тоног төхөөрөмж, бүтээгдхүүнийг турших, үр дүнг тодорхойлох" ажлыг хийж, шалгарсан бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулах ажлыг зохион байгуулж байгаа. Мөн энэхүү ажлаа Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэл өгч ажилласан. Стандарт хэмжээнээс илүү үзүүлэлттэй байсан 40 гаруй тээврийн хэрэгсэлд арга хэмжээ авсан бөгөөд 5 тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хурааж хөдөлгөөнд оролцох эрхийг түр хязгаарлах арга хэмжээ авч ажиллалаа.
  6. Төвийн дулааны нэгдсэн шугам сүлжээнээс алслагдсан сургууль, цэцэрлэг, гэр хорооллын хороодын байр, айл өрхүүдийн дулаан хангамжийг сэргээгдэх эрчим хүч болон технологийн шинэчилсэн зуухаар шийдвэрлэх ажлыг санаачилж Нийслэлийн гэр хорооллын утаа, агаарын бохирдол ихтэй төвийн дулааны нэгдсэн шугам сүлжээнээс алслагдсан 400-500мкв талбайтай 4 хорооны барилгыг сонгон авч нарны эрчим хүч давамгайлсан халаалтын систем суурилуулах ажлын санхүүжилтийг шийдвэрлүүлэх саналыг Засгийн газрын Тусгай сан Цэвэр агаарын санд удаа дараа тавьсан боловч шийдвэрлэгдээгүй. Нийслэлийн 2013 оны төсвийн тодотголд санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр санал оруулсан боловч дэмжигдээгүй учраас хийгдээгүй.
  7. Эрчим хүчний хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж, орон сууцаа дулаалах, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүний хэрэглээг урамшуулах ажлыг зохион байгуулах хүрээнд "Агаарын бохирдлын эсрэг орон байраа дулаалцгаая" аяныг зарлаж, 2012 оны 09 дүгээр сарын 28-наас 2013 оны 05 дугаар сарын 1 хүртэл буюу нийт 8 сарын турш 13 аж ахуйн нэгжийн дулааны алдагдал багатай, эрчим хүчний хэмнэлттэй төрөл бүрийн зориулалттай 18 сууцыг Сүхбаатарын талбай дээр байршуулан сурталчлах ажлыг зохион байгуулж ажилласан.
  8. Халаалтын шинэ технологийг гэр хорооллын айл өрхүүдэд суурилуулах ажлыг Нийслэлийн гэр хорооллын бага, дунд орлоготой иргэдийн амьдралын нөхцөлийг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулах зорилгоор БНСУ-ын "Rich Create" ХХК тай 150 өрхөд үнэ төлбөргүй 2012-2014 онд шинэ технологи бүхий шалны цахилгаан усан халаалтын систем суурилуулахаар гэрээ байгуулан ажиллаж байна. Тус халаалтын системийг 9-р сарын байдлаар 54 өрхөд суурилуулаад байна.
  9. Газрын гүний дулааныг ахуйн хэрэглээнд ашиглах талаар судалгаа хийж дүгнэлт гаргах зорилтын хүрээнд Халаалтын улиралд зарцуулах дулааны тоо хэмжээ тодорхой байх нөхцөлд түлшний зарцуулалтыг тооцоолох аргачлал боловсруулсан. Газрын гүний дулаанаар халааж байгаа Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны "Сод" цэцэрлэгийн 13x13 хэмжээтэй барилгыг сонгосон. Газрын гүний тоноглолыг угсрахад зарцуулсан анхны хөрөнгө оруулалтыг нөхөх хугацааг мөн тодорхойлсон. Энэ төрлийн халаалтын системийн анхны хөрөнгө оруулалт олон улсын жишгээс харахад өндөр байдаг боловч ялангуяа дэлхийн дулаарлыг сааруулах, хүлээмжийн хийг багасгахад хамгийн сайн шийдлийн нэг тул цаашид цэвэр хөгжлийн механизмын төслийн шугамаар хэрэгжүүлэн, нүүрстөрөгчийн кредитэд хамруулан суурилуулах болон хөрөнгө оруулалтын хэмжээг багасгах бүрэн бололцоотой гэсэн дүгнэлтийг гаргасан.
  10. "Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чадавхийг бэхжүүлэх техникийн туслалцааны төсөл"-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх ажлын хүрээнд ЖАИКА-ын төлөөлөөгч нар 2013 оны б дугаар сарын 11- нд төслийн 2-р шат эхлэх гэж байгаатай холбоотойгоор шинээр хэрэгжүүлэх төслийн агуулга төлөвлөгөө болон оролцогч талуудын оролцооны талаар нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Төслийн II үе шатыг хэрэгжүүлэх санамж бичигт 2013 оны 09 дүгээр сарын 24-нд ЖАЙКА- ын тал болон НЗД-ын орлогч Т.Бат-Эрдэнэ нар гарын үсэг зураад байна.
  11. Агаарын бохирдлын хяналт, шинжилгээ, үнэлгээний сүлжээг боловсронгуй болгох зорилтын хүрээнд Байршил нь давхацсан 2 суурин харуулын шинээр суурилах цэгүүдийг урьдчилсан байдлаар судлаж, боломжтой гэж үзсэн 4 цэгийн байршлыг хянахаар Агаарын чанарын мэргэжлийн албатай хамтран ажлын хэсэг байгуулан ажилласан. Ажлын хэсэг нь байрлал давхцсан баруун 4 зам болон 13-р хорооллын суурин харуулуудыг БЗД-8-р хороо, Амгалангийн эцэс, СХД-ийн 3-р хороо, 65-р сургуулийн ар тал зэрэг байршлуудад шилжүүлэн байрлуулаад байна. Мөн орчны физикийн хортой нөлөөллийг хянах хэмжих зориулалт бүхий 5 төрлийн 10 багаж хэрэгсэлтэй болсон.
  12. Төрийн болон нийслэлийн өмчийн 11 халаалтын зуухыг улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинэчилэх ажлыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд Нийслэлийн Агаарын чанарын албанаас 100 кВт-аас дээш хүчин чадал бүхий усан халаалтын зуухны мэдээллийн сан, хэмжилтийн суурь судалгаанд үндэслэн төрийн болон нийспэлийн өмчийн шинэчлэх шаардлагатай 13 халаалтын зуухны судалгааг нэгтгэн гаргаж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтэс болон Засгийн газрын Тусгай сан "Цэвэр агаарын сан"-д хүргүүлсэн бөгөөд тэдгээрийг шинэчлэх сонгон шалгаруулалтын ажил явагдаж байна.
  13. Хувийн хэвшлийн халаалтын зуухнуудыг утааны хийн хэижилтийн дагуу аттесгатчилах ажлыг зохион байгуулж, стандарт хангахгүй зуухнуудыг шинэчилэх ажлын хүрээнд Нийт 27 усан халаалтын зууханд хаягдал утааны шинжилгээг албаны холбогдох мэргэжилтнүүд хийсэн. Хэмжилтээр үр дүнгээр тухайн төрлийн эх үүсвэрээс агаарт хаягдаж буй угаарын хий, азотын ислүүд, хүхэрлэг хий болон үнс, тоосны агүуламжийг хэмжиж гаргасан. Хэмжилтийн дүнг боловсруулан зуух ашиглагч байгууллагууд болон холбогдох төрийн байгууллагуудад албан бичгээр хүргүүлж ажилласан.
  14. Гэр хорооллын айлууд хийн түлш, цахилгаан эрчим хүчийг халаалтын системдээ ашигласан нөхцөлд хөнгөлөлт үзүүлэх ажлыг үргэлжлүүлэх ажлын хүрээнд Цахилгааны үнийн хөнгөлөлтөд хамрагдах 121307 өрх, цахилгаан халаагуураар халаалтаа шийдсэн 2898 өрх, нийт 124208 өрх байна. Хуулийн нөхцөл шалгуур хангасан айл өрхийг дүүрэг, хороо, УБЦТС, НМХГ, ХАС банктай хамтран хяналт шалгалт хийж, хөнгөлөлт үзүүлэн ажиллалаа. 2012-2013 оны халаалтын улиралд агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүсийн 90 гаруй мянган өрхөд 1,982,860,846 төгрөгийн үнийн хөнгөлөлт үзүүлсэн байна. Цахилгааны үнийн урамшууллын ажил нь журмын дагуу 2013 оны 04 сарын 31- ний өдрөөр дуусгавар болж 2013 оны 10 сарын 01 нээс өдрөөс дахин эхэлнэ.
  15. Автомашины хийн түлшний 3-аас доошгүй цэнэглэх станцыг шинээр байгуулах ажлын хүрээнд Автомашинд хийгээр цэнэглэх станцыг байгуулах боломжтой газруудыг судлах зорилгоор нийслэлийн мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг 3 байршлыг сонгосон. Одоо тухайн байршилд үйл ажиллагаа явуулах ААН-үүдийг сонгон шалгаруулах ажил хийгдэж байна гэсэн танилцуулгыг хийсний дараа төлөөлөгчид түүнээс асуулт асууж хариулт авлаа.

Төлөөлөгч Одончимэг: Агаарын бохирдлын асуудал хамгийн их сэтгэл зовинуулсан чухал асуудал юм аа. Ийм ч учраас агаарын бохирдол эхэлж байгаа энэ үед манай НИТХ-ын төлөөлөгчид агаарын чанарын албаны ажил байдал, цаашид хэрэгжүүлэх гэж байгаа ажилтай танилцаж байна. За ингээд асуулт асуух хүмүүс асуугаарай гэв.

Төлөөлөгч С.Үнэн: За би 2 зүйлийг асууя аа. Энэ өвлийн утаа арай л эрт эхэлж байх шиг байнаа. Цонхоо онгойлгохоор л бөөн утаа ороод ирэх юм. Утаатай тэмцэх ажлыгхариуцаж байгаа Батсайхан дарга та хөрөнгө мөнгөөр дэмжээд өг л гэж гуйгаад байх юм. Чухам ямар ажил хийх гэхээр хэдий хэмжээний хөрөнгө мөнгө дутаад хаанаа гацаад байгааг хэлээд өгнө үү?

Бас та сая утаа шүүгчний асуудлыг яриад өнгөрлөө. Асар их хөрөнгө авч утаа шүүгч л тавьж утаагүй болгоно гэж хэрэгжүүлчихээд сүүлд нь өө үр дүнгүй ажил боллоо гээд хээвнэг яриад сууж байж болж байна уу? Ер нь тэр утаа шүүгчийг айл өрх болгонд хөрөнгө мөнгө цацаж тавьсны хувьд заавал хэрэглэ гэсэн зүйлийг хэлж идэвхжүүлэлт хийсэн үү?

Шахмал түлш үйлдвэрлэгч хоёр компани их сайн ажиллаж байгаа гэж та хэлээд байна. Хэдийг өгсөн болоод сайн ажиллаад байна.

Та сая бас газрын гүний дулааныг ашиглах зүйл ярьчихлаа. Яг үнэндээ тэр ажил чинь эрчим хүчний яамны ажил ш дээ. Өмнүүр нь гүйгээд хийнэ гээд байж болж байгаа юм уу?

Цахилгаан зуух ашиглаж байгаа айлд хөнгөлөлт үзүүлнэ гээд яриад байна. Чухам яг хэдий хэрийн хөнгөлөлт үзүүлж байгаа вэ?

Нийслэлийн Засаг даргын орлогч Бат-Эрдэнэ: Би эхний хоёр асуултанд нь хариулъя. Нийслэлийн төсөв дээр утаатай шууд тэмцэх ажилд хөрөнгө мөнгө ерөөсөө тусгаж өгдөггүй юм билээ. 2013 оных дээр ч гэсэн мөн тавиагүй. Санхүүжилт нь дандаа цэвэр агаар сан болон гадаад дотоодын төслийн хүрээнд хийгдэж байгаа юм билээ. Яах вэ энэ жил бид Нийслэлийн төсөвт анх удаа төсөл хэрэгжүүлэх мөэнгийг оруулах ярьж байгаа. Тэр нь юу гэхээр гэрийн дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах төсөл байгаа. Манай улсын агаарын гадаад бохирдол асар өндөр байдаг шигээ дотоод агаар ч гэсэн жишиг хэмжээнээс хамаагүй хэтэрсэн үзүүлэлттэй байгаа. Үүнийг багасгадаг агаарын орчныг ионжуулж бохирдлыг багасгадаг орчин үеийн технологуудыг бид бүхэн судалж байгууллага бусад орчныг бохирдолгүй болгох ажлыг хийхээр төлөвлөж байгаа.

Агаарыг бохирдуулагч нэг элемет болох тоос тоосонцорыг багасгах ажлыг нийслэл эрчимтэй хийж байгаа тухайлбал ногоон байгууламжууд гудамж талбайг цементлэх ажил нь үүний нэг хэлбэр мөн. Утаа шүүгч байршуулахад асар их хөрөнгө цацсан нь үнэхээр буруу ажил байсан. Түүнээс ямар ч үр дүн гараагүй. Харин зарлага гарсан. Гандангийн мянган айлд нэг бүр нь 100 долларын үнэтэй шүүгчийг байршуулаад үр дүн гараагүй бараг тэрбум төгрөгийг дэмий зарсан.

Батсайхан: Шахмал түлш үйлдвэрлэх гэрээ байгуулсан байгууллагын ажлын тэр нь сайн тэр нь муу гшэж хэлэх боломж үнэндээ байхгүй. Яах вэ нийслэлийн өмчит үйлдвэрийн газар их сайн ажиллаж байсан. Бусад нь гэрээнийхээ дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа. Газрын гүний дулааны ажлыг бид яамны урдуур орж хийх гэсэн зүйл байхгүй. Яах вэ дэлхийн дахинд ашиглаж эхлээд байгаа тэр ажлыг хэрэгжүүлэх шаардлага бол байгаа учраас судалгааны ажлыг нь эхлүүлсэн. Цахилгаан зуух ашиглаж байгаа иргэдийн хувьд үнэхээр шалгалтаар цахилгаан бага ашигладаг утааг багасгахад хувь нэмэр оруулж байгаа нь тогтоогдвол тодорхой хэмжээний хөнгөлөлтийг бол айл өрхүүдэд үзүүлж байгаа.

Төлөөлөгч С.Үнэн: Ямар шалгуур тавьдаг болоод тэгээд наад ажил чинь айл өрх бүрт хүрэхгүй байгаа юм. Өндөр үнэтэй цахилгаан бага зарцуулдаг зуухыг гэртээ тавьсан айлууд тэр хөнгөлөлтийг чинь авч чадахгүй байна гэсэн гомдол байгаа ш дээ нөхөр минь.

Батсайхан: Даргаа агаарын чанарын тухай хуульд заасан 6 үзүүлтийг хангасан зууханд л хөнгөлөлт үзүүлж байгнаа.

Төлөөлөгч С.Үнэн: харин тэр шалгууруудыг чинь хангасан сайн зуухнуудыг тавьсан айлд та нар хөнгөлөлт өгдөггүй л юм гэх чинь билээ. Өөрсдөө нэг төсөл гэгч юм үарласан болж хэдэн айлд үнэгүй зуух өгчихөөд тэр тавьсан айлуудаа л хөнгөлөлтөнд хамруулснаа ингээд яриад байж болохгүй шүү.

Тэргүүлэгч С.Ононбаяр: Би хэдэн зүйл тодруулъя. Утаа сүүлийн үед яг нэмэгдээд байна уу хорогдоод байна уу?

Одоо айлуудын яндагаас гарч байгаа утаанууд хүний биед яг ямар хор хөнөөлтэй вэ гэдгийг хэлээд өгөөч? Сая 2-3 байгууллагаа сайн ажиллаад байна гэж та ярилаа. Ингэхэд утаагүй түлш үйлдвэрлэх гэрээг хичнээн байгууллагатай нийслэл гэрээ байгнуулсан юм? Тэдгээр аж ахуй нэгжүүд нь нийслэлийн нийт хэрэгцээний хэдэн хувийг нь хангаж байгаа юм?

Нийслэлээс ингээд л баахан хөрөнгө мөнгө цацаж утаагүй түлш үйлдвэрлээд эхэлтэл засгийн газраас баахан хямдхан нүүрсийг иргэдэд зараад эхэллээ. Энэ хоёр ажил хоорондоо харшилдаж байгаа юм биш үү? Бас тэр утаагүй гэгдээд байгаа түлш чинь асдаггүй асахаараа зуух айл гэрийг халаах хэмжээний дулааныг ялгаруулдаггүй гэсэн баахан шүүмжлэл гараад байгаа ш дээ. Энэ жил л гэхэд 25000 мянган утаагүй зуухыг айл өрхүүдэд тараахад асар их мөнгө зарцуулахаар болсон гэлээ. Өмнөх жилүүдэд маш их мөнгө цацаж утаагүй зуух гээчийг айл өрхүүдэд тараагаад байсан. Тэр ажил чинь одоо чухам юу болсон юм. Ямар үр дүн гаргасан болоод утааг хэдэн хувь бууруулсан болоод дахиад зуух тараагаад байгаа юм. Одоо тараагаад эхлэхээр хэдэн хувиар буурах юм тодорхой тоо хэлээд өгөөч ээ? Буурсан гэх бодитой тоог хэлээд өгвөл дэмжээд л баймаар байна. Юм юм руу самардсан үр дүн гардаггүй баахан ажлыг ингэж тарамдуулж байхаар нэг цогц томоохон ажил санаачлаад хийгээд хэрэгжүүлчихэж болдоггүй юм уу?

Улаанбаатар хотод хичнээн машин явж байгааг судалсан судалгаа танай байгууллагад байдаг уу? Агаарыг бохирдуулахад тэдгээр машинууд асар их үүрэг гүйцэтгэдэг л байх гэж бодож байна. Та тэгтэл 40 машиныг л жагсаалтаас гаргаснаа сайрхаж яриад байх юм. Цаана нь байгаа тэр олон машиныг шалгах ажлыг хийж байгаа юу? Ер нь машины яндагаас гардаг утааг шүүгч аппаратыг суурилуулах ажлыг хийж байгаа юу?

Батсайхан: Эхний асуултанд маш товчхон хариулъя. Өнгөрсөн жил манай албаны агаар шүүгч аппаруудаас авсан мэдээллээр агаарын бохирдол 20-30 хувьд буурсан гэсэн тоон үзүүлэлт гарсан.

Тэргүүлэгч С.Ононбаяр: Хэд гэнээ?

Батсайхан: 20-30 хувь. Судалгаагаар батлагдаж, шинжлэлтээр нотлогдсон. Нэмэгдсэн юм ерөөсөө байхгүй. Хэрвээ бид арга хэмжээ аваагүй бол үнэн аймшигтай байдалд хүрэх байсан. Гэхдээ ингээд санаа амрахгүй ноднингийнхоос илүү бууруулах гэж илүү том зорилт тавин ажиллана. Утаа хүний биед ямар хортой вэ гэж асуусан. Утаа нь юун түрүүнд уушиг, улмаар зүрх судас, тархи, мэдрэлийн өвчлөлийг үүсгэдэг. Гурав дахь асуултанд хариулахад Улаанбаатар хотод гэр хорооллын 189208 мянган айл байдгаас өмнөх жилүүдэд 120000 орчим айлд бүрэн шаталттай зуух тарааж байршуулсан. Тэр зуухыг байршуулснаар түлш хэмнэлт 50 хувиар, хорт хаягдал 98 хувь багасна гэсэн лабораторийн шинжилгээ бий. Манайхан зуухаа буруу ашиглаад байгаа учраас сайн үр дүн гарахгүй байгаа.

Тэргүүлэгч С.Ононбаяр: би сая буруу сонсчихов уу яав. Түлшээ буруу ашигласнаас үүдэн хорт утаа багасахгүй байна гэсэн үү. Эцсийн бүлэгт тэр зуух чинь зөвхөн налайх гэлтгүй бүх төрлийн түлшинд тохирсон эд юм байгаа биз дээ. Реклам сурталчилгааг сонсохоор бүх төрлийн түлшинд тохирно гээд байсан биз дээ.

Батсайхан: Ононбаяр тэргүүлэгчээ дан ганц түлш гэлтгүй бас ашиглалтын буруугаас болж...

Тэргүүлэгч С.Ононбаяр: Би тэр зуухыг чинь авч байсан. Надад тэр зуухыг зарахдаа тэд нар чинь бүх нарийн аргачлалыг нь сайн зааж өгсөн. Бас энэхүү зуухыг ашигласнаар утаа тэдэн хувиар буурна гэж их сайхан зүйл ярьж өгсөн. Гэтэл одоо та нар зөвхөн налайхын түлш ашиглавал буурна бусад нөхцөлд хэвээрээ байна гэж байгаа нь юу гэсэн үг вэ? Ийм буруу юм битгий та нар ярь.

Нийслэлийн Засаг даргын орлогч Бат-Эрдэнэ: Би энэ асуултанд нэмэлт тайлбар хийе. Нийслэлийн агаарын бохирдол 5 шалтгаанаас үүдэлтэй. Гэр хорооллын яндангийн утаа, цахилгаан станцын утаа, автомашины утаа, замын хажуугаар босч байгаа тоос хүртэл агаарын бохирдлын шалтгаан мөн. Энэ зуухыг тарааснаар ганцхан бохирдуулагч нь буурна. Бусад бохирдуулагчтай нь бид өөр аргаар тэмцэнэ. Бид өмнөх жилүүдэд 121000 айлд зуух тараасан нь маш том ажил. Үлдсэн айлуудад 45000 зуух тараавал эхлүүлсэн ажил маань бүрэн хэрэгжинэ. Шинэ зуухны ажиллах горим бидний ашиглаж хэрэглэж хэвшсэнээс жаахан өөр учраас бүрэн үр дүн өгөхгүй байгаа байх. Гэхдээ иргэд маань сайн сурч байна. Тиймээс үр дүн ч бас сайжрах байх. Бид утааг багасгах цогц ажлуудыг хийж байгаа. Гэхдээ үүний нэг нь л энэ зуух. Нийслэлийн иргэдэд жилд 600 мянган тонн түлш хэрэгтэй. Гэтэл манай утаагүй түлшний үйлдвэр нь гар аргаар технологийн хувьд бүр хоцрогдсон аргаар үйлдвэрлэж байгаа учраас нийт хэрэгцээний 10 хувийг ч хангаж чадахгүй байгаа. Тэглээ гээд ард иргэдээ ченжүүдэд шулуулахын оронд төрөөс утааг багасгахаар нүүрсний үнийг хүчээр барьж байгаа. Утаатай ганцхан нийслэл биш, засгийн газар монгол улсаараа дайн зарлан тэмцэж байгаа шүү дээ. Манай төлөөлөгч нар нэг зүйл сайн ойлгоорой. Утаа гаргадаг бүхий л зүйлтэй тэмцэж байж л утааг багасгана шүү. Нэг зүйлийг хэлэхэд хотын төв замаар өдөртөө 400 автобус тасралтгүй хөвөрч байгаа. Энэ автобуснуудаас хамгийн хортой утаа хаягдал гарч байгаа. Энэ хорыг багасгахын тулд нано түлшийг ашиглах шаардлага байгаа.

Төлөөлөгч Төмөрчулуун: Би хоёр жилийн өмнө хэлж байсан. Нийслэлийн агаарын чанарын алба нэгэнт ажиллаж чадахгүй байгаа бол татан буугдаач гэж би хэлсэн. Одоо болтол байгаад л байна. Ямар ч үр дүн гаргахгүй ажиллаж байхаар одоо болих хэрэгтэй ш дээ. Энэ олон сайхан залуучуудыг энд уяж алаад яахнав дээ. Утаа багасна гэсэн ямар ч итгэл найдваргүйгээр ажиллаж байна ш дээ та нар. Та нар ажилчдаа хэдээр нэмсэн.

Батсайхан: 8 хүнээр

Төлөөлөгч Төмөрчулуун: Тээр нэг их хүнээ нэмдэг юм. Та нарын одоо хийгээд байгаа ажил чинь бүхлээрээ буруу байна. Ядаж утааг багасгах юм чинь гэж чин сэтгэлээсээ ажиллаач. Утааг буруулахаар жилийн жилд асар их мөнгө төсөвлөдөг гэтэл ямар үр дүн гарахгүй юм. Та нар бас 20-30 хувь буурсан гээд хээвнэг хусч байх юм. Чамд итгэж та нарыг дагаж намирдаг үе өнгөрсөн шүү. Тэгдэг нас ч алга зав ч алга.

Батсайхан: Би нийслэлийн утааг ярьсан болохоос ганцхан Улаанбаатарын утааг буурсан гэж яриагүй. Би хэрэгжүүлэгч болохоос бодлого тодорхойлогч биш шүү дээ.

Төлөөлөгч Төмөрчулуун: Мэд. Мэдэхгүй бол боль чи. Үр дүн гаргахгүй ингэж сууж байх ямар хэрэг байгаа юм.

Төлөөлөгч Л.Сайнтөгс: Батсайхан дарга өнгөрсөн жил ярьж байсан. Японоос өндөр үнэтэй аппарат авчихвал утааны бохирдлын хэмжээг бодитоор тогтооно гээд байсан. Одоо тэрийгээ авчихсан байх. Яг бодитоор мэдээлэх үү? Тэр 121000 айлд зуух тараана гээд байна. Тэр зуухнууд чинь яг тараасан айлдаа байна уу? Тэрийг хянадаг хяналтын тогтолцоо байна уу? Яагаад ингэж асууж байна гэхээр тэр зуухыг чинь уулын аманд байдаг хөдөөний айл түлээд байж байсан болохоор асууж байна?

Батсайхан: Багажны хувьд асуудалгүй болсон. Японоос ирсэн хоёр мэгэжилтэн баталгаатай ажиллагааг нь шалгаад сертификат олгосон. Энэ жил нийслэлд байсан 4 харуулыг сэлбэгээр хангасан учраас ямар ч асуудалгүй ажиллана. Харин тэр зуухыг айлуудадаа байна уу гэдгийг шалгах шалгалтыг тун удахгүй явуулна. Хэрвээ зуух авчихаад ашиглаагүй тохиолдолд торгох, зуухны үндсэн үнэ болох 450000 төгрөгийг эргүүлэн төлүүлэх журмын төслийг боловсруулж байгаа. Зуух тараагдсан ажлыг хороонуудаас авчихсан учраас тэрэнтэйгээ тулгаад шалгалтыг хийнэ.

/Үргэлжлэл бий/

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)