НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : Бизнесийн ашиг сонирхол нийцүүлэн хот төлөвлөлтийг явуулахгүй байхыг анхаарууллаа


2013-09-24-ний өдөр 14 цагаас НИТХ-ын Барилга, хот байгуулалтын хороо, Гэр хорооллын хөгжлийг дэмжих хорооны хамтарсан хуралдаан Хангарьд ордны 14 давхрын А зааланд боллоо. Хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч Л.Шагдаррагчаа, С.Ононбаяр, Д.Батбаяр, Амарбаясгалан, Бат-Эрдэнэ, Авирмэд, Отгонбаяр, Л.Сайнтөгс, Д.Энхсайхан нар оролцлоо. Хуралдаанаар гэр хорооллыг дахин төлөвлөх хоёрдугаар ээлжийн байршлыг тогтоох асуудлыг хэлэлцлээ. Хурлын эхэнд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын мэргэжилтэн дараах танилцуулгыг хийлээ.


"Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013- 2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 1.1.2 Гэр хорооллыг дахин төлөвлөх замаар айл, өрхүүдийг төвлөрсөн болон бие даасан эрчим хүчний эх үүсвэрт хэсэгчлэн холбох ажпыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. 2.2.2 Гэр хорооллын иргэдийн инженерийн нэгдсэн болон хэсэгчилсэн хангамжтай болох чиглэлээр хэрэгжүүлсэн санал санаачлага, үйл ажиллагааг дэмжин, хөрөнгө оруулалтын тодорхой хувийг нөхөн олгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ гэж заасан. Иймээс Улаанбаатар хотын экологийн тэнцвэрт байдал, хот байгуулалт зөв бүтэц, хотын оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг сайжруулах зорилгоор гэр сууцны хорооллыг дахин төлөвлөж барилгажуулах, газрыг дахин зохион байгуулах

2 дугаар ээлжийн байршлуудыг дараах байдлаар тогтоогоод байна.

1. Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 3.07 га

Одоогийн хүн ам - 210

Нэгж талбар - 57

Төлөвлөлтөөр хүн ам - 830

- Нийт 57 нэгж талбарыг хамарна. Төлөвлөлтөөр 2 давхар амины орон сууц 15, 171 айлын 5 давхар үйлчилгээтэй орон сууц, 250 хүүхдийн цэцэрлэг болон хороо, цагдаа, өрхийн эмнэлгийн нэгдсэн байр тус тус төлөвлөсөн.

2. Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Дарь эх” амины орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 20 га,

Одоогийн хүн ам - 680

Нэгжталбар -145

Төлөвлөлтөөр хүн ам - 700

- Нийт 145 нэгж талбарыг хамарна. Тус амины орон сууцны хороололд ерөнхий төлөвлөгөөгөөр 700 орчим айл өрх байхаар төлөвлөв.

3. Баянзүрх дүүргийн 2, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Мамба дацан” орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 70 га,

Одоогийн хүн ам - 8460

Нэгж талбар - 472

Төлөвлөлтөөр хүн ам - 22500

Авто зам - 10,2км

- Тус дахин төлөвлөлтийн хүрээнд 2 давхар амины орон сууц 65 ширхэг, 5 давхар нийтийн орон сууц 51 ширхэг, 9 давхар нийтийн орон сууц 4 ширхэг, 19 давхар үйлчилгээтэй орон сууц 5 ширхэг тус тус төлөвлөгдсөн. Мөн Засаг захиргааны нэгдсэн контор 1, Ерөнхий боловсролын сургууль /1200,920,450 сурагчтай/ 3, Цэцэрлэг /650 хүүхдийн/ 1, Олон нийтийн үйлчилгээний барилга 13, Их дээд сургууль 3 ширхэг байхаар төлөвлөсөн.

4. Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Дамба даржайлин хийд” орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 7.6 га, Одоогийн хүн ам - 356

5. Нэгж талбар- 89

6. Төлөвлөлтөөр хүн ам 400

Одоогоор хийгдсэн ажпууд:

7. 22,4 км цэвэр усны шугам

8. 33 УТБ-ыг шугаманд холбосон

9. ЗООмЗ ус шахах хүчин чадалтай насос станц

10. 58,35,102-р сургууль, 109,103-р цэцэрлэг, өрхийн эмнэлэг, гал команд усны усны шугаманд холбогдсон.

Баянгол дүүргийн 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Бичил 7” орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 93 га

11. Одоогийн хүн ам - 5640

12. Нэгж талбар - 856

13. Төлөвлөлтөөр хүн ам - 40000

- Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд 2 орцтой 5 давхар орон сууцны барилга 13 ширхэг, 320 хүүхдийн цэцэрлэг 6, 960 сурагчтай сургууль 4 мөн оффис аж ахуй үйлчилгээний барилга байгууламж төлөвлөсөн.

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 16.5 га,

14. Одоогийн хүн ам - 682

15. Нэгжталбар - 130

16. Төлөвлөлтөөр хүн ам - 2770

- Нийт 130 нэгж талбарыг хамарна. Тус дахин төлөвлөлтийн хүрээнд 12 давхар орон сууцны барилга 16 ширхэг, 12 давхар үйлчилгээтэй орон сууц 3 ширхэг, 1-3 давхар худалдаа үйлчилгээний барилга 4 ширхэг, амины орон сууц 108 ширхэг, 640 сурагчтай сургууль 1, 230 хүүхдийн цэцэрлэг 1 байхаар тус тус төлөвлөсөн.

Багануур дүүргийн 1, 5 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 78.7 га,

17. Одоогийн хүн ам - 4200

18. Нэгжталбар - 270

19. Төлөвлөлтөөр хүн ам - 6052

- Нийт 270 нэгж талбарыг хамарна. Төлөвлөлтөөр хүн ам 6052 хүрнэ. Орон сууцны барилга 60, гэр сууц 1180, худалдаа үйлчилгээний барилга 2 байхаар төлөвлөв.

Сонгинохайрхан дүүргийн 1,2,20 дугаар хороо “Цэргийн хотхон” орон сууцны хороолол 54,0 га

20. Одоогийн хүн ам - 4500

21. Нэгжталбар - 1000

22. Төлөвлөлтөөр хүн ам - 25000

- Нийт 1000 нэгж талбарыг хамарна. Төлөвлөлтөөр хүн ам 25000 хүрнэ. Төлөвлөлтийг 3 бүсэд хуваан хэрэгжүүлэх бөгөөд 2 дугаар бүс болох Толгойтын 88 дугаар цэргийн хотхоны хуучин 1-9, 11, 12 дугаар дан байруудын төлөвлөлтийг "Чогсэрд Констракшн" ХХК гэрээ байгуулан ажиллаж байна. Тус хэсэгт 960 сурагчтай сургууль 4, 720 сурагчтай сургууль 2, 450 хүүхдийн цэцэрлэг 2, 280 хүүхдийн цэцэрлэг 2 мөн томоохон үйлчилгээний төвүүдийг төлөвлөж өгсөн та бүхэн хэлэлцэн батлаж өгнө үү гэв.

Үүний дараа төлөөлөгчид асуулт асууж хариулт авлаа.

Төлөөлөгч Д.Батбаяр: Та бүхний оруулж ирсэн дахин төлөвлөлтийн хоёрдугаар ээлжийн найман байршил чинь хотын төвлөрлийг сааруулах бус харин ч улам нягтаршуулсан. Одоогийн оршин суугчдынх нь тоог 3-7 дахин өсгөсөн байна. Хот ачааллаа дааж хүчрэхгүй, инженерийн шугам сүлжээ, дулааны цахилгаан станцуудын хүчин чадал нь хүрэлцэхгүй ядаж байгаа энэ үед анх ярьж байснаасаа эрс өөр төлөвлөгөөг оруулж ирж байгаа чинь ямар учиртай юм бэ? Ер нь танай байгууллагын бодлого яаж явагдаад байгааг тайлбарлаад өгөхгүй юу?

Мэргэжилтэн: Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нэг л төвтэй байгаа одоогийн нийслэлийг 8 дэд төвтэй хот болгоно гэсэн зорилтыг тавьж тусгасан. Тийм ч учраас одоо байгаа төвлөрлийг задлах үүднээс захын хорооллуудыг бүх үйлчилгээндээ ойр болгон хөгжүүлэхээр ийм төлөвлөлтийг хийсэн.

Төлөөлөгч Д.Батбаяр: За тийм байж. Та нарын хийгээд байгаа энэхүү дахин төлөвлөлт хэрэгжээд эхлэхээр эхнээсээ ашиглалтад ороод ирэхээр уулын орой дээр байгаа айлууд ингэхэд бууж ирэх үү. Гэр хорооллын нягтрал хумигдах уу? Яг тэдэн хувиар буурна гэсэн баталгаа ингэхэд байгаа юу? Одоогийн байдлаар Нийслэл хотод 160 мянган гэрийн яндангаас утаа саагаж байгаа гэсэн тоо байдаг. Энэ яндангуудын тоо хэд болж буурах вэ?

Мэргэжилтэн: Гэр хорооллын хүрээ яг тэд эдэн хувь буурна гэсэн үндэслэлтэй тоон судалгаа байхгүй. Гэхдээ яваандаа бол буурна гэж тооцож байгаа.

Төлөөлөгч Отгонбаяр: Та бүхэн дахин төлөвлөлтийн хоёрдугаар байршлыг тогтоох гэж буйтайгаа холбогдуулан төлөөлөгчдөөс санал ингэхэд авсан уу? Та нарын төлөвлөлтийн план зургийг харж байхад айл битүү шигчихсэн газруудыг сонгосон байх юм. Миний бодоход бол айлууд дахин төлөвлөлтөд хамрагдлаа гэхээрээ л газраа үнд оруулаад үнэрхээд газраа тавьж өгдөггүй бөөн асуудал үүсэх юм шиг санагдах юм. Харин үүний оронд айл амьтан сийрэг, дэд бүтэц, бусад холбоо сүлжээнд холбогдоход хялбар, ажил хэрэг болчиход нээх асуудал гараад байхгүй тийм газруудын айлууд миний сонгогдсон тойргоос хүсэлтээ гаргаад та бүхэн рүү явуулсан санагдах юм. Тэрийг яагаад ажил хэрэгтээ тусгаж аваагүй юм бэ?

-Таны сонгогдсон тойргийн иргэдийн хүсэлтийн дагуу бид бүхэн судалж үзсэн. Тэгэхэд баянзүрхийн товчооны тэр хавийн газруудыг нэлэнхүйд нь том том хэмжээгээр компаниуд худалдаж аваад өмчилчихсөн байсан. Хуулийн этгээдүүдтэй тохиролцож газар чөлөөлөх шиг хэцүү зүйл байдаггүй. Тийм ч учраас энэ удаад орхигдуулсан.

Төлөөлөгч Авирмэд: та нар гэр хорооллыг дахин төлөвлөх хоёрдугаар байршлаа өөрсдөө мэдээд тогтоочихсон уу? Эсвэл иргэдийн санал хүсэлтэнд тулгуурлан хийсэн үү?

Мэргэжилтэн: Иргэдийн хүсэлт болон барилгын компаниудын саналыг хамтад нь тусгаж оруулсан. Хамгийн гол нь байшин үл хөдлөх хөрөнгө багатай, гэр ихтэй газруудыг дахин төлөвлөлтийг хийх байршил болгон тогтоосон.

Төлөөлөгч Л.Шагдаррагчаа: Чиний саяын танилцуулга дээр хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний байршлыг тогтоогоод өгчих юм бол энэ 10-р сардаа бүх ажлаа эхлүүлнэ гэсэн байна. Энэ үнэхээр үнэн үү амжих уу?

НЗД-ын мөрийн хөтөлбөрийн 1.1.2-т айл өрхүүдийг дахин төлөвлөж төвлөрсөн халуун дулааны шугам, цэвэр бохирт холбоно гэж заасан байсан. Гэтэл чиний энэ оруулж ирсэн зүйл чинь тэс өөр, орчин үеийн тавн хаус биш харин орон сууцны нийтийн хорооллын зураг төсөл байна. Энэ нь хэлж ярьж төлөвлөснөөсөө гажаад байгаа юм биш үү?

Бас энэхүү 8 байршлыг яаралтай батлуулах гээд чичрээд дайраад байгаагийн учир ер нь юунд байна. Эхнийхээ 14 байршлын ажлыг аятайхан эхлүүлсэн юм уу за ийм асуултуудад товчхон товчхон хариулаадах.

Мэргэжилтэн: Байршлыг тогтоолоо гэхэд 10 дугаар амжиж ажлаа эхэлнэ гэдэг бол ерөнхийдөө худлаа л даа. Гэхдээ ажлыг эхлүүлнэ амжуулна гээд зүтгэхээр л бид хичээж байгаа. Айл өрх болгоныг дулааны шугамд холбох ажлыг төр дангаараа хийж үнэхээр хүчрэхгүй. Энийг заавал хувийн хэвшлийнхэнтэй хамтарч хийх шаардлагатай байгаа. Гэхддээ шинээр тогтоосон байршлуудад өндөр байшин барьж оолон айл суурьших боломжийг олгохгүй бол хувийн хэвшлийнхэн үүнд оролцох ямар ч сонирхол байхгүй. Гэхдээ бидний баримталж буй зарчим бол гэр хорооллыг дахин төлөвлөхдөө хэт өндөр нягтаршилтай оруулж ирэхийг бодлогоор хорьсон.

Төлөөлөгч Л.Шагдаррагчаа: Чи их буруу ярьж байна. Эцсийн бүлэгт хувийн хэвшлийнхний сонирхолд нийцүүлж хот төлөвлөлтийг хийдэггүй шүү.

Төлөөлөгч Д.Батбаяр: Хот төлөвлөлтийг цогцоор нь хийнэ. Дэд төвд хуваана гэж зориглож ажиллах гэж байгаа юм бол ирэх чуулганд орж ирэхдээ энэхүү дахин төлөвлөлтийг хийснээр яндагийн тоо тэдээр буурна. Гэр хороолол ингэж хумигдана гэсэн тооцоогоо барьж ирээрэй.

Төлөөлөгч авирмэд: Би гэр хорооллыг дахин төлөвлөх ажлыг ерөнхийд нь бол их дэмждэг. Гэхдээ та бүхэн төлөөлөгчдийн саналыг сайтар авч дараа дараагийнхаа ажилд тусгах хэрэгтэй шүү. ТА нарын оруулж ирээд байгаа байршлуудыг хараад байхад хотын ачааллыг сааруулах, дагуулах хотуудаа хөгжүүлэх бүс улам л давхарлаж нягтаршуулах ажлууд байсаар байгаа шүү.

Төлөөлөгч отгонбаяр: Та нар мэргэжлийн хүмүүс байх. Гэхдээ энэ оруулж ирсэн танилцуулга чинь мэргэжлийнх биш байна шүү. Цаашид судалгаа тооцоо ихтэй, өргөн их мэдээлэлтэй материалыг оруулж ирж байгаарай.

Төлөөлөгч Амарбаясгалан: Төлөвлөөд оруулж ирж байгаа чинь сайн хэдий ч өмнөх алдаагаа давтахгүй оруулж ирж байвал сайн байна.

Төлөөлөгч Л.Шагдаррагчаа: Та нар 40 айлыг нүүлгэж газрыг нь чөлөөлөөд түүн дээрээ 400 айлын орон сууцыг барина гэсэн зүйл ярьж байна. Тэгтэл та нарын итгэж түшээд байгаа хувийн хэвшлийнхэн 400 айлынхаа сууцыг 10 жил барих гэж сунжруулбал юу болох вэ? Хэрвээ шалгарсан компани чинь дампуурчихаад бөөн асуудал үүсэх юм бол бүх лай ланчиг нь арай нийслэлд ирэх юм биш биз.

Мэргэжилтэн: Ийм зүйл гарч магадгүй гэж таамагласны үндсэн дээр бид бүхэн шалгаруулалтыг хийхдээ маш олон шалгуур үзүүлэлтийг тогтоосон байгаа. Мөн газраа чөлөөлөж өгсөн иргэдийн гэрчилгээг хот барьцаалж авсан байгаа. Гэрээний хугацаандаа амжуулж бүтээн байгуулалтаа хийсэн компаниудад иргэдийн газрыг өгнө.

Ингээд хорооны гишүүд 8 байршлын асуудлыг ирэх чуулганаар нээлттэй хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрыг чуулган болтолх хоёр өдрийн хугцаанд танилцуулгаа сайжруулж төлөөлөгчдийн саналыг тусган шинээр оруулж ирэхийг үүрэгдлээ. Мөн цаашид бизнесийн ашиг сонирхол нийцүүлэн хот төлөвлөлтийг явуулахгүй байхыг анхаарууллаа.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)