НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : Л.Шагдаррагчаа: Хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг хийхдээ үнийг үндэслэлгүй хийсэн байна

НИТХ-ын төлөөлөгч, Барилга хот байгуулалтын хорооны дарга Л.Шагдаррагчаа өнөөдөр буюу 2013-08-15-ны өдөр Нийслэлийн засаг даргын орлогч С.Очирбат, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа нарт 2013 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний талаар саналыг хүргүүллээ. Тэрээр тус саналдаа

       "2014-2018 онд Нийслэл хотод хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын урьдчилсан саналыг дүүргүүд болон иргэдийн оролцоотой гаргаж, улсын төсөв, нийслэлийн өөрийн хөрөнгөөр гэж хоёр хэсгээр бүлэглэн Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн биднээс санал авахаар ирүүлсэнд талархлаа илэрхийлье. Хөрөнгө оруулалтын ажлын жагсаалттай танилцаад доорх саналыг хүргүүлж байна.Үүнд:

Монгол улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, улс орон нутгийн төсвийн орлогын бүрдүүлэлтэнд учирч байгаа хүндрэл, төгрөгийн ханшийн уналт, валютын ханшийн өсөлтөөс шалтгаалж хөрөнгө оруулалтыг хэрхэн төлөвлөх асуудалд болгоомжтой хандах ёстой болж байна. Ялангуяа ХО-ын ажлын жагсаалтанд хэдийгээр ач холбогдлоор нь эрэмбэлсэн боловч дахин шүүлт хийж зайлшгүй ажлуудыг үлдээж ихэнхийг нь 2014-оны ХО-аас хасахад хүрнэ гэдгийг тооцоолж хувилбартай жагсаалтыг НИТХ-д оруулахаар бэлдэх нь зүйтэй гэж үзэж байна.

1. Төлөвлөлтийг хийхдээ хугацаа болон шаардагдах хөрөнгийн хэмжээг оны хуваарьтайгаар хийж он дамжин хийгдэх хөрөнгө оруулалт, шинэ болон шилжин хэрэгжих ажлын хэмжээ харьцааг үндэслэлтэй тооцсон байх шаардлагатай. Ялангуяа 2013 оны ХО-ын хүлээгдэж байгаа гүйцэтгэлийн тооцоог нарийвчлан гаргасны үндсэн дээр дараа онуудын ХО-ын хэмжээ жагсаалтыг гаргах хэрэгтэй. Ингэснээр Нийслэлийн ХО-ын төлөвлөлтийн үндэслэл сайжирч, төлөвлөлтийн үйл ажиллагааны стандарт горим тогтоно гэж үзэж байна.

2. ХО-ын жагсаалтыг гаргахдаа ажил нэг бүрийн нөхцөл байдал, ач холбогдлыг НИТХ, ЗДТГ, харьяа агентлаг, газар хэлсүүдээс дүүрэг бүрт ажлын хэсэг томилж, тусгай удирдамжтайгаар биечлэн судлуулж тодруулага хийж хурлаар хэлэлцүүлэх, энэ ажлын хэсэг нь 2013 оны ХО-ын төлөвлөгөөний явц байдал хүлээгдэж байгаа гүйцэтгэлийг он дуустал тусгай хүснэгтээр гаргасны дараа Нийслэлийн ХО эрхэлсэн засаг даргын орлогчоор удирдуулсан хурлаар нэг бүрчлэн хэлэлцэж эрэмбэлэн жагсаалтыг шинэчлэх нь бодит байдалд нийцнэ. Ингэснээр ХО-ын ажлын жагсаалтыг мөрөөдлийн жагсаалт бус бодит байдалтай нийцсэн төлөвлөлтийн баримт бичиг болгох сайн талтай.

3. Жагсаалт нь мөнгөн дүн, оны хуваарь, газар талбайн нөхцөл байдал, зураг төслийн бэлэн байдлын мэдээлэлгүй дутагдалтай саналуудын цуглуулга мэтээр харагдаж байна. Ялангуяа газар талбай, инженерийн дэд бүтэц, зураг төсөлгүй обьектуудыг дараа жилийн хөрөнгө оруулалтын жагсаалт, төсөв оруулдаг явдлыг 2013 оноор тасалбар болгон зогсоох зарчмыг хатуу баримтлах ёстой.

4. Нийслэлийн ХО-ыг 2014-2016 онд ямар тэргүүлэх чиглэлд ямар харьцаатайгаар төлөвлөх ажлын эхлэл нь таны ирүүлсэн хөрөнгө оруулалтын энэ жагсаалт, улмаар НИТХ-д оруулах дунд хугацааны ХО-ын төлөвлөгөө байх болно. Иймд дээрх саналуудыг харгалзан үзэж “Нийслэлийн ХО-ын 2014-2016 оны дунд хугацааны хөтөлбөр”ийг боловсруулан 2013 онд багтаан НИТХ-аар батлуулах ёстой гэж үзэж байна. Энэ хөтөлбөрт “Хөрөнгө оруулалтын бодлогын реформ” хийж, тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж, хөгжлийн төлөв хандлагад нийцүүлэн хөрөнгө оруулалтыг төлөвлөх зарчим болон бодлогын шинжтэй доорх саналуудыг хүргүүлж байна.Үүнд:

· Нийслэл хотын төвлөрлийг сааруулах, дагуул хотуудад хүн амыг төлөвлөгөөтэй суурьшуулахад чиглэсэн хөрөнгө оруулалтын арга хэмжээнд Улсаас нийслэлд энэ хугацаанд хийгдэх ХО-ын 40%, Нийслэлийн нийт хөрөнгө оруулалтын 45%, гадаадын зээл тусламжийн 65%-иас доошгүйг жил бүр зарцуулах (2013 онд алслагдсан дүүргүүдэд нийт ХО-ын дөнгөж 6,5% ноогдож байгаад бодлогын реформ хийж төвлөрлийг сааруулах)

· Нийслэл хот руу шилжих хөдөлгөөнийг сааруулах,зохицуулахад чиглэсэн арга хэмжээнд ХО-ын үндсэн 3 эх үүсвэрийн 6%-иас доошгүйг жил бүр төлөвлөж байх

· Инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэлт, засварын ажил болон цахилгаан , дулаан,цэвэр бохир усан хангамж,цэвэрлэх байгууламжийг байгуулахад ХО-ын 3 эх үүсвэрийн 50%-иас доошгүйг жил бүр төлөвлөх (2013 онд 43,7% байгаа)

· Авто замын бүтээн байгуулалт засвар арчлалтыг Гадаадын зээл тусламж болон замын сангийн хөрөнгөөр гүйцэтгэж байх,

· Нийгмийн салбарын ХО-ыг өмнөх жилүүдээс жил бүр 5-8%-иар өсгөх (2013 онд нийт ХО-ын 10,8% байгаа)

· Төрийн байгууллагуудын үйлчилгээний зардал Нийслэлийн нийт ХО-ын 7 орчим хувь байгааг 5%-иас хэтрүүлэхгүй байх, Төр захиргааны ХО-ыг эрс бууруулах

· Гэр хорооллын асуудлыг шийдвэрлэх арга хэмжээнд нийт төлөвлөж байгаа хөрөнгө оруулалтын 15 %-иас багагүйг төсөвлөж байх

· Иргэд байгуулагад олгох нөхөн олговорын хэмжээг нийт орлогын 5 % байхаар төлөвлөх (Одоо 1,7% байгаа)

· Бизнесийн эрх ашиг сонирхлоор хувийн хөрөнгөөр хийгдэх ажлуудыг улс болон нийслэлийн хөрөнгө оруулалтаар төлөвлөдөг практикийг таслан зогсоох зэрэг болно.

5. Нийслэлд хийгдэх томоохон төсөл арга хэмжээ ялангуяа авто замын түгжрэлийг багасгах,Улаанбаатар метро байгуулах, хотын дэд төвүүд байгуулах, дагуул хотуудын зам тээврийн үйлчилгээг сайжруулах хөрөнгийн эх үүсвэрийг төлөвлөхдөө:

· Нийслэл хотын бүтээн байгуулалтын бонд гаргах замаар

· Гадаад улс олон улсын санхүүгийн байгууллагуудын хөнгөлттэй зээл тусламж авах замаар

· Концесс эзэмшүүлэх эрх олгох замаар

· Хөнгөлттэй зээллэг авах замаар

· Ах дүү дэлхийн хотуудын харилцааны шугамаар тус тус шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна.

6. Нийслэлийн төвийн ачаалалыг багасгахад зориулж 2014 оны ХО-ын төлөвлөгөө төсөвт доорх ажлуудыг тусгаж хэрэгжүүлэх саналтай байна.Үүнд:

· 100 айлд ажиллаж байгаа Барилгын материалын захыг Гурвалжингийн гүүрийн урд СОТ-3-ын хойно байрлалтай “Тэх” захад шилжүүлэхтэй холбогдуулан 250 машины битүү авто зогсоол, зам талбай байгуулахад зориулан 1.2 тэрбум төгрөг, шугам сүлжээ шилжүүлэх, бохир усны шугам хийхэд зориулан 220 сая, орчны гэрэлтүүлэг, үерийн шуудуунд зориулан 88 сая төгрөг, эдгээр ажлын зураг төсөлд 12 сая төгрөг бүгд 1500,0 сая төгрөгийг тусгуулах

· БХБЯ-ны байрны урд байрлах Барилгачдын талбайн орчмын гэрэлтүүлэг болон автозогсоолын шинэчлэлт тохижилтонд шаардагдах 48 сая төгрөгийг 2013 оны төсөвт суулгах

· Нийслэл хотын инженерийн эх үүсвэрүүд, дэд бүтэцийн өнөөгийн ачаалал, хүрэлцээ хангамжийн нарийвчилсан тооцоолол гаргаж, авах арга хэмжээний санал, өвлийн улирлын ажиллагааны горимын аргачлал боловсруулж, ажиллах “Инженерийн байнгын баг”-ийг 2014 оноос НЗД-ын ажлын албанд, жижүүрийн ерөнхий төлөвлөгөө гаргаж,газар барилгажилтын байнгын хяналт тавьж мэдээллээр хангах “Хот байгуулалтын шуурхай хэсэг” Нийслэлийн ЕТГ-т ажиллуулахтай холбоотой зардлыг 260 сая төгрөгөөр төсөвт тусгах саналуудыг гаргаж байна.

7. ХО-ын төлөвлөлтийг 2013 онд хийсэн байдлаас харахад төлөвлөж байгаа төсөл арга хэмжээний үнийг үндэслэлгүй тогтоосон, улсын хэмжээнд мөрдөж байгаа нэгж хүчин чадлын хөрөнгө оруулалтын нормыг индексжүүлэн ашиглаагүй, зураг төслийн үнийг БХБЯ-наас баталсан зураг төслийн жишиг үнийг баримтлахгүй төсвийн мөнгийг илүү зарцуулсан дутагдалыг дараагийн ХО-ын төлөвлөлтөнд гаргахгүй байх ( Зөвхөн Багануур дүүргийг авч үзэхэд ХО-д дулаан хангамжийн үл хамаарах системд шилжүүлэх холболтын зураг төсвийг 54 саяаар, хүчдэлийн уналттай айл өрхийн зураг төслийг 24 саяар, цэцэрлэгийн барилгын холболтын зураг төсвийг 40 саяар, хогийн төвлөрсөн цэгийн зураг төслийг 12.5 саяаар, бага сургуулийн барилгын зургийг 31 саяар, 90 ортой эх нялхасын эмнэлгийн зураг төслийг 100 саяаар, залуус хорооллын дэд бүтцийн зураг төслийг 100 саяаар, дотуур байрны зургийг 30 саяаар тусгасан нь бодит үнээсээ 4-6 дахин өндөр байгааг залруулах, бусад дүүрэг болон хотын зураг төслийн үнэ бүгд ийм байгааг шалгаж залруулах ёстой.

Дээрх саналтай холбоотойгоор тодруулага, тайлбар шаардлагатай бол гаргаж өгөх бөгөөд та бүхний ажилд өөрийн зүгээс туслан дэмжиж хамтран ажиллахад баяртай байх болно." гэжээ.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)