НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгон өөрчиллөө

Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгон өөрчиллөө


2013-07-15-ны өдөр Нийслэлийн төрийн захиргааны байранд НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан боллоо. Тус хуралдаанд НИТХ-ын дарга Д.Баттулга, тэргүүлэгч Д.Батбаяр, Л.Сайнтөгс, Л.Наранбаатар, Ц.Энхцэнгэл, Р.Дагва, Төмөрбаатар, Амарсайхан нар оролцлоо. Хуралдаанаар

  1. Замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам
  2. Нийслэлийн нутаг дэвсгэрт газрын эрх олгох, шилжүүлэх харилцааг зохицуулах журам
  3. Нийслэлд нэн шаардлагатай байгаа шинэ техник, ноу-хауг нэвтрүүлж, нутагшуулах төслийг хэрэгжүүлэх журам
  4. Сүхбаатарын талбайг Чингис хааны нэрэмжит талбай болгон өөрчлөх асуудлуудаар хуралдав.

Хурлын өмнө Тэргүүлэгч Р.Дагва: 1946 онд Сайд нарын зөвлөлийн тушаалаар Нийслэлийн төв талбайг Сүхбаатарын талбай хэмээн нэрийдсэн байдаг. Үүнээс хойш уг талбайг Сүх жанжины талбай хэмээн улс орон даяараа хэлж нэрлэсээр ирсэн. Гэтэл одоо Чингис хааны талбай болгон нэрийг нь өөрчлөхөөр яарч байгааг бид бүхэн дэмжиж болохгүй. Энэ талаар Нийслэлийн иргэдээс ядаж санал хүсэлтийг нь авч бүх нийтээр нэрлээд заншсан талбайн нэрийг өөрчлөх асуудлаар хэлэлцсэн нь дээр гэсэн саналыг оруулсан боловч тэргүүлэгчид тэгэх шаардлагагүй өнөөдөртөө хэлэлцэнэ хэмээн буцаалаа.

Ингээд хуралдааны нэгдүгээр асуудал “Замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ын танилцуулгыг Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Л.Батцоож хийлээ.

Тэрээр “Одоогоос хоёр жилийн өмнөөс эхлэн манай хот хяналтын камеруудыг Нийслэлийнхээ төв замын дагуу байршуулж хяналт тавьсаар ирсэн. Гэвч ингэснээр авто замын ослын тоо бага хэмжээгээр буурч замын хөдөлгөөнд оролцогчдын соёл дээшилсэн боловч энэ нь хангалттай үр дүнд хүргэхгүй байна. Өнөөдрийн байдлаар нийслэл хотод өдөртөө хурд хэтрүүлсэн зөрчил 579, гэрэл дохио зөрчиж улаан гэрлээр дайрсан зөрчил 250 удаа гарч байгаагаас иргэд замын хөдөлгөөндөө ямар хариуцлагагүй оролцож байгааг харуулж байна. Түүнчлэн өнгөрсөн онд л гэхэд нийслэл хотод авто замын ослоор 124 хүн нас барж, 5205 хүн хүнд хөнгөнөөр бэртэж гэмтсэн. Энэ бүхнийг цэгцлэхийн тулд зам хөдөлгөөн зөрчсөн тохиолдол бүрийг бүртгэж тэдгээрийн оршин байгаа хаяг руу торгуулийн хуудсыг илгээж захиргааны хариуцлага тооцуулах шаардлага үүнээс урган гарч байна. Торгуулийн хэмжээ нь иргэнд 5000-10000 төгрөг, байгууллага аж ахуй нэгжид 50000-200000 байхаар тогтоосон. Зөрчил гаргасан жолооч торгуулийн хуудсыг авснаас хойш 14 хоногийн дотор торгуулийн мөнгийг төрийн дансанд шилжүүлээгүй тохиолдолд жолооны үнэмлэхийг нь хураан авах хүртэл хариуцлагыг тооцохоор тусгасан байгаа. Та бүхэн тогтоолын төслийг батлан шийдвэрлэж өгнө үү” гэв.

Үүний дараа тэргүүлэгчид Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Л.Батцоожоос зарим зүйлийг тодрууллаа.

-Тэргүүлэгч Р.Дагва: Та бүхний оруулж ирсэн төслийг харж байхад зөвхөн гэрэл дохил зөрчсөн, хурд хэтрүүлсэн хүмүүст хариуцлага тооцох журам байна. Буруу газар машинаа тавьснаас үүдэн замын түгжрэл үүсгэсэн нөхдүүдтэй хариуцлага тооцох зүйл огт харагдахгүй байна. Ийм зүйл оруулж болоогүй юм уу? Иргэнийг болохоор 10000 төгрөгөөр, аж ахуйг болохоор 50000-200000 гэж ялгаварлаж байгаа нь ямар учиртай юм бэ?

-Л.Батцоож: Энэхүү журам маань замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам байгаа юм аа. Юу гэвээс замын хөдөлгөөний төхөөрөмжинд бүртгэгдсэн зөрчил гаргасан хүмүүсийг л торгоно. Харин цаашдаа буруу газар машин тавьсныг тогтоох камертай болсон тохиолдолд тэдгээр зөрчилд хариуцлага тооцох журмыг оруулахад болохгүй гэх зүйл байхгүй. Торгуулийн төлбөр ялгавартай байгаа нь захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад хуульд заасан үндэслэлийг баримталснаас болсон.

-Тэргүүлэгч Амарсайхан: Энэхүү камеруудын хүчин чадал нь ямархуу вэ? Бүдэгхэн чанаргүй зураг дарснаар эсвэл буруу тооцож алдаа гаргаснаар иргэдийг хэлмэгдүүлэн чирэгдүүлэх юм биш биз. Торгуулийн хуудсыг Монгол шуудангаар хүргүүлэхээр гэрээ хийсэн гэсэн байна. Шуудангаар хүргэх зардлыг тэгэхээр хэн хариуцах юм бэ?

-Л.Батцоож: Камеруудын маань хүчин чадал маш сайн гэдгийг онцолж хэлье. Эдгээр камеруудыг яг одоогийн байдлаар дэлхийн хөгжингүй орнууд ашиглаж байгаа. Түүнчлэн бид эдгээр камеруудыгаа гурван жил туршин ашиглаж ямар ч алдаа мадаггүй ажилладаг гэдгийг нь баталгаажуулан стандартчилал хэмжилзүйн газраас албан ёсны гэрчилгээг авсан байгаа. Харин торгуулийн хуудсыг иргэдэд тараах зардлыг төр хариуцахаар заасан. Энэ дагуу бид бүхэн Нийслэлийн төсвийн тодотголоор шаардлагатай байгаа 480 сая төгрөгөө тусгуулсан. Бүх ажил эхлэхэд бэлэн байгаа.

-Тэргүүлэгч Д.Батбаяр: Зөрчил гаргасан гэдгийг нь хэрхэн баталгаажуулах вэ? Мөн зөрчил гаргасан иргэнд торгуулийнх нь хуудсыг хэдэн хоногт хүргүүлэх вэ? Хуудас эзэндээ хугацаандаа очоогүйгээс үүдсэн хугацаа алдсан зүйл гарах уу?

-Л.Батцоож: Манай камерууд өөрсдөө зөрчил гаргасан тохиолдол бүрийг автоматаар бүртгэж нэгтгэж байх юм. Харин тэрхүү нэгтгэлд ирсэн материалууд нь хэр үндэслэлтэй эсэхийг манай мэргэжилтнүүд тогтоож гэрэл зураг болон бусад зүйлээр баталгаажуулан торгуулийнх нь хуудсыг бичнэ. Торгуулийн хуудсыг гарснаас хойш хамгийн цаад тал нь 24 нь цагийн дотор хүргэж өгнө гэдгийг Монгол шуудангийнхан мэдэгдэж энэ тухайгаа гэрээндээ заасан байгаа. Хэрвээ зөрчил гаргасан жолооч өөрийн хаяган дээрээ байгаагүй тохиолдолд гар утас руу мэссэж болон бусад хэлбэрээр хүргэх ажлыг үүрэн холбооны гурван оператор хариуцаж ажиллана.

-Хурлын дарга Д.Баттулга: Торгуулийг хугацаандаа төлөөгүй хүнтэй ямар хариуцлага тооцох вэ?

-Л.Батцоож: Цагдаагийн эрх бүхий албан тушаалтан хариуцлага тооцно. Төлбөрөө төлөх хүртэл нь үнэмлэхийг нь машиных нь бичиг баримтын хамт хураах байх. Харин төлбөрт алданги тооцохгүй.

-Хурлын дарга Д.Баттулга: энэхүү ажлыг эхлэхээсээ өмнө сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр маш сайн хийгээрэй. Энэ тогтоолын төсөлд хугацаа заагаагүй байна. Гэхдээ бид нэмэлтээр 8-1ээс эхлэн хэрэгжиж эхлүүлэхээр оруулъя. Хамгийн гол нь тогтоолыг хэрэгжүүлэх явцдаа иргэдийг чирэгдүүлсэн гаргахгүй байхыг анхаарууллаа шүү гэв. Ингээд энэхүү тогтоолын төсөл дэмжигдсэн юм.

Харин НИТХ-ын тэргүүлэгчдээс гаргасан 4-р тогтоол нь олны анхаарлыг нэлээн татсан асуудал байлаа. Энэ бол Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилсөн явдал юм. Олон түмний дунд Сүх жанжины талбай хэмээн алдаршсан талбайг маргаашнаас эхлэн Чингисийн талбай хэмээн нэрийдэх болсон бөгөөд тогтоол батлагчид нэрийг нь л өөрчилснөөс биш талбайг өөрчлөхгүй Сүхийн хөшөө байдгаараа л байх болно гэсэн юм.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)