НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : ДӨРВӨН БАЙНГЫН ХОРООНЫ ХАМТАРСАН ХУРАЛДААН БОЛЛОО

ДӨРВӨН БАЙНГЫН ХОРООНЫ ХАМТАРСАН ХУРАЛДААН БОЛЛОО


2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хангарьд ордонд Барилга, хот байгуулалтын хороо, Гэр хорооллын хөгжлийг дэмжих хороо, Өргөдөл гомдлын хороо, Хуульзүй төрийн байгуулалтын хороодын хамтарсан хуралдаан боллоо. Хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч Л.Шагдаррагчаа, Н.Баяраа, С.Ононбаяр, Д.Энхсайхан, Д.Оросоо, Р.Дагва, Одонтунгалаг, Сайнтөгс, Нарантуяа, Отгонбаяр, Очирбат, Бадарсан нарын төлөөлөгчид оролцлоо.

Хуралдаанаар

1. Нийслэлийн Төсвийн Ерөнхийлөн Захирагчийн 2012 оны аудитлагдсан санхүүгийн нэгтгэсэн тайлан

2. 2012 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай

3.Нийслэлийн 2013 оны төсөвт тодотгол хийх тухай асуудлуудыг хэлэлцлээ.

Хурлын эхэнд Н.Батаа /Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч/ хуралдаанаар хэлэлцэх асуудлуудаар мэдээлэл хийсний дараа төлөөлөгчид асуулт асууж хариулт авлаа.

Төлөөлөгч Л.Шагдаррагчаа: 1-рт Аудит төрийн сангийн хэлтсийн нөхдүүдээс асууя? Нийслэлийн орлогын төлөвлөгөө 1,6-9,5 хувиар давж биелсэн зарлага 30-40 хувиар тасарсан гэдэг зүйл харагдаж байна. Түүнчлэн бидэнд танилцуулж буй материалаас харахад яг ямар зардал яаж гарч байгаа гэсэн гэдэс дотрыг задалсан юм харагдахгүй байна. Үүн дээр эдийн засгийн шинжилгээ хийж дүгнэлт өгөөгүй байна. Энэ ямар учиртай юм бэ? Хэдэн тоог харьцуулсан статистик харьцуулалтаар төсвийн тооцоог хүлээж авмааргүй байна. Үүнд тайлбар өгөөч ээ?

2-рт Зарцуулаагүй сул чөлөөтэй мөнгөн хөрөнгө их хэмжээгээр байна. Энэ мөнгөө өсгөх ямар арга хэмжээг авч байгаа вэ? Мөнгөн урсгалын тайлан харагдахгүй байна. Зээл тусламжаар орж ирсэн мөнгө байхгүй байна. Тэрийг яагаад оруулаагүй вэ?

3-р асуултыг Батаа даргаас асууя? Нийслэлийн хөрөнгө нэмэгдээд байдаг. Гэтэл энэ тайлан дээр хөрөнгийн өөрчлөлтийн тайлан огт харагдахгүй байна. Нийслэлийн хөрөнгө яаж нэмэгдсэн бэ нөгөө бонд нтрээр орж ирсэн мөнгийг яагаад дурдахгүй байна. Эдийн засгийн чадавхийг сайжруулахтай холбоотой тайлан яагаад байхгүй байна. Цаашдаа гарах уу? Ер нь нийслэлийн өнөөгийн санхүүгийн чадамж ямархуу байгаа вэ?

Нийслэлийн ерөнхий аудитор Очирбат: Улаанбаатар хотын төсвийн тайлангийн мэдээлэлд аудит хийж дуусгаад та бүхэнд өргөн бариад байна. Санхүүгийн тайлан төсвийн гүйцэтгэлийн тайлан дээр холбогдох дүгнэлт, зөвлөмж, албан даалгавар мөн түүнчлэн аудитын гэрчилгээг олгосон байгаа. Нийслэл 2012 оны орлогын төлөвлөгөөг 330,7 тэрбумыг бүрдүүлэхээс одоогийн байдлаар 16,7 тэрбумын орлогыг давуулаад байгаа. Үүнийгээ дотор нарийвчилсан шинжилгээг хийгээд үзэхэд татварын болон татварын бус орлогын төлөвлөгөө биелэгдсэн хөрөнгийн үйлчилгээний орлого тасалдсан байгаа. Нийслэлийн төсвийн гүйцэтгэлийн зарлага 425,5 тэрбум байхаас одоогоор 267 тэрбумыг зарцуулж батлагдсан төлөвлөгөөнөөсөө 157 тэрбумыг зарцуулаагүй байна. Энэ нь юунаас болсон гэхээр төлөвлөгөө нь маш оновчгүй болсонтой холбоотой. Мөн батлагдсан төлөвлөгөө хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байгааг харуулж байна. Хөрөнгийн хэмнэлт гэхээсээ илүүтэйгээр бодит ажил тасалдсан зураг төсөв байхгүйгээс үүдэж хойшилсон ажлууд дийлэнх хувийг нь эзэлж байна. Санхүү төрийн сангийн хэлтэсээс өгсөн мэдээллээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй ажил 2011 онтой харьцуулахад 28,8 тэрбум төгрөг буюу 45,2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн ажлын хувьд 60 сая төгрөгөөр буюу 57 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 2012 онд нийслэлийн төсвөөр 243 тэрбумын бүтээн байгуулалт, замын сангаас 14,5 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийхээр төсөвлөсөн. Нийслэлийн төсвийн тэнцэлийн хувьд гэвэл НИТХ-аас хотын төсвийн нийт орлогыг 417,2 тэрбум байна. Хотын төсвийн зарлага 414,2 тэрбум байхаар тооцож, төсвийн нийт тэнцэл 3 тэрбумын ашигтай байхаар баталсан. 2012 онд дүүргүүдийн төсвөөс 22,4 тэрбумыг төвлөрүүлж, 8,7 тэрбумын санхүүжилтыг дүүргүүдэд олгосон. Улсаас олгосон санхүүгийн дэмжлэг 109,1 тэрбум төгрөг, гадаад зээлийн эх үүсвэрээс 1,9 тэрбум төгрөг, өмнөх оны орлого давалтаас 17,5 тэрбум төгрөгийг тус тус ашигласан байна. Ингээд үзэхээр 2012 оны төсвийн нийт тэнцэл 79,5 тэрбумын ашигтай урсгал тэнцэл нь 24,5 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байгаа. Гэхдээ эдгээр тоо нь бодит ашиг гэхээсээ илүүтэйгээр батлагдсан ажлууд хийгдээгүйтэй холбоотой гарсан ашиг гэдгийг ойлгох хэрэгтэй. Санхүүгийн нэгдсэн тайлан дээр ганц хоёр зүйлийг нэмж хэлэхэд Улаанбаатар хотын төсвийн ерөнхийлөн захирагчийн 2012 оны нэгдсэн тайланг гаргахын тулд нийслэлийн өмчит 214 байгууллагыг хамруулан шалгасан. Үүнээс зөрчилгүй дүгнэлт 52, хязгаарлалттай дүгнэлт 36, сөрөг санал дүгнэлттэй 2 байгууллага гарсан. Тэр хоёр нь улаанбаатар зам арчлалт компани багахангайн боловсруулах үйлдвэр байгаа. Тайланд нэмж хэлэхэд 14,9 тэрбумын зөрчил, журам заавар зөрчсөн 13 тэрбум нийт 29,1 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Аудитын явцад 10,2 тэрбумын залруулгыг хйисэн. 2,5 тэрбумын албан шаардлагыг хүргүүлж ажилласан. Залруулагдаагүй 18 төгрөгийн хувьд гэвэл хязгаарлалттай санал дүгнэлтийг хүргүүлээд байна.

Төлөөлөгч Л.Шагдаррагчаа: хэрвээ та бүхэн санхүүгийн тайланг хэлэлцүүлэх гэж байгаа бол орлого нэмэгдсэн хүчин зүйлийн эдийн засгийн шинжилгээ, зарлага хэтэрсэн эдийн засгийн хүчин зүйлийн шинжилгээ хийснээ л үзүүлээч. Яг энэ хоёрыг хийхээр шал өөр дүгнэлт гардаг байхгүй юу? Өөрсдөө чаддагүй юм бол өөр мэргэжлийн байгууллагуудаар хийсэн зүйл байна гэж л би асуугаад байна ш дээ.

Нийслэлийн засаг даргын орлогч Батаа: Ер нь хөрөнгийн өөрчлөлтийн тайлан хагас жилээр гарна. Энэ оны хувьд гэвэл манай хот өөрсдийнхөө хөрөнгийг бүрэн бүртгэж авах ажлыг нэлээн далайцтай хийж байгаа. Оны эхний улиралд хотынхоо бүх өмчийг тоолж бүртгэсэн. Одоо нийтийн эзэмшлийн зам талбай худаг усны тооллогыг хийж байгаа. Оны эцэс гэхэд улаанбаатар хотынхоо бүх хөрөнгийг тоолж нэгдсэн дүнг гаргаж авахаар ажиллаж байна. Одоогоор хагас жилийн тайланг хийж байгаа болохоор хөрөнгийн өөрчлөлтийн тайланг бэлтгэж оруулж ирсэнгүй.

Төлөөлөгч Л.Шагдаррагчаа: Энэ онд нийслэлийн нийтийн зам талбайг сайжруулах зорилгоор 104 тэрбумыг төсөвлөсөн. Одоо энэ мөнгөөр бүтээн байгуулалт ид хийгдэж байгаа. Тэгээд намар бүтээн байгуулалт дуусч улсын комисс акт гаргаж албан ёсоор хүлээж авахтай зэрэг нийслэлийн хатуу хөрөнгө ч гэсэн зэрэг өсч байх ёстой. Ийм бүртгэлийг та нар хийж байгаа юу?

Засаг даргын орлогч Батаа: тэгэлгүй яах вэ. Бүртгэж байгаа. Гэхдээ өмнө нь бүртгэгдээгүй байсан маш их хөрөнгө байгаа тэрийг бас давхар бүртгэж байгаа.

Төлөөлөгч С.Үнэн: манай нийслэлчүүдийн амьралд нэгэн төвөгтэй асуудал байдаг. Тэр нь туул голын бохирдлын асуудал. Бас баруун дүүргийн маань хөгжил төв цэвэрлэх байгууламж, харгиа цэвэрлэх байгууламжийн газраас болоод зогсонги байдалд орчихоод байгаа. Цаашлаад хүүхдүийн өвчлөл, архаг хууч, хорт хавдрын шинжтэй өвчлөл үүнээс үүддэн гараад байгаа. Мал амьтны өвчлөлийг ярих ч шаардлагагүй болсон. Нийслэлийн удирдлагууд 4-р сард хуралдаад харгиа цэвэрлэх байгууламжийг нэгтгэх юм ярьж байсаан. Би тэр үед УСУГ-ын хувиар санал хүсэлтээ ч хэлж байсан энэ хоёр газрыг нэгтгэх нь хамгийн зөв. гэхдээ хууль эрхзүйн хувьд техник технологийн шинэчлэлийг хийснийхээ дараа л нэгтгээрэй гэсэн саналыг хэлсэн. Манай инженерүүд хуралдаад 11 тэрбум төгрөгийн шинэчлэлтийг зайлшгүй хийхгүй бол болохгүй гэсэн саналыг гаргасан боловч хэтэрхий том байна гэсэн учраас бид бүхэн ядаж 3 тэрбумыг төсвийн тодотголд оруулж өгөөрэй тэгж л байж, бохир халих, ачааллаа дийлэхээ болих зэрэг асуудал гарах нь эрс багаснаа гэдгийг уламжилсан. Харамсалтай нь энэ төсвийн тодотголд ороогүй байгаад байхын. Ач холбогдлоороо нэгд эрэмбэлэгдэх ажлыг оруулахгүй орхих аваас манай байгууламж цаашид нийслэлийн бохирдлыг цэвэрлэж хүчрэхээ байх гээд байнаа. Тэгснээр Туул гол руу цэвэршүүлсэн усыг шахаж чадахаа байх гээд байгааг анхаарч үзээрэй.

Засаг даргын орлогч Батаа: Та яах вэ одоо төлөөлөгчийнхөө хувиар саналаа хүргэж байгааг ойлгож байна. Гэхдээ та бичгээр УСУГ-ын даргынхаа хувиар өнөөдрийг хүртэл ийм хүсэлтийг нэг ч удаа оруулж ирээгүй шүү дээ. Яах вэ Бат-Эрдэнэ /Нийслэлийн Засаг даргын орлогч/ даргаас надад нэг цаас ирж байсан. Тэнд нь зүгээр л тооцоо байснаас биш хүсэлт байгаагүй. Гэхдээ энэ ажлыг бид бүхэн нэг бүрчдэн шалгаж үзнэ. Өмнө нь засвар хий гэж бид мөнгө өгсөн. Тэр мөнгөөр ямархуу засвар хийснийг нь Бадралт даргаар өөрийнх нь биеэр явуулж шалгуулна. Тэгээд хийгдсэн ажлыг нь шалгаад хийгдээгүй хэсгийг нь тогтоолгох ажлыг хийлгэнээ.

Төлөөлөгч С.Үнэн: манайд мөнгө санхүү өмнө орж ирсэн тодорхой ажлууд ч гэсэн хийгдсэн. Гэхдээ дахиад 3 тэрбумын санхүүжилт шаардлагатай байгаа. Анх 4,7 тэрбмуыг төсөвлөсөн атлаа одоогоор 2,3 тэрбумын шинэчлэлтийг л хийгээд байгаа. Хэрвээ шинэчилж л байгаа юм бол нэг мөсөн л шинэчлэх ёстой. Тэгээгүй байж шинэчлэл гэж ярих боломжгүй.

Засаг даргын орлогч Батаа: Ер нь энэ асуудалд бид их анхаарч байгаа. Юуны түрүүнд эдгээр шинэчлэлтийг нь хийе. Цаашдаа туул голын ай сав газрыг хамгаалалтандаа авъя гэдэг асуудлыг ярьж байгаа. Туул рүү үйлдвэрийн газрууд бохироо шууд шахахаа больж төв цэвэрлэх байгууламж руу шилжүүлдэг байя гэдэг асуудлыг шийдэх гээд ажиллаж байгаа.

Үүний дараа төлөөлөгч нар саналаа уламжилсан юм.

Төлөөлөгч Л.Шагдаррагчаа: Улаанбаатар хотод бүтээн байгуулалтыг хийхэд мөнгөний асуудал байхаа больчихсон нь үнэхээр сайхан байна. Гэтэл үүний хажуугаар бүтээн байгуулалтыг хийх ажил үнэхээр хангалтгүй байна. Энэ онд л гэхэд 50 хүрэхгүй хувьтай байгаа нь үнэхээр тааруу байна. Батаа даргад анхааруулж хэлэхэд төлөвлөлтийнхөө ажлыг энэ жил сайтар хийгээрэй. Зураг төсөв нь гараагүй, газар нь шийдэгдээгүй ажлыг төсөв төлөвлөгөөнд огт оруулж болохгүй шүү. Төсөв батлах гэхээр юу нь ч батлагдаагүй баахан ажлыг оруулж өчнөөн мөнгө төсөвлүүлчихээд тэрийгээ хэрэгжүүлж чадахгүйд хүрч байгаа аж ахуй нэгжтэй НИТХаас хатуу хариуцлага тооцно шүү. Нарантуяа дарга ч гэсэн нэг их зузаан цаас барьчихсан тодотголд оруулж байна. Энэ ажлаа яг хийж дуусгаарай. Зураг төсөл, газар зэрэг асуудлууд бүгдийг нь шийдсэн биз дээ гэж хэлмээр байна. Он дуустал дахиж төсвийн тодотгол хийнэ гэж байхгүй шүү. Хуралд энэ асуудлыг оруулахыг бүгдийг нь дэмжиж байна.

Төлөөлөгч Одонтунгалаг: Бид төсөв баталж тодотгол хийдэг. Гэвч энэ ажил шударга бус байгаад байнаа. Төлөөлөгч нар төсвийг батлах эрхтэй шигээ бас төсвийн тодотгол хийх ажилд өөрсдийнхөө саналыг оруулах эрхээ эдэлмээр байна. ЗДТГ-ын хэдэн дарга нарын орулж ирсэн саналыг зөв бурууг нь мэдэхгүй батлаад байгаагаа цаашдаа больё. Төсөв төлөвлөгөөг бид нар батлаад л байдаг гэтэл гүйцэтгэж чадахгүй явдал гараад байхаар яах юм бэ. Сая танилцуулсан дүнг харж байхад үнэхээр хангалтгүй байна. Энэ засгийн газар өөрчилж шинэчлэе гэж гарч ирсэн гэтэл өмнөхөөсөө юугаараа өөр байгаа юм бэ? Иргэдийг төлөөлж тэднийхээ саналыг оруулж байгаа зүйл хаана байгаа юм бэ? Бид нар иргэдээ төлөөлж санал оруулж чадахгүй байхад яаж иргэдийн саналыг эд нар оруулдаг юм бэ ёстой харагдана ш дээ. Ажлаа хийж чадахгүй байгаа. Батлаад өгсөн төсвөөр ажлаа хийж чадахгүй байгаа хүмүүстэй хариуцлага тооцдог больё. Одоо бүх сонгууль өнгөрчихлөө улс төрчихгүйгээр, олонхоороо түрий барихгүйгээр, нам эвслээрээ талцахгүйгээр одоо иргэдийнхээ төлөө ажиллая л даа. Би энэ төсвийн тодотголыг судалж үзэхэд үнэхээр хэрэггүй ажлууд байна. Тухайлбал тоон технологийг хэрэгжүүлэхэд тэдэн тэрбум, машин авахад тэдэн тэрбум, хэвлэлийн газар байгуулахад 1 тэрбум, хогний уут тараахад 3 тэрбум ч гэх шиг хачин юмнууд олноороо ороод иржээ. Засгийн газрын хийх ёстой тоон технологийн ажилыг нийслэл хийх ямар хэрэгтэй юм. Хэвлэлийн компаниуд өндөр түвшинд хөгжчихөөд байхад бид нар бас өөрсдөө тийм юм байгуулж яахын. Баянголчууд хогны уут нтр гэхгүйгээр хогоо шийдчихээд байхад бид тийм уутыг иргэдэд тараахад 3 тэрбумыг хийсгэж яах юм бэ? Яасан их илүүдээ гарчихсан мөнгө вэ? Хогны уутыг айлуудад өгчихөөр хоггүй болно гэдгийг ямар судалгаа тооцоогоор хийсэн юм бэ? Энэ мэтчилэнгийн асуудлуудаа сайн тайлбартайгаар чуулганд оруулж ирээрэй тэгэхгүй бол унагаана шүү. Энэ асуудалд төлөөлөгчид бид нар хатуу байр суурьтай байх хэрэгтэй гэв.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)