НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : НИТХ-ЫН ЭЭЛЖИТ 10-Р ЧУУЛГАНЫ МЭДЭЭ

НИТХ-ЫН ЭЭЛЖИТ 10-Р ЧУУЛГАНЫ МЭДЭЭ

 Өнөөдөр буюу 2013-05-30-ны өдөр НИТХ-ын ээлжит 10 дугаар чуулган Хангарьд ордонд 09 цагаас эхэллээ. Тус чуулганд НИТХ-ын дарга Д.Баттулга, хотын дарга Э.Бат-Үүл, төлөөлөгч Н.Баяраа, С.Ононбаяр, Д.Батбаяр, Л.Шагдаррагчаа нарын тэргүүтэй 34 төлөөлөгч оролцов. Хурлаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд эзэмшүүлэх, өмчлүүлэх газрын байршил тогтоох тухай, Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих тухай, Нийслэлийн нутаг дэвсгэрт авто замын далан барих зориулалтаар дайрга ашиглах тухай, Нийслэлийн нутаг дэвсгэрт рашаан, хот тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хар шороон хөрсийг ашиглах асуудлуудыг хэлэлцлээ. Хурлын эхэнд Нийслэлийн засаг даргын орлогч Очирбат Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих тухай асуудлын танилцуулгыг хийлээ. Очирбат орлогч “Эрхэм хурлын төлөөлөгчдөө, Бид бүхэн өнгөрсөн өвөл гэр хорооллыг дахин хөгжүүлэх 12 байршлыг тодруулж, дахин төлөвлөлтийг гардан хэрэгжүүлэх үндэсний компаниудаа сонгон шалгаруулж гэрээ байгуулж батламжилсан. Ингэснээр гэр хорооллыг дахин төлөвлөх ажил зарим газруудад эхлээд байна. Бид бүхэн гэр хороолын иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхийн тулд санхүүжилт авах зорилгоор азийн хөгжлийн банктай санамж бичиг зурж, гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлэх хөтөлбөрөө боловсруулаад байна. Ингэснээр СХД-ийн алслагдсан 7, 8, 9, 10, 28-р хорооны нутаг дэвсгэр нийт 1620 га талбайд СБД-ийн 19, ЧД-ийн 16, 18 хорооны 1560 га талбайг хамарсан хоёр дэд төвийг дахин төлөвлөж Сэлбэ, Баянхошуу гэсэн төвийг байгуулахаар төлөвлөлөө. Энэхүү шинэ суурьшлын бүсэд маань 200 гаруй мянган хүн оршин суух нийгэм, төрийн бүхий л үйлчилгээг гэрийнхээ ойр орчмоор авдаг болох нөхцөл байдал бүрдэхийн зэрэгцээ гол авто замуудаа дагасан инженерийн шугам сүлжээ байгуулагдах юм. Энэхүү ажил бодит хэрэг болоход иргэдийн оролцоо нэн чухал шаардлагатай байгаа билээ. Энэ хөтөлбөр маань УИХ-аас баталсан нийслэл хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийцэж байгаа иж бүрэн төлөвлөлтийн ажил байх юм аа. Азийн хөгжлийн банкнаас санхүүжилт авч хийснээр дараах дөрвөн эерэг үр дүн гарна. Үүнд:

- Орон зайн хэмжилтийг дахин хийж, авто зам инженерийн шугам сүлжээг өргөтгөх, оршин суугчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн нийгэм эдийн засгийн үйлчилгээг ард иргэдэд хүргэснээр хотын хэт төвлөрөл саарна гэж үзэж байгаа.

- Дахин төлөвлөлтийн ажлыг иргэдийн санаачлага дэмжлэгийн үндсэн дээр гүйцэтгэнэ.

- Баянхошууг дахин төлөвлөх ажил нь УИХ-аас батлагдсан ерөнхий төлөвлөгөөтэй уялдаж байгаа бөгөөд 2020, 2030 он хүртэлх хүн амын өсөлтийг тооцоолон гаргаж тус төвд амьдарч буй иргэдэд зайлшгүй шаардлагатай эмнэлэг, сургууль, цэцэрлэг, үйлчилгээний төвүүд, соёлын үйлчилгээний газрууд, зам талбайн гэрэлтүүлэг зэрэг нийгмийн бүхий л үйлчилгээний дэд бүтэц инженерийн шугам сүлжээ багтсан байгаа.

- Энэхүү ажлын санхүүжилт нь НЗДТГ, Азийн хөгжлийн банкны хамтарсан гэрээнд үндэслэсэн зээлийн мөнгөөр бүрэн хийгдэнэ. Ингэснээр дараах 4 эерэг үр дүн гарна хэмээн бид тооцож байна.

- Хорооны оршин суугчдийн дэмжлэгтэйгээр инженерийн шугам сүлжээг шинээр байгуулж, эмнэлэг сургууль хорооны байр, бусад бүхий л үйлчилгээг иргэдэд ойртуулна. Ингэснээр зөвхөн хотын төвд л ирж авдаг байсан бүхий л үйлчилгээгээ иргэд ямар ч чирэгдэлгүйгээр ойроос авдаг болно.

- Усан хангамж, халаалтын системийг сайжруулна. - оршин суугчдийн хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхолд нийцсэн нийгэм, эдийн засгийн үйлчилгээг шинэ төлөвлөлтөөр бүрдүүлж, хувийн хэвшил иргэдийн санаачилсан газруудыг олноор нь байгуулна.

- Дахин төлөвлөлт хийгдэх газрыг бүрэн сонгож, байгаль орчинг хамгаалах бусад болон бусад бүхий л ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ажлыг хийж, бие даасан нийгэм эдийн засгийн өндөр ач холбогдолтой тулгуур төвийг бий болгох юм аа. Бүтээн байгуулалт хийгдсэнээр хотын төвийн хэт нягтрал эрс саарч иргэдэд өөрсдийн амьдарч буй орчиндоо бүх үйлчилгээгээ авч агаарын болон хөрсний бохирдлыг эрс бууруулсан ажил болно гэв. Энэхүү ажлыг хэрэгжүүлэхэд Баянхошууд 4.5 сая, Сэлбэд 7.1 сая долларын санхүүжилтыг хийнэ гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Та бүхэн хурлаараа хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү” гэсэн танилцуулгыг хийлээ. Үүний дараа НИТХ-ын төсөв санхүү, эдийн засгийн хорооны дарга Хүрэлбаатар гурван хорооны хамтарсан хуралдааны дүгнэлтийг танилцууллаа.

Хүрэлбаатар: Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн “Гэр хорооллын шинэ дэд төвийн байршил тогтоох тухай”, “Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээг тогтоох тухай”, “Нийслэлийн нутаг дэвсгэрт рашаан болон хар шороо, дайрга ашигласны төлбөрийн хэмжээг тогтоох тухай” асуудлыг Төсөв, санхүү, эдийн засгийн хороо, Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, Гэр хорооллын хөгжлийг дэмжих асуудал эрхэлсэн хороодын хамтарсан хурлаар хэлэлцэв.

Хамтарсан хуралд Д.Хүрэлбаатар, Л.Шагдаррагчаа, Н.Гантөмөр, Д.Энхсайхан, С.Ононбаяр, Б.Саранчимэг, Б.Отгонбаяр, Т.Бат-Эрдэнэ, Л.Наранбаатар, С.Үнэн, Г.Ганбаяр, Д.Батбаяр, Б.Төмөрчулуун нарын 13 төлөөлөгч оролцлоо. Хамтарсан хуралдаанаас төлөөлөгчдийн олонхийн саналаар дараахь санал дүгнэлтийг гаргаж байна.Үүнд:

1. “Гэр хорооллын шинэ дэд төвийн байршил тогтоох тухай” асуудлыг дэмжих нь зүйтэй гэж санал хураахад 6/4-ийн харьцаатай олонхи нь дэмжлээ. Зарчмын зөрүүтэй саналыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанд нээлттэй оруулахаар болов.

2. “Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээг тогтоох тухай” асуудлыг төлөөлөгчид зарчмын хувьд дэмжээд тогтоолын төслийн “иргэнд өмчлүүлэх” гэдгийг “хамгаалалтад авах, хязгаарлалт тогтоох” зэргээр өөрчлөх саналууд гарсан боловч Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар хэлэлцэх үед төлөөлөгчид өөрсдөө саналаа гаргахаар тогтсон болно.

3. “Нийслэлийн нутаг дэвсгэрт рашаан болон хар шороо, дайрга ашигласны төлбөрийн хэмжээг тогтоох тухай” асуудлыг хэлэлцээд, Байгаль орчин ногоон хөгжлийн газарт байгаль хамгаалах, нөхөн сэргээлтийн асуудалд анхаарах, төлбөрийн хэмжээг нэмэгдүүлж буйтай холбогдуулан харьцуулсан судалгаа, тооцоог нарийвчлан гаргаж, төлбөрийн хэмжээг өөрчлөх зэрэг үүргийг даалгаж, уг асуудлыг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжсэн болно гэв. Үүний дараа төлөөлөгчид асуулт асууж, хариулт авлаа.

-Төлөөлөгч Л.Шагдаррагчаа: Би 3 хорооны хамтарсан хурал дээр асуух зүйлээ нэлээн сайн асуусан. Гэхдээ энд хариуцсан орлогч нь байгаа болохоор нэмж хэдэн зүйл тодруулмаар байна. Засаг даргын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт дэд төвүүдийг хэрхэн хаана байгуулна гэсэн нарийн зүйл тусгагдаагүй, хөрөнгө мөнгө ороогүй байгаа. 12 байршилдаа багтаж байна уу, гэр хорооллын дахин төлөвлөлтөдөө багтаж байна уу? Гэдэг нь тодорхойгүй хөтөлбөрт огт тусгагдаагүй зүйлүүд ингэж орж ирээд байгаа нь зөв үү гэж асуумаар байна. үүнтэй холбоотойгоор тодруулахад гэр хорооллын дахин төлөвлөлт гэсэн зүйлдээ энэ бүтээн байгуулалт чинь хамрагдаж байгаа юм уу? Мөн энэ хөтөлбөр улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах үзэд баримтлалтай хэрхэн уялдаж байгаа вэ? Яах вэ Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр судалгаа хийгдэж л байгаа юм гэнэ лээ. Үр дүн нь ч гэсэн гараагүй л байгаа байх. Энд бол зүгээр тойм судалгаа өгсөн байна. хот байгуулалтын үнэлгээ хийгдээгүй, судалгааны үр дүн гараагүй байхад байршил тогтоож болж байгаа юм уу? Гэр хорооллын дахин төлөвлөлт одоо хэрэгжээд явж байгаа. Энэ хөтөлбөр гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаж л байгаа юм бол харьяа нэгж бүтэцтэй болж таарах байх. Өмнөх нэгжүүдэдээ хавсрагдаад явах юм уу эсвэл шинээр дахин нэгж байгуулаад баахан хүн цалинжуулаад ажиллуулах юм уу? Энэ талаар нэг хариулт өгөөдөхөөч, санамж бичигт суурилсан тогтоол гаргаж болох юм уу?

- Очирбат орлогч: Тэгэхээр засаг даргын мөрийн хөтөлбөрт нэрээрээ ороогүй гэсэн зүйл ярилаа. Бид 6 жилийн хугацаанд дахин төлөлтийг хийнэ гэж ярьж байсныг та мэдэж байгаа. Нэрээр заагаагүй гээд асуудлыг орхиж болохгүй ээ. 12 байршлаа цэгцэлсний хувьд дараачийнхаа байршлуудыг тогтоох нь зүй ёсны хэрэг ээ. Тиймээс энэ 2 дэд төвийг шинээр сонгож аваад хамтарч ажиллах түншүүдтэй хамтарч ажиллах боломжтой гэж үзсэн. Төвлөрлийг сааруулах бодлого яаж туссан бэ гэхээр өнөөдөр нийслэлийн бүх хүн Сүхбаатарын талбайгаа тойрсон хэдэн газарт ирж үйлчлүүлж байна. энэ дэд төв байгуулагдсанаар тэдгээр хүмүүс заавал хот руу орж ирэх шаардлагагүй болно. Инженерийн шугам сүлжээг барьж байгуулж, ерөнхий төлөвлөгөөндөө захирагдаж ажиллана. Яагаад засаг даргаар удирдуулсан шинэ нэгж газар үүсгэх гээд байгаа вэ гэхээр гадаадаас хөрөнгө оруулалт хийсэн үед бие даасан нэгжийг төсвийн мөнгөөр бус төслийн мөнгөөр санхүүжүүлж байгуулах ёстой гэсэн сангийн яамны журамд захирагдаж хийж байгаа.

-Д.Баттулга дарга: Хот байгуулалтын үнэлгээг хийгээгүй байна гэж асуусан тэрэнд нь хариулаадахаач?

-Очирбат орлогч: Хот байгуулалтын үнэлгээ гэсэн нарийвчилсан заавар байдаг. Байршлыг тогтоосныхоо үндсэн дээрээ хөрс нь ямар байна, ус нь ямар байна, байгаль орчин нь ямар байна гэсэн нарийвчилсан шинжилгээнүүдийг хийдэг. Ингээд бусад төлөөлөгчид асуултуудаа асуусны дараа саналын хэсэгтээ орлоо.

-Төлөөлөгч Л.Сайнтөгс: Улаанбаатар хотын дэд төвийг хөгжүүлэх шинэ байршлыг тогтоох ажлыг би дэмжиж байгаа. Би мөн өөрөө Баянхошуунаас сонгогдсоны хувьд энэ ажлыг дэмжиж байгаа. Жил гаруйн өмнөөс Баянхошуун иргэдээс энэхүү судалгааны ажил хийгдэж эхэлсэн. Тэр судалгааныхаа материалыг надад ирүүлээч ээ гэж хүсэхээр хоёр хуудас цаас өгч намайг хуураад байх юм аа. Хөрсний шинжилгээ нь хийгдээгүй гэж очирбат дарга яриад байна. Шинжилгээгээ хийгээд үзтэл намагтай байна барилга барих боломжгүй гэсэн дүгнэлт гараад ирвэл хэн хариуцлага хүлээх вэ? Байршил тогтоосон бид хүлээх үү байршил тогтоолгосон та нар хүлээх үү? Баянхошуунд хийсэн усан сан өдөртөө хүрэлцэхтэй үгүйтэй байхад шинээр баахан зүйл барина гээд байх юм. Хэрвээ бариад эхэлбэл бусных нь хэрэгцээг яаж хангах гээд байгаа юм. Усан санг нь өргөтгөнө гэсэн нэг ч өгүүлбэр энд байхгүй байна. маш түүхий байна. ойлгомжгүй байгаа энэ олон асуудлаа нэг мөр болгож шийдээд хариулаад өгөөч ээ. Энэ бүх зүйл тодорхой болсны дараа энэ асуудлыг дахин авч хэлэлцэх шаардлагатай байна.

-Төлөөлөгч Л.Шагдаррагчаа: энэ бол мэргэжлийн асуудал. Иймд би шийдвэр гаргах түвшинд мэргэжлийн зөвлөмж өгмөөр санагдаад байна. энэ хөтөлбөрийн технологийн дараалал нь олон улсын болон монгол улсын баримталдаг дэс дарааллаас эсрэг яваад байгаа. Тэр судалгааг нь азийн хөгжлийн банк өөрөө хийгээгүй хувийн компаниар интернетэд байж байдаг хэдэн тоог цуглуулсан баримтыг бүрдүүлсэн байна. Очирбат дарга тодорхой зүйл хэлэхгүй байна. Улаанбаатар хотод хот байгуулалтын хүрээлэн гэж томоохон газар байдаг. Тэр газраас ядахнаа мэргэжлийн туслалцаа авч хяналт хийлгээгүй байна шүү дээ. Тэр нь хийгээгүй оролцоогүй байхад ийм юм яриад явж байх юм. Барилгажсан суурьшлын бүс дотроо бүтээн байгуулалт хийж шинэ төв барьж сааруулна гээд орлогч дарга яриад байж байгаа нь элэг доог болсон маш бүдүүлэг зүйл байна. Нийслэлийн нутаг дэвсгэр дээр байгаа хүн ардыг сайхан амьдрах орчинтой болгох нь уулаасаа хийгдээд явна. Би энэ ажлыг дэмжиж байгаа. Харин энэ ажлаа төвлөрлийг сааруулах сайн ажил гээд яриад байгаа нь үнэхээр зохимжгүй байна. НИТХ-аас одоо байршил тогтооно гэсэн тогтоол гаргаж болохгүй гэж үзэж байна. харин судалгаа хийх байршлыг тогтоох тогтоолыг гаргаасай гэсэн саналтай байна. Ингээд санал хураалт явагдаж олонхийн саналаар дэд төвийг байгуулах байршлыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)