НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : Гэр бүлийн хэрэгцээнд ашиглах зориулалтаар газар өмчлүүлэх асуудлуур хуралдлаа

2013 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Хангарьд ордонд НИТХ-ын Барилга, хот байгуулалтын хороо, Гэр хорооллын хөгжлийг дэмжих хороо, Төсөв санхүү, эдийн засгийн хорооны хамтарсан хуралдаан боллоо. Тус хуралд НИТХ-ын төлөөлөгч Л.Шагдаррагчаа, С.Ононбаяр, Д.Батбаяр, С.Үнэн, Д.Хүрэлбаатар, Д.Энхсайхан, Г.Ганбаяр, Саранчимэг, Отгонбаяр, Б.Төмөрчулуун, Гантөмөр, Наранбаатар, Бат-Эрдэнэ болон НИТХ-ын ажлын албаны ажилчид, холбогдох мэргэжилтнүүд оролцлоо. Хурлаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд эзэмшүүлэх, өмчлүүлэх газрын байршил тогтоох тухай асуудлыг хэлэлцлээ. Хурлын эхэнд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж танилцуулга хийлээ.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг нь Монгол Улсын Их Хурлын 2013 оны 213 дугаар тогтоолоор батлагдаж ерөнхий төлөвлөгөөний дагуу нийслэлийн хэмжээнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх, эзэмшүүлэх газрын нөөцийн судалгааг гарган нийслэлийн Удирдлагын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн дэмжигдэж улмаар нийслэлийн Засаг даргын 2013 оны А/308 дугаар захирамж гарсан.

Дээрх захирамжаар судалгаа хийгдсэн газрын байршил, хэмжээг нарийвчлан тогтоох, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж НИТХ-аар батлуулах, газрыг хамгаалалтад авч тэмдэгжүүлэх ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх үүрэг өгөдсөний дагуу нөөц газрыг нийслэлийн хэмжээнд 15 309 га бүхий 52 байршилд тогтоогоод байна. Хот, тосгоны төлөвлөлтийн норм ба дүрмийн дагуу дээрх 52 байршилд 164 620 иргэнд шинээр газар эзэмшүүлэх, өмчлүүлэх боломжтой болохын зэрэгцээ 175920 хүүхдийн суудалтай 121 сургууль, 70427 хүүхдийн 149 цэцэрлэг, өрхийн эмнэлэг, нийтийн ахуйн үйлчилгээний барилга байгууламж байхаар төлөвлөсөн. Мөн төлөвлөлтөөр замын сүлжээ, инженерийн хангамжийн техник /дулаан, цахилгаан, цэвэрлэх байгууламж/-ийн бүсийг гаргаж өгсөн нь цаашид газрыг иргэдэд хуваарилах, хэсэгчилсэн инженерийн шугам сүлжээнд холбогдож тохилог амины орон сууцны хороолол болон хөгжих нөхцлийг бүрдүүлж байгаа юм.

Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх боломжтой газрын нөөцийг тогтоохдоо иргэн аж ахуйн нэгжид олгогдоогүй, голын сав газар, өндөр хүчдэлийн болон инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүс, яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх боломжоор хомс уулын хажуу болон орой, хогийн цэг, оршуулгын газрын хил хязгаар түүний хамгаалалтын бүс, ашигт малтмалын лиценз бүхий талбайтай давхцаагүй байршлуудыг сонгосон.

Алслагдсан 3 дүүрэгт 2013 онд ХЕТ , байр зүйн зураг шинээр хийгдэх тул дүүргүүдийн саналыг үндэслэн эхний ээлжинд 7 байршлыг оруулсан бөгөөд ХЕТ батлагдсаны дараа газрын нөөцийг нэмж тогтоох боломжтой юм.

Нийслэлийн хэмжээнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршил хэмжээг тогтоох тухай НИТХ-ын тогтоолын төсөл, танилцуулгыг боловсруулан та бүхэнд танилцуулж байна. Баталж өгнө үү гэв.

Үүний дараа төлөөлөгчид асуулт асууж саналаа хэллээ.

Г.Ганбаяр төлөөлөгч:

Жил жилийн төлөвлөгөөндөө газрынхаа асуудлыг тусгаад оруулж явах. Газар олголтын асуудлыг аль болох алслагдсан дүүрэгтээ чигэлсэн далайцтай бодлого барьж ажилламаар байна. Газрын асуудал дээр бид маш болгоомжтой хандах хэрэгтэй. Энэ асуудлыг сонгуулийн дараа хэлэлцэх саналтай байна.

С.Ононбаяр төлөөлөгч:

Нийслэл өөр дээрээ хэт их ачаалал, төвлөрлийг авч байна. Үүнийгээ задлаж алслагдсан 3-н дүүрэгтээ иргэдийн амьдрах нөхцлийг нь сайжруулж газар олголтыг Нийслэлээс гадагшаа хийх хэрэгтэй. Нийслэлд газар олголтыг зогсоох хэрэгтэй.

Д.Батбаяр төлөөлөгч:

Хот өөрөө гэр хорооллыг багасгах бодлого барьж байж нэмээд гэр хорооллыг нэмж төлөвлөмөөргүй байна. Харин одоо энэ өмчлүүлэх гээд байгаа газартаа нөгөө зөвшөөрөлгүй буусан, уулан дээр, үерийн аман дээр, өндөр хүчдлийн шугаман доор байгаа айлуудыг энэ газарлуу шилжүүлэх хэрэгтэй. Газрыг нь газраар нь нөхөж олгох журмаар.

Б.Отгонбаяр төлөөлөгч:

Иргэнд өмчлүүлэх газрын байршлыг ийм нэр томъётой оруулмааргүй байна. Хотын нөөцөнд иргэнд өмчлүүлэх зориулалтаар авах газрын хэмжээ, байршил гэдэг ч юм уу эсвэл дахин төлөвлөлтийн нөөц газрын байршил гэдэг нэр томъёгоор оруулах хэрэгтэй. Учир нь энэ газартаа эхлээд дэд бүтцээ татчихаад дараа нь иргэддээ газраа өмчлүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй эхлээд газраа өмчлүүлчихээр дараа нь дэд бүтэц тавих гэхээр нөгөө айлуудын газрыг чөлөөлж нөхөн олговор олгох хэрэгтэй болоод байдаг.

Л.Шагдаррагчаа төлөөлөгч:

1. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй маш сайн уялдуулах хэрэгтэй.

2. 2014-2016 оны газар зохион байгуулалтын жил бүрийн нарийвчилсан төлөвлөгөөнд тусгаж өмчлүүлэхийг тогтоолоор 3 заалттай болгох. 1-рт Үнэлгээг тогтоосугай. 2-рт Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг гүйцээн боловсруулан батлуулах. 3-рт Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах замаар 2014 оноос эхлэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээг тогтоох тухай гэж оныг тавьж өгөх.

Б.Төмөрчулуун төлөөлөгч:

БЗД-ийн Улиастайн голын орчмийн газрыг байгаль орчны үнэлгээ хийлгэж, дахин төлөвлөлтөнд хамруулах гэсэн нэрээр оруулах саналтай байна.

С.Үнэн төлөөлөгч:

Тогтоолын төсөл дээр Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээг тогтоох тухай гэж байхад хавсаргасан зурагт Шинээр гэр бүлийн..... гээд хоёр өөрөөр бичсэн байна. Тэгэхээр шинээр гэсэн үгийг нь хасах саналтай байна.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Dash (зочин)

Энэ зургийг томруулж харах хэрэгтэй байна. Хаанаас үзэж болох вэ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)