НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : Баянхошуу, Сэлбийг хотын дэд төв болгон хөгжүүлнэ

Баянхошуу, Сэлбийг хотын дэд төв болгон хөгжүүлнэ

2013 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Хангарьд ордонд НИТХ-ын Барилга, хот байгуулалтын хороо, Гэр хорооллын хөгжлийг дэмжих хороо, Төсөв санхүү, эдийн засгийн хорооны хамтарсан хуралдаан боллоо. Тус хуралд НИТХ-ын төлөөлөгч Л.Шагдаррагчаа, С.Ононбаяр, Д.Батбаяр, С.Үнэн, Д.Хүрэлбаатар, Д.Энхсайхан, Г.Ганбаяр, Саранчимэг, Отгонбаяр, Б.Төмөрчулуун, Гантөмөр, Наранбаатар, Бат-Эрдэнэ болон НИТХ-ын ажлын албаны ажилчид, холбогдох мэргэжилтнүүд оролцлоо. Хурлаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд эзэмшүүлэх, өмчлүүлэх газрын байршил тогтоох тухай, Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих тухай, Нийслэлийн нутаг дэвсгэрт авто замын далан барих зориулалтаар дайрга ашиглах тухай, Нийслэлийн нутаг дэвсгэрт рашаан, хот тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хар шороон хөрсийг ашиглах асуудлуудыг хэлэлцлээ. Хурлын эхэнд Нийслэлийн засаг даргын орлогч Гантөмөр Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх ажилд Азийн хөгжлийн банкнаас хөнгөлттэй зээл авах ажлын талаар танилцууллаа.

Н.Гантөмөр орлогч: Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр гэр хорооллыг дахин төлөвлөх хоёр байршил дээр бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөөд байна. Тус хоёр газар нь Баянхошуу болон Сэлбэ гол багтаж байгаа. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх санамж бичигт Нийслэлийн засаг дарга гарын үсгээ зурсан. Мөн нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар энэ асуудлыг 100 хувь сайшаан дэмжсэн байгаа. Улаанбаатар хотын иргэдийн ая тухтай тохилог аюулгүй болгон хөгжүүлэх ажлыг эхлүүлэх зорилгоор Нийслэлийн засаг дарга Азийн хөгжлийн банктай 2013-04-05-ны өдөр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Санамж бичигт гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын санхүүжилтыг Азийн хөгжлийн банкнаас гаргах асуудлыг тусгасан. Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн эхний ажлын хүрээнд СХД-ийн алслагдсан 7, 8, 9, 10, 28-р хорооны нутаг дэвсгэр нийт 1620 га талбайд СБД-ийн 19, ЧД-ийн 16, 18 хорооны 1560 га талбайг дахин төлөвлөж хөгжүүлэх ажлууд тусгагдсан. Үүнийгээ бид бүхэн Сэлбэ ба Баянхошуу гэж нэрлэсэн байгаа. Энэ хоёр хэсгийг ирээдүйд хотын хойд хэсгийн үндсэн дэд төв болгох зорилгоор ажиллаж байгаа бөгөөд тэнд орчин үеийн бүхий л үйлчилгээнүүдийг хүргэж цаашид 200 орчим мянган хүнийг суурьшуулахаар тооцсон байгаа. Энэхүү ажлыг бодитойгоор эхлүүлэх, хүрээлэн буй орчныг хамгаалах, иргэдийн амьдарч буй орчныг сайжруулах эдийн засгийн үр өгөөжийг хангах нөхцлийг бүрдүүлэхийн тулд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:

- Орон зайн хэмжилтийг дахин хийж, авто зам инженерийн шугам сүлжээг өргөтгөх, оршин суугчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн нийгэм эдийн засгийн үйлчилгээг ард иргэдэд хүргэснээр хотын хэт төвлөрөл саарна гэж үзэж байгаа.

- Дахин төлөвлөлтийн ажлыг иргэдийн санаачлага дэмжлэгийн үндсэн дээр гүйцэтгэнэ.

- Баянхошууг дахин төлөвлөх ажил нь УИХ-аас батлагдсан ерөнхий төлөвлөгөөтэй уялдаж байгаа бөгөөд 2020, 2030 он хүртэлх хүн амын өсөлтийг тооцоолон гаргаж тус төвд амьдарч буй иргэдэд зайлшгүй шаардлагатай эмнэлэг сургууль цэцэрлэг зэрэг нийгмийн бүхий л үйлчилгээний дэд бүтэц инженерийн шугам сүлжээ багтсан байгаа.

- Энэхүү ажлын санхүүжилт нь НЗДТГ, Азийн хөгжлийн банкны хамтарсан гэрээнд үндэслэсэн зээлийн мөнгөөр бүрэн хийгдэнэ. Ингэснээр дараах 4 эерэг үр дүн гарна хэмээн бид тооцож байна.

- Хорооны оршин суугчдийн дэмжлэгтэйгээр инженерийн шугам сүлжээг шинээр байгуулж, эмнэлэг сургууль хорооны байр, бусад бүхий л үйлчилгээг иргэдэд ойртуулна. Ингэснээр зөвхөн хотын төвд л ирж авдаг байсан бүхий л үйлчилгээгээ иргэд ямар ч чирэгдэлгүйгээр ойроос авдаг болно.

- Усан хангамж, халаалтын системийг сайжруулна.

- оршин суугчдийн хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхолд нийцсэн нийгэм, эдийн засгийн үйлчилгээг шинэ төлөвлөлтөөр бүрдүүлж, хувийн хэвшил иргэдийн санаачилсан газруудыг олноор нь байгуулна.

- Дахин төлөвлөлт хийгдэх газрыг бүрэн сонгож, байгаль орчинг хамгаалах бусад болон бусад бүхий л ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ажлыг хийж, бие даасан нийгэм эдийн засгийн өндөр ач холбогдолтой тулгуур төвийг бий болгох юм аа. Бүтээн байгуулалт хийгдсэнээр хотын төвийн хэт нягтрал эрс саарч иргэдэд өөрсдийн амьдарч буй орчиндоо бүх үйлчилгээгээ авч агаарын болон хөрсний бохирдлыг эрс бууруулсан ажил болно гэв. Үүний дараа төлөөлөгчид асуулт асуулаа.

-Төлөөлөгч С.Ононбаяр: Энэ хоёр төвийг хөгжүүлэхэд яг хэдий хэмжээний төгрөгийн зээл авахаар төлөвлсөн бэ?

-Н.Гантөмөр орлогч: Сая тэргүүлэгчдийн хурал болон удирдлагын зөвлөлийн хурлаар Азийн хөгжлийн банкнаас 500 орчим сая долларын санхүүжилт авъя гэж ярьсан. Зээлийг 25 жилийн хугацаатай авна. Монгол улс азийн хөгжлийн банкны гишүүн орон, бага ч гэсэн хувь эзэмшигчийн хувьд илүү дэмжлэг авах байх. Зээлийг авах болон эргэн төлөлтийг эдийн засгийн хөгжлийн яам бүрэн хариуцна. Энэ асуудлыг иргэдийн хурлаас дэмжээд өгвөл Засгийн газраар дамжаад УИХ-аар батлагдаад Хуульзүйн байнгын хороо, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэн дэмжигдээд гараад ирэх боломжтой. Нийслэлээс бол ийм дэд төвүүдийг ингэж хөгжүүлье, ингэхийн тулд ийм хэмжээний мөнгө хэрэгцээтэй байна гэдгээ нарийн тооцоолоод дээш нь өргөн барихад болно.

-Төлөөлөгч Г.Ганбаяр: Бид ч яах вэ ингээд дэмжээд дээш өргөн барьж болох байх. Харин яг дахин төлөвлөлтийн ажлаа эхлүүлье гээд Баянхошуу Сэлбэд яваад очихоор иргэд газраа өгөхгүй байх гэдэг том асуудал гараад ирнэ. Тэдний газрыг чөлөөлөх мөнгөө тусгасан уу? Дан ганц газрыг ч биш газар дээр байгаа байшин савыг нь чөлөөлөх асуудлуудыг суулгаж тусгаж өгсөн үү?

-Н.Гантөмөр орлогч: нарийвчилсэн ТЭЗҮ бол хийгдээгүй байгаа. Гэхдээ хар зураг бол гарчихсан байна. газрыг бол Нийслэлийн газрын алба чөлөөлнө, санхүүжилтыг Азийн хөгжлийн банкнаас гаргана.

-Л.Шагдаррагчаа төлөөлөгч: энэ хөтөлбөрт бидний батлаад байсан Улаанбаатар хотын суурьшил нягтаршилыг бууруулах ажил яаж тусч байгаа вэ? Эдгээр шинэ төвүүдийг үүсгээд эхлэхээр одоо байгаа хүн ам нь гурав дахин өсөхөөр харагдаж байна. Барилга байгууламж нь бас өсөх нь ингэхлээр хотыг төвлөрлийг сааруулах үзэл баримтлал яаж туссан юм бэ?

Бидэнд тараасан байгаа эдгээр материалуудын тоо баримтыг та бүхэн өөрсдөө явж хийж цуглуулсан уу эсвэл бэлэн тоо баримт ашигласан уу? Та бүхний яриад байгаа энэ хөтөлбөр чинь үнэндээ хөтөлбөр биш байнаа. Энэ зүйлээ хэний мөнгөөр хийсэн бэ? Энэ хөтөлбөрийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдлын судалгаа, инженерийн дэд бүтцийн судалгаа, хот байгуулалтын үнэлгээ нь гарсан уу? Гараагүй байхад нь арай энэ хөтөлбөрөө хйисэн юм биш биз?

-Н.Гантөмөр орлогч: Асуултанд хариулъя. Яг одоогийн байдлаар манай Улаанбаатар хотын хөгжил ямар байна гэхээр Сүхбаатарын талбайгаа тойроод л хотын бүхий л үйлчилгээ төвлөрчихсөн байна. Өчигдөр ганц бороо ороход л бүх хөдөлгөөн гацаж 2-4 цаг хөдөлгөөн зогслоо ш дээ. Тэгэхээр Баянхошуу, Сэлбийг сайтар хөгжүүлээд 200 мянган хүнийг тийш нь нүүлгэж чадвал хот доторх төвлөрөл нягтрал алга болно. Бид хотоо 12 дэд төвтэй болгохоор төлөвлөсөн байгаа. Эхний ээлжинд Баянхошуу Сэлбийн төвлөрлийг гурав дахин нэмж байж энэ асуудлыг шийднэ.

-Азийн хөгжлийн банкны төлөөлөгч: Энэ ажлыг өнгөрсөн намраас эхлэн эхэлсэн. Одоогоор эцсийн зургийг гаргаагүй урьдчилсан тооцоог гаргаж байгаа. Гурван 7 хоногийн дараа гэхэд эцсийн дүн гарчихсан байна гэв. Ингээд төлөөлөгчид саналаа хэлсэн юм.

Т.Бат-Эрдэнэ төлөөлөгч:

Хотын захын гэр хорооллынхон дэлгүүр орсон ч төв рүү явдаг, ажилдаа явсан ч төврүү явдаг, зах орсон ч төврүү явдаг, үзвэр үйлчилгээ бүхий л арга хэмжээнүүд маань төвдөө төвлөрсөн байдаг. Тиймээс бие таасан бүсүүд байгуулагдснаар хүн өөрөө амьдарч байгаа орчиндоо ажиллаж, тавтай тухтай орчинг бий болгох тийм л нөхцал байдлыг бүрдүүлэхэд энэ дэд төвүүд хамгийн чухал байгаа. Бид үүнийг дэмжиж ажлыг нь хурдлуулах ёстой. Дэмжсэн саналтай байна.

Д.Энхсайхан төлөөлөгч:

Улаанбаатар хот хүн амын нягтаршил их байгаа. Иймд Т.Бат-Эрдэнэ төлөөлөгчийн саналыг дэмжиж байна.

С.Үнэн төлөөлөгч:

Хоёр байршлийн хувьд оновчтой сонгосон гэж үзэж байна. Ерөнхийдөө дэмжиж байна. Гэхдээ ганц хоёр анхаарах зүйл байна. Урьд нь Дэлхийн банкны буцалтгүй тусламжаар том төслүүд хэрэгжүүлж байсан. Мөн НАСТ 1, 2-р төсөл, Испанийн зээлийн төсөл гээд УСУГазарт төслүүд явж байсан. Гэхдээ ард иргэдийнхээ ахуй амьдрал, амьдралын чанарыг дээшлүүлэх талаар хийгдсэн эдгээр төслүүд нь төслийн хувьд оновчтой боловч зээлийнхээ асуудлыг шийдэхдээ буруу шийдсэн асуудал байдаг. Нийт Улаанбаатарын гэр хорооллын ард иргэдийг усан хангамжтай болгох гэсэн сайхан төсөл болов ч зээлийнхээ дарамтыг нэг байгууллагад тохоод үлдээсэн. Түүнээс болоод УСУГазар нь цаашид ажиллах үгүй нь мэдэгдэхгүй 88 тэрбум төгрөгийн өртэй ийм байдалтай байгаа. Нийслэл авч байгаа зээлийн эргэн төлөгдөх нөхцлийг сайн судлаж, цаашид ямар хөтөлбөр дэвшүүлж энэ асуудлыг шийдэх вэ гэдгийг сайн бодох хэрэгтэй.

Мөн Азийн Хөгжлийн банкны төсөл дээр зөвлөхөөр ажиллаж байгаа Дензиль Тайнкинсоны захидлыг авсан. Тэнд энэ талаар нэлээд асуудлуудыг хөндсөн ялангуяа УСУГазрын санхүүгийн чадавхи дээр анхаарах асуудал, үүнээс цаашлаад үр дүнгийн гэрээг хүртэл хөндсөн асуудлууд байсан. УСУГазар энэ төслийг хийсний дараа санхүүгийн чадавхи нь сайжир ч байхаас мууддаг ийм байдалтай байж болохгүй гэж хэлмээр байна.

Усан хангамж болон ариутгах татуургын шугам сүлжээг нилээд сайн тооцох хэрэгтэй. Шугам сүлжээн дээр хийж байгаа эдний тооцоо, манай УСУГазрын хийж байгаа тооцоо хоорондоо нэлээд зөрөөтэй байгаа. Ялангуяа коллекторууд, төв цэвэрлэх байгууламж руу бохироо татаж авах асуудлын хувьд нэлээд зөрөөтэй санал бодлууд байгаа. Түүнээс гадна төв цэвэрлэх байгууламжын одоогийн байдал хүндрэлтэй байгаа. Үүн дээр шинээр баригдах 2 шинэ дэд төвийн бохирыг төв цэвэрлэх байгууламж руу хийх болно. Тэгэхээр цэвэрлэх байгууламжын асуудлыг үүнтэй уялдуулаад яаравчлан шийдэх хэрэгтэй гэсэн санал байна.

Л.Шагдаррагчаа төлөөлөгч:

1-рт Судалгаа хийгдээгүй байна, судалгааны дүн гараагүй байна. Энэ тойм судалгааны материал шийдвэр гаргах хэмжээний тулгуур материал биш гэдгийг тодорхой хэлмээр байна.

2-рт Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах үзэл баримтлал огт тусгагдаагүй.

3-рт Энэ байршлийг тогтоосон тогтоол гаргаж болохгүй. Зөвхөн судалгаа хийх байршлийг тогтоож гаргах хэрэгтэй.

Г.Ганбаяр төлөөлөгч:

Бид 3 сарын өмнө 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий бичиг баримтаа баталсан. УИХ-д өргөн барьж хуульчилъя гэдгээ явуулсан. Гэтэл одоо энэ гаргах гэж байгаа бичиг баримт чинь үүнтэйгээ зөрчилдөөд байна. Бид дагуул хотууд болон алслагдсан дүүргүүдээ хөгжүүлэх бичиг баримт гаргасан. Гэтэл эргээд гэр хорооллоо төвлөрүүлье, нягтаршуулъя гэсэн бодлогын бичиг баримт гаргах гэж байна. Гүйцэтгэх засаг маань хоёр янзын бичиг баримттай. УИХ дээр 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө чинь хуулчлагдаад гараад ирнэ. Бид хуулиа барьж ажиллах юм уу? НИТХ-ын тогтоолоо барьж ажиллах юм уу? хуулиал барьж ажиллана.

Энэ судалгаанд газрын үнэлгээ л байна. Дээр нь байгаа иргэдийн хөрөнгийн нөхөн төлбөрийн асуудал огт тусгагдаагүй байна.

Алслагдсан дүүргүүд Налайх, Багануурынхаа дэд бүтцийн хүчин чадлаа нэмэгдүүлье. Тэгээд тийшээгээ бизнесийн байгууллагуудаа та нар тэнд үйлчилгээгээ хий, сургууль, цэцэрлэгээ барь, ажлын байр нэмэгдүүл түүний дараа гэр хорооллын иргэдийгээ нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй. Амьдрах орчинг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй.

Ингээд энэ асуудлыг дэмжих эсэх асуудлаар санал хураахад 6 төлөөлөгч дэмжиж, 4 төлөөлөгч татгалзав.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)