НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : С.ОНОНБАЯР: ХОТЫН ДАРГАА ТАНЫ БУРУУТАЙ ШИЙДВЭРЭЭС БОЛЖ УЙЛААД АЛХАЖ ЯВАА ОЛОН ХҮН БАЙГАА ШҮҮ

НИТХ-ын ээлжит 9-р чуулганы үеэр төлөөлөгч С.Ононбаяр хохирсон иргэдийн хохирлыг хэрхэн барагдуулах гэж байгаа талаар Хотын дарга Э.Бат-Үүлээс тодруулсныг хүргэж байна.

-С.Ононбаяр: Миний бие 2013 оны 03 дугаар сарын 28-ны НИТХ-ын хуралдаан дээр 5 асуудлыг тавьж байсан. Тэр 5 асуудлын маань нэг засаг даргын 2012 оны А/601, А/668 захирамжаар зогсоосон барилгын ажлын асуудал байгаа. Юу вэ гэхээр засаг даргын дээрх захирамжаас үүдэн “Тэмүүлэнбаатар” ХХК-д захиалга өгсөн маш олон иргэн хохироод байна. Тэмүүлэнбаатар ХХК нь хууль зөрчиж зөвшөөрөлгүй барилга барьсан гэдэг үндэслэлээр тус барилгын үйл ажиллагааг зогсоосон байх гэвч үүнтэй зэрэгцэн тус компанид захиалга өгсөн 76 иргэн түүний цаана тэдний гэр бүлийн 400-500 иргэн эрх ашгаараа, эд мөнгөөрөө хохироод байгаа. Сая Э.Бат-Үүл дарга та миний хийж буй ажлуудыг хараад Нийслэлийн маань иргэд их баяртай байна гэж ярьж байна. Тэгвэл Нийслэлийн зарим иргэд өнөөдөр танаас болоод маш хүнд байдалд ороод байна. Уйлж байна. Энэ шийдэгддэггүй асуудлаас болоод асар хүнд нөхцөлд тэд орчихсон байна. Би хохирогч иргэдтэй уулзсан үнэхээр хүнд байнаа. Та өөрөө хохирсон иргэдтэй очиж уулзахдаа энэ асуудлыг шийднэ, хохирлыг барагдуулна гэсэн байна лээ. Тэгвэл яаж барагдуулах гэж байгаа юм. Дээр нь хохирсон иргэдийн амьдрал өдрөөс өдөрт хүндэрч байна. Яагаад хүндэрч байна гэхээр тэрхүү 76 хохирогчийн маань 16 нь банкнаас зээл авч Тэмүүлэнбаатар ХХК-д тушаасан байгаа, хашаа байшингаа зарж орон сууцны төлбөрөө хийсэн 12 иргэн байна. Гадаад улсад ажиллаж цуглуулсан мөнгөөрөө төлбөрөө хийсэн 19 иргэн, цалингийн зээл авсан 16 иргэн, хувь хүнээс өндөр хүүтэй мөнгө зээлж байрны төлбөрөө хийсэн 5 хүн, эцэг эхээсээ тусламжийн мөнгө авч төлбөрөө хийсэн 2 иргэн өөрийн хуруу хумсаа хуйхлан байж цуглуулсан мөнгөө өгөөд байрандаа орж чадахгүй байгаа 7 хүн байна. Зарим хүмүүс нь нийт өгөх ёстой мөнгөнийхөө 80-90 хувийг төлсөн байна шүү дээ. Би Э.Бат-Үүл даргаас асуумаар байна. эд мөнгөөрөө хохирсон хүмүүсийн хохирлыг та барагдуулна гэж хэлсэн байсан. Яаж барагдуулах гэж байгаа вэ? Та дээрх захирамжаа гаргахдаа үүний ард хэдэн иргэн байгаа бол тэд яаж хохирох бол гэдэг зүйлийг бодож үзсэн үү? Хүүхдийн паркын хашаанд байшин барьж байгааг зогсоож чаддаггүй байж, ундны усны эх үүсвэр дээр барьсан Дүнжингаравын асуудлыг шийдэж чаддаггүй атлаа хаа байсан 5 шард баригдсан ганц барилгыг ингэж зогсоох шаардлага байсан юм уу?

-Э.Бат-Үүл: Яг энэ асуултыг надаас асуугаасай гэж хүсч байсан зүйлийг маань асуусанд баярлалаа С.Ононбаяраа. Тэгэхээр Эрдэнэчимэг гэдэг хүн зөвшөөрөлгүй газар барилга бариад тэр барилгаа иргэдэд зарна гээд урьдчилгаа төлбөр болгоод иргэдээс их хэмжээний мөнгө авчихсан. Тэрбум 800 сая ч билүү төгрөг авсан бусдыг залилан мэхэлсэн үйл ажиллагаа болсон юм билээ. Газрын тухай хуулинд Нийслэлийн засаг даргад маш тодорхой нэг үүрэг өгсөн байдаг, мөн НИТХ-аас өнгөрсөн оны 8-р сард надад чухал үүрэг өгсөн. Тэр нь зөвшөөрөлгүй баригдсан бүх барилгыг буулгаарай гэсэн үүрэг байсан. Хуулийн дагуу баригдаагүй барилгуудад хуулийн дагуу арга хэмжээ аваарай гэсэн үүрэг өгсөн. Би энэ үүргээ биелүүлэхээсээ өмнө тэр иргэдтэй очиж уулзсан. Би хуулийн дагуу захиргааны акт гаргаж энэ барилгын ажлыг зогсоох гэж байна. Энэхүү захирамжаас үүдэн та нар нэлээн их хохирох байх шүү. Гэхдээ би хууль зөрчсөн нэг зүйл хүсье. Би та нарыг аль болох хохиролгүй болгох арга хэмжээг авна гэж хэлсэн. Миний энэ үг яг энэ чигээрээ зурагтаар гарсан. Би мөн тэр үеэрээ иргэдэд хандаж хэлсэн. Та нарыг залилан мэхэлсэн Эрдэнэчимэг гэгчийг та бүхэн иргэний хэрэг үүсгэн шүүхэд өгөөрэй гэж захисан. Ингэснээр шүүх та бүхний хохирлыг тогтооно шүү гэж хэлсэн. Надад хуулиар ямар үүрэг оноосон байдаг вэ гэхээр хэрвээ хэн нэгэн зөвшөөрөлгүй барилга барьсан бол түүнийг өөрийнх нь хөрөнгөөр буулгуул, хэрвээ буулгахгүй бол шууд албадан буулгуул гэсэн хуулийн заалттай. Гэтэл асуудал гэнэт гайхмаар өөрөөр эргэсэн. Бусдад луйвардуулж эд хөрөнгөө залилуулсан иргэд маань тэр залилагчийгаа шүүхэд өгч хохирлоо тогтоолгохын оронд харин над руу гүйгээд намайг буруутан болгоод эхэлсэн. Хэдийгээр би иргэдийг хохиролгүй болголоо ч хохирлыг нь шүүхээр тогтоосон тохиолдолд л барагдуулна шүү дээ. Би энэ асуудлыг шийдчихсэн юмсан гэж зөндөө гүйсэн, залилуулсан иргэдээс шүүхэд нэхэмжлэл гаргаад өгөөч гэж гйлаа, энэ асуудлыг удирдлагын зөвлөлийн хурлаар хүртэл оруулж хэлэлцүүлсэн. Гэтэл залилан мэхлэгч Эрдэнэчимэг маань харин ямар ч гэм буруугүй болж харагдаад яваад байгаа нь л гайхмаар. Нэг харсан чинь би өөрөө хариуцагч болоод хохирлыг нь би барагдуулах болчихсон явж байна ш дээ.

-С.Ононбаяр: Би энд Засаг дарга, Эрдэнэчимэг хоёрын асуудлыг ерөөсөө яриагүй ээ. Энд би иргэний хохирлыг хэрхэн барагдуулах асуудлыг л яриад байгаа юм. Засаг дарга та шүүхээр яв гээд байхын. Шүүхээр явах юм бол энэ хэрэг хадгаламж зээлийн хоршооны хэрэг шиг л юм болж хувирна шүү дээ. Хэн хохирдог гэхээр эцсийн эцэст иргэд л хохирч үлддэг байхгүй юу. Үе үеийн засаг дарга нарын алдаатай шийдвэрээс болж иргэд олноороо хохирох ёсгүй ээ. Та миний асуултанд ерөөсөө хариулсангүй. Тэр иргэдтэй анх уулзахдаа би та бүхнийг хохиролгүй болгоно гэж хэлж захирамж гаргачихаад одоо ингээд байхаар чинь яах болж байна. Яг л хадгаламж зээлийн хоршоо шиг асуудал үүсээд байгаа шүү. Залилуулсан иргэдийн өр банкны зээлийн хүүгээр өсч байгаа шүү. Тэгсэн атал шүүхээр шийд гээд хаяж болохгүй шүү дээ. Нийслэлийн маань иргэд инээгээд алхаж байна гээд агаарын юм ярихаа боль, та хөрсөн дээрээ буугаад хар, залилуулсан иргэд өнөөдөр дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу нөхцөл байдалд хүрчихээд байна. Өөрийн хашаа байшингаа зарж байдаг бүхнээ байрны мөнгөнд төлчихсөн иргэдийг хууль шүүхээр яв гээд хаяж болохгүй ш дээ.

-Э.Бат-Үүл: За яасан ч хэцүү юм бэ дээ /бодолхийлэв/. Одоо байна шүү дээ. Наад асуудлыг чинь шүүхээр шийдэж хохирлыг нь тогтоож байж л наад асуудал чинь шийдэгдэж хохирлыг нь барагдуулах боломж үүснэ. Чи ингээд байхад Эрдэнэчимэгийн өмнөөс иргэдийн маань хохирлыг барагдуул гээд яриад байхын.

-С.Ононбаяр: Та өөрөө би та нарыг ямарч хохиролгүй болгоно гэж хэлсэн юм байна лээ ш дээ.

-Э.Бат-Үүл: Би хэлээд байна шүү дээ. Тэдгээр хүмүүст та бүхний хохирлыг шийдвэрлэх талаар ажилланаа л гэж хэлсэн. Би уул нь ингэх ёс байхгүй ш дээ. Эцсийн эцэст би хохирлыг төлчихвөл Эрдэнэчимэгтэй хуйвалдаж улсын хөрөнгөөр хүмүүсийн хохирлыг барагдуулсан хэрэгт уначихна ш дээ.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)