НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : Н.Баяраа: Хотыг хөгжүүлнэ гэдэг бол аж ахуйн ажил, тиймээс улс төржөөд, байх шаардлагагүй

НИТХ дахь МАХН-МҮАН “Шударга ёс эвсэл”-ийн бүлгийн дарга Н.Баяраатай ярилцлаа.

-Ардчилсан орнуудын сайд нарын VII бага хурал нийслэлд болж өнгөрлөө. Үүнтэй зэрэгцээд МАХН-ынхан тайван жагсаал хийсэн. Үүнд хүмүүс нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан. Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж буйтай холбоотой ч гэх?

-Ардчилсан орнуудын чуулга уулзалтыг угтан нийслэлд нэлээд ажлууд хийгдэж хот маань өнгө засаж байна. Нөгөө талаараа гадаадын олон төлөөлөгч ирж байхад МАХН жагсаж байгаа нь зарим хүмүүсийн эгдүүцлийг хүргэсэн байж магадгүй. Гэхдээ энэ чинь ардчилал шүү дээ. Монголд ардчилал байгааг харуулж байна. Хүмүүс нь үзэл, бодлоо илэрхийлдэг юм байна, нээлттэй гэдгийг харж байгаа байх. МАХН-ынхан гадны төлөөлөгчдийг ирсэнд эсэргүүцэж жагсаагүй, зөвхөн үзэл бодлоо л илэрхийлж байгаа юм. МАХН-ынханыг байнга жагсаал, цуглаан зохион байгуулдаг хүмүүс шиг ойлгоод байдаг. Би хувьдаа буруу зүйл гэж бодохгүй байна. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн тухайд МАХН-ын бага чуулганаас ямар хүнийг нэр дэвшүүлнэ, түүнийг дэмжиж ажиллана.

-Чуулга уулзалтыг угтан хот маань нэлээд өнгөө заслаа. Цаашид энэ эрчээ алдахгүй ажиллах юм бол сайхан хоттой болох боломжтойг харлаа?

-Тэгэлгүй яахав. Бүтээн байгуулалт, хотын өнгө үзэмжийг сайжруулах талаар нэлээдгүй ажлууд хийгдэж байна. Орон гэргүй, траншейгаар амьдардаг 800 гаруй иргэдийг Налайх дүүргийн нефтийн хашаан дотор чуулга уулзалт дуустал байлгаж байгаа юм билээ. Тэнд зүгээр хориод байлгах биш хооллож, ундлаад зөв амьдрах сургалт семинар явуулж байгаа байх. Харин чуулга уулзалтын дараа гаргаад явуулчих биш, цаашдаа халамжийн бодлого хэрэгжүүлээд ажилтай орлоготой болох талаас нь дэмжээд яваасай билээ гэж бодож байна. Нэг цуглуулаад авсан дээрээ эрүүл мэндийн үзлэгт хамруулаад, бүртгэлжүүлээд, хаягжуулаад авах хэрэгтэй.

УИХ-аас илүү нийслэлийн парламтентийг иргэд сонирхдог болсон байна?

-Өнөөдөр нийгэм харьцангуй нээлттэй болоод УИХ-аасаа илүү нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг сонирхдог иргэн олон болсон байна. Яагаад гэхээр НИТХ-аас гаргаж байгаа тогтоол шийдвэр иргэдийн амьдралд шууд нөлөөлж байгаа учраас иргэд нийслэлийн парламентийг илүү их сонирхдог болсон гэж боддог. НИТХурал бүрдсэнээс хойш найман сарын хугацаа өнгөрчээ. Бид нар энэ хугацаанд Ардчилсан намтай хамтарч ажиллаж байна. “МАХН-МҮАН” Шударга ёс эвслийн “Таван хувьсгал” мөрийн хөтөлбөрийн 80 хувийг нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгуулж чадсан. Нийслэлээс хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг дэмжихийг нь дэмжээд, болж бүтэхгүйг нь шүүмжлээд л явдаг.

-НИТХ дахь намын бүлгүүд нийслэлийн харьяа газруудын үйл ажиллагаатай танилцаж байсан. Танай бүлэг газруудын үйл ажиллагаатай танилцаад дуусчихсан уу?

-Нийслэлийн харьяа байгууллага, агентлагуудаар явж үйл ажиллагаатай танилцлаа. Тухайлбал Худалдан авах ажиллагааны газарт тендер хэрхэн явагдаж байгаа талаар, Үйлдвэр үйлчилгээний хэлтэст Тамхины хяналтын тухай хууль хэр хэрэгжиж байгаа, нөөцийн махны чанар, хүрэлцээний талаар иргэдээс ирсэн санал, гомдлыг холбогдох газруудад тавиад хариултыг нь авсан. Мөн Өмчийн харилцаа, газрын албаны үйл ажиллагаатай танилцсан. Нийслэлийн иргэдийн тулгамдсан асуудлын нэг бол газрын асуудал байгаа. Газар эзэндээ очиж байна уу, дахин төлөвлөлт ямар шатандаа явж байна, газар чөлөөлөлт ямар байгаа талаар холбогдох албан тушаалтнаас хариулт авсан. Үүнийхээ дараа бүлгийн санал дүгнэлт гаргаж, хэд, хэдэн асуудлыг Хурлын даргад хүргүүлсэн.

-Хурлын даргад асуудал хүргүүлсэн гэлээ. Ямар асуудлууд оруулав?

-Бүлгийн зүгээс хэд, хэдэн асуудал оруулсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг танилцуулаач гэсэн. Мөн Нийслэлийн 2013 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явц, үр дүн, арга хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх эрх, үүрэг бүхий байгууллагуудын уялдаа холбоо, үйл ажиллагааны мэдээллийг тавих асуудал. Дараагийн асуудал нь НИТХ-аас 2012, 2013 онуудын нийслэлийн төсвийн тодотголд зураг төсөв батлуулахад тус бүр арван тэрбум төгрөг тавигдсан. Үүний нарийвчилсан задаргаа, төсвийн мэдээллийг хийгээч ээ гэсэн санал оруулсан.

-НИТХ-аар хэлэлцэх ёстой байсан байх аа?

-Уг нь өнгөрсөн долоо хоногт хуралдсан НИТХ-ын ээлжит хуралдааны хэлэлцэх асуудалд орсон байсан. Харамсалтай нь МАН-ынхан “Улаанбаатар орон сууц сан” “Ахмадын орон сууц 4000” хөтөлбөрийг хэлэлцэх асуудлаар завсарлага авсан. Үүнээс болоод бусад хэлэлцэх асуудлуудаа Засаг дарга татаж авсан. Уг нь манай бүлгийн байр суурь бол болж байгаа асуудлыг дэмжээд болохгүй байгааг нь шүүмжлээд явж байгаа. Шинэчлэх, өөрчлөх ажилд саад бэрхшээл их гардаг л даа. Гэхдээ өнгөрсөн найман сарын хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажилд манай бүлэг тодорхой хэмжээний үнэлэлт дүгнэлт өглөө. Үүнд Засаг дарга тайлангаа тавих ёстой. Болохгүй байгааг нь хамтдаа засаж залруулахын төлөө л бид нар ИТХ-д сууж байгаа.

-Ид бүтээн байгуулалтын ажил эхэлж байхад МАН завсарлага авчихлаа. Танай бүлгийн зүгээс ямар байр суурьтай байна?

-Хотыг хөгжүүлнэ гэдэг бол аж ахуйн ажил шүү дээ. Тиймээс улс төржөөд, байх шаардлагагүй гэж бодож байна. Саналын зөрүүтэй асуудлаар завсарлага авч түр хойш тавьж болох ч дараа дараагийн хэлэлцэх асуудлыг хэлэлцээд явах л байсан юм.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)