НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : 80 бага сургуулийн байршлыг тогтоохыг дэмжлээ

80 бага сургуулийн байршлыг тогтоохыг дэмжлээ


Өнөөдөр буюу 2013-04-24-ны өдөр 10 цагаас НИТХ-ын Барилга, хот байгуулалтын хорооны хуралдаан боллоо. Хуралд НИТХ-ын төлөөлөгч Л.Шагдаррагчаа, Д.Батбаяр, Н.Баяраа, Д.Энхсайхан, Д.Амарбаясгалан, С.Үнэн, А.Гантулга, Б.Төмөрчулуун болон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн өмчийн харилцааны газрын холбогдох мэргэжилтнүүд оролцлоо. Хурлын эхэнд Нийслэлийн засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл төлөөлөгчдөд доорх танилцуулгыг хийлээ.

Өнөөдрийн байдлаар Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын 115 сургуульд 186,822 хүүхэд суралцаж байна. Энэ нь Хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын норм дүрм ба дүрэм (БНбД 30-01 -04)-ийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн нормативт хэмжээ 73%-ийн хангамжтай байна. 2003 оноос ЕБС-д 7 настай хүүхэд, 2008 оноос 6 настай хүүхдүүдийг авч эхэлсэн. Жилд дунджаар 17800-19300 хүүхэд сургуульд орж байна. Сургуулийн суудлын тоо хүрэлцээгүйн улмаас анги дүүргэлт тогтоосон нормативаас давж, сургалтын орчны шаардлага зөрчигдөн багш сурагчдын үйл ажиллагаа хүндрүүлж, боловсролын чанар, сургалтын арга зүйн шинэчлэлд сөрөг нөлөө үзүүлж байна.

Нийслэлийн эдийн засаг нийгмийн 2013 оны зорилт, нийслэлийн 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 80 бага сургуулийн байршил хэмжээг Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан тогтоох, тооцоо судалгаа гаргах, зураг төслийг хянан батлах хүрээнд одоо байгаа Ерөнхий боловсролын сургуулиудын үйлчлэх хүрээг 700м-ээр тогтоож суурьшил үүссэн боловч сургууль байхгүй газруудад нэг маягийн 280 хүүхдийн сургуулийн барилгыг 80 байршилд сонгосон.

Дээрх байршлыг сонгохдоо 3 хувилбарыг авч үзсэн. Үүнд:

1. Одоо байгаа сургуулиудын газар дээр 34м х 54м хэмжээтэй, 2-3 давхар, 280 хүүхдийн сургууль байршуулан дэд бүтцэд холбогдох 8 байршлыг сонгон төлөвлөсөн.

2. Инженерийн дэд бүтэцэд холбогдоогүй сул чөлөөтэй 13 байршил байна.

3. Суурьшил үүссэн гэр хороололд дэд бүтцийг бие даасан байдлаар шийдвэрлэн 303 хашаа чөлөөлөх 59 байршлыг сонгон төлөвлөсөн.

Хуучин Жайка-гийн бага сургуулийн 13x29 харьцаатай барилгыг төлөвлөхөд нийт 260 хашааг чөлөөлөх байсан бол одоогийн сургууль нь стандартын дагуу төлөвлөхөд спорт заалтай болж 303 хашааг чөлөөлөх болоод байна.

Үүнээс:


Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 12 байршилд сургууль төлөвлөх боломжтой ба одоогийн байдлаар 4 байршилд төлөвлөөд байна.

Сургуулиудыг байршлын хувьд авч үзвэл:

Улаанбаатар хотын хэмжээнд 80 байршилд бага сургууль баригдсанаар шинэ суурьсшлын төвөөс 500 м-ийн радиус дотор 22440 хүүхэд суралцах нөхцөл бүрдэхээр судалгаа хийн ажиллаж байна та бүхэн энэ асуудлыг авч хэлэлцээд НИТХ-ын чуулганаар баталж өгнө үү гэв. Үүний дараа төлөөлөгчид доорх асуултыг тавьж хариулт авлаа.

-Төлөөлөгч Д.Энхсайхан: Бага сургууль барих 59 газрыг дэд бүтэц нь шийдэгдсэн газарт төлөвлөсөн гэсэн байна. Тэр дэд бүтцийг ингэхэд шууд холбочих боломжтой үгүй юу? Дэд бүтэц нь шийдэгдээгүй газруудад сургууль барьчихаад сүүлд нь дэд бүтцийг нь яаж шийдэх вэ? Дэд бүтэц нь шийдэгдээгүй байхад баригдсан манай Сонгинохайрхан дүүргийн хэд хэдэн сургууль байдаг юм. Их хэцүү ш дээ. Хүүхдүүд нь гадаа жорлонд бие засахаас аваад шийдэгддэггүй олон л асуудал байдаг шүү. Айлуудын газрыг сургууль барих зорилгоор чөлөөлнө гэсэн байна. Тэдгээр газраа өгсөн иргэдэд хэдэн төгрөгний нөхөн олговор өгөх вэ? Газар чөлөөлөх ажлаа хэдэн сарын хугацаанд хийх вэ. 4-10 сарын хооронд хийхгүй бол хуулиараа чөлөөлөх боломжгүй болдог юм байна лээ шүү.

-НЕТГ-ын мэргэжилтэн: Гэр хороолол буюу сууршил үүссэн хэсэгт байгаа хүүхдүүд сургуульдаа хүрэхийн тулд 3-5 км явдаг гэсэн тооцоо байгаа. Харин эдгээр сургуулиуд баригдсанаар ЕБС-ийн хүүхдүүд 500-700 м газрын радиуст байгаа сургуульдаа хамрагдах боломжтой байхаар зохион байгуулсан. Энэ 80 байршлаа сууршил нь илүү нягтарсан төв хэсэг байхаар тогтоосон. 8 сургуулийг нь шинээр барих бус одоо байгаа сургуулиудыг өргөтгөх замаар хийхээр болсон. Чөлөөлөх айлуудын газрыг сонгохдоо цахилгаан очсон, төвлөрсөн шугамаас ус татах боломжтой, дээрээ хоёр давхар хаус зэрэг үл хөдлөх хөрөнгөгүй айлуудыг сонгож газрыг нь тохиролцооны үндсэн дээрээс чөлөөлөхөөр төлөвлөсөн. Айлын хашаа ямархуу үнэтэй байгааг судлаад үзэхээр нэг айлын хашааг чөлөөлөхөд 10-25 сая төгрөг байхаар ханш нь тогтоогдсон. 7,8 тэрбум төгрөг байхад 300 айлын хашааг чөлөөлчих юм байна гэсэн тооцоо гарсан байгаа. Газар чөлөөлөх ажлыг ойрын хугацаанд эхлүүлэхээр төлөвлөсөн байгаа.

-Төлөөлөгч Л.Шагдаррагчаа: Энэ 80 бага сургуулийг хэдээс хэдэн онд бариад байгуулаад хүлээлгэж өгөх вэ? Энэ 80 байршил маань саяны ерөнхий төлөвлөгөөнд багтаж орсон юм уу эсвэл хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнийхөө хүрээнд шигтгээд оруулчих юм уу? Сургууль барих байршлыг тогтоогоод өгчихсөний дараа газар чөлөөлөх, зураг төслийг хийх, барих ажлыг хэн хариуцаж хийх вэ? Бас хуучин сургуулиудыг өргөтгөж барилга барина гэсэн юм энд байна. ингээд бариад эхлэхээр сургуулийн хашааны норм дүрэм нь хэрхэн зөрчигдөх вэ энэ талаар судалж тооцсон зүйл байна уу? За эдгээр асуултанд товчхон шиг хариулт өгнө үү?

-Төлөөлөгч Н.Баяраа: За би Л.Шагдаррагчаа даргын асуулт дээр нэмээд хэдэн зүйл асуучихъя. Ойролцоо юм байна. Миний хувьд сургууль барих асуудлыг бол дэмжиж байгаа. Байршлыг та нар яаж тогтоосон бэ? Алслагдсан дүүргүүдээс ганцхан Багануур л орсон байна лээ. Налайхыг яагаад орхисон юм бэ? Бас хэд хэдэн сургуулийг нурааж шинэ сургууль барих асуудлууд босч ирсэн тэр асуудал одоо ямар шатанд яваа бэ? Тэр та бүхний энэ ажилтай холбоотой юу?

-Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл: Хэрвээ энэ жил барилгын ажил эхлээд газар нь чөлөөлөгдөөд эхэлбэл ирэх жил гэхэд эхний сургуулиуд ашиглалтад орох боломжтой. 980 хүүхэдтэй сургууль 1.8 га эдэлбэр талбайтай байна гэсэн норм журам байдаг юм билээ. Гэхдээ өргөтгөл хийсэн сургуулиуд маань энэ нормоо бол хангаж чадахгүйд хүрч байгаа. Тэртээ тэргүй хаврын улиралд гадаа хаврын спартикат бараг болохоо байсан учраас оронд нь спорт заалных нь асуудлыг шийдээд өгөх замаар энэ асуудлыг шийдчихэж болох байх. Яах вэ цаашдаа хөрөнгө мөнгийг нь шийдээд өгчихвөл сургуулийн хажуугийн айлуудад нөхөн олговор өгөх замаар сургуулийн эдэлбэр газруудыг тосгох боломжтой. Н.Баяраа төлөөлөгчийн асуултын хувьд бол налайхд яагаад төлөвлөөгүй вэ гэхээр Налайхын городокт концесс зарлаад 640 хүүхдийн иж бүрэн заалтай сургууль барихаар болсон. Тус дүүрэгт ЕБС хэрэгтэй байгаа болохоос биш бага сургуулийн хүрэлцээ бол хангалттай байгаа. Тэр 4 сургуулийн хувьд бол 2 сургуулийнх нь асуудал шийдэгдээд захирамж гарчихсан байгаа. Харин нөгөө хоёр сургуулийг нь буулгах төсвийг зааж өгөөгүй болохоор ажил гацчихаад байхаад эдгээр сургуулийг барих ажлыг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барих ажлыг хийнэ. 80 бага сургуулиудыг барихаар ачаалал маш их буурах боловч үүнтэй зэрэгцээд өөр хэд хэдэн газарт байгаа ашиглах боломжгүй сургуулийг буулгах асуудал яригдаад байгаа. Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 3 ээлжээр 17 сургууль хичээл зааж байна. 4300 хүүхэд тэгж суралцаж байна. Бидэнд яаралтай сургуулиудыг барих шаардлага байгаа учраас аль болох яарч байна. 2014 он гэхэд бүх сургуулиудын барилгын ажил зэрэг эхэлчихсэн байхаар ажиллаж байна.

-Төлөөлөгч Л.Шагдаррагчаа: Яг ингээд хотдоо их бүтээн байгуулалтыг хийе гэхээр газар чөлөөлөх асуудлааас болоод гацчихдаг асуудал их байгаа. Тиймээс газар чөлөөлөх асуудлаа та бүхэн эхнээс нь сайн зохион байгуулаарай.

-Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл: Бид газар чөлөөлөх журмын төслийг боловсруулаад тун удахгүй НИТХ-аар хэлэлцүүлж дэмжүүлэхээр ажиллаж байгаа. Ингээд журам нь боловсорчихоор асуудал цэгцрэх байх.

-Төлөөлөгч А.Гантулга: газар чөлөөлөх асуудал бидэнд тулгамдаад байгаа гол асуудал мөн шүү. Бас ч хотынхоо төлөө гэсэн сэтгэлтэй хувь хүн компаниуд маш их байдаг. Над дээр л гэхэд хоёр компани ирээд та бүхэн газар заагаад өгчихвөл би сургууль бариад өгье, цэцэрлэг бариад өгье гэсэн зүйл байж л байгаа гэтэл газар нь олддоггүй асуудал байсаар л байгаа.

-Төлөөлөгч Л.Шагдаррагчаа: Хэрвээ НИТХ-аар сургууль барих газрыг нь заагаад өгчихвөл Ерөнхий төлөвлөгөөний газар, өмчийн харилцааны газар хоёр маш хурдан газар чөлөөлөөд сургууль барихад бэлэн болгох ажлыг хийчихнэ гэж ойлголоо. Та бүхэн энийг баттай хэлж чадах биз? Ц.Энхцэнгэл дарга төсөв мөнгийг нь тооцоод ирэх оны төлөвлөгөөнд тусгуулаад ямар ч л гэсэн бүх асуудлуудыг нэг мөр шийдээд 2014 он гэхэд манай хот 80 бага сургуультай болох юм байна гэж ойлголоо шүү.

-Төлөөлөгч А.Гантулга: Нийслэл хотдоо сургууль бариад өгье? Цэцэрлэг бариад өгье гээд байгаа мөнгөтэй компаниудтай та бүхэн яаж уялдаж ажиллах вэ?

-Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл: Хэрвээ тэр компаниуд чинь өөрсдөө концессын журмын дагуу жагсаалтад орж ирээд би ингээд хийе ээ гэвэл болохгүй гэх зүйл байхгүй ш дээ.

-Төлөөлөгч Н.Баяраа: Бага сургууль барих хэрэгцээ шаардлага их байгаа гэдгийг хүн бүр ярьж байна. Энэ ажлыг ингээд хийж байгаа нь маш зөв. Концесс хийх журмыг маш тодорхой болгоод өгчихвөл сургууль бариад өгье гэх хүн олон байгаа шүү.

-Төлөөлөгч Л.Шагдаррагчаа: тэгэхээр байна шүү Ц.Энхцэнгэлээ. 2013 онд нийгмийн хэрэгцээ шаардлагыг мэдэрч ирэх онд хийх ажлынхаа төлөвлөгөөг нарийн дэс дараатай гаргаж нэг мөр болгоорой. Бид нар өөрсдөө харьяа газруудаар ажиллаад үзэхээр тендер нь зарлагдаагүй, зураг төсөв мөнгө төгрөг нь шийдэгдээгүй бөөн асуудал байсан шүү. 2013 оны төлөвлөгөө тасарлаач 2014 оны төлөвлөгөө тасрах ёсгүй шүү. Сургууль цэцэрлэгт баахан өргөтгөл хийнэ гэж байсан энэ бүх ажлаа концессээр хийж болохгүй юу. Бүх зүйлийг төсвийн нуруун дээр байлгахаа аль болох багасгахыг бодоорой. Өөрт чинь эдгээр ажлыг хариуцдагийн хувьд энийг зөвлөмж болгож хэлж байна шүү. Сургуулийн газар барих асуудлыг манай хороо дуу нэгтэйгээр дэмжиж дүгнэлт гаргаад чуулганд оруулна гэв.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)