НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : “Ахмадын орон сууц-4000” хөтөлбөрийн асуудлаар хороодын хамтарсан хуралдаан боллоо

Өнөөдөр буюу 2013-04-23-ны өдөр 15 цагаас Хангарьд ордонд НИТХ-ын Хуульзүй төрийн байгуулалтын хороо, Төсөв санхүү эдийн засгийн хороодын хамтарсан хуралдаан боллоо. Хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч Л.Шагдаррагчаа, Д.Батбаяр, С.Ононбаяр, Ц.Баатархүү, Ц.Энхцэнгэл, Д.Оросоо, Д.Энхсайхан, Д.Хүрэлбаатар, Ц.Алтанцэцэг, Б.Төмөрбаатар, Одонтунгалаг болон Нийслэлийн засаг даргын орлогч, НИТХ-ын төлөөлөгч С.Очирбат, Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга С.Баярбаатар нарын хүмүүс оролцлоо. Хуралдаанаар “Ахмадын орон сууц-4000” хөтөлбөр, “Улаанбаатар-Орон сууц сан”-гийн журмын төслүүдтэй танилцав.

Хурлын эхэнд Нийслэлийн засаг даргын орлогч С.Очирбат доорх танилцуулгыг хийлээ.

-Өнөөдрийн байдлаар Нийслэл Улаанбаатар хотноо 1200000 гаруй хүн ажиллаж амьдарч байна. Эдгээр иргэдийн маань 62 хувь нь гэр хороололд, 38 хувь нь орон сууцанд амьдарч байгаа гэсэн судалгаа байна. Сүүлийн жилүүдэд орон сууцны хорооллууд олноороо баригдаж байгаа хэдий ч залуу гэр бүлүүд, ахмадууд, бага дунд орлоготой иргэд, сууцанд орж чадахгүй байсаар байна. Зөвхөн өнөөдрийн байдлаар л гэхэд нийслэлийн захиргаанд 9000 орчим ахмад настнууд орон сууцанд орох хүсэлтээ ирүүлсэн байгаа нь орон сууцанд орох гэсэн эрэлт маш их байгааг харуулж байна. Иймд нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сан, хандив тусламж бусад хөрөнгөөр нийтийн орон сууцуудыг олноор нь барьж иргэдэд зарахгүйгээр, өмчлөхгүйгээр, хувьчлахгүйгээр түрээслүүлье гэсэн ажлыг нийслэлийн засаг даргаас санаачлан “Ахмадын орон сууц-4000” хөтөлбөрийг санаачлаад байна. Ингээд нийт баригдах орон сууцныхаа 75 хувийг ахмадуудад, 20 хувийг бага дунд орлоготой иргэд болон залуу гэр бүлүүдэд, үлдсэн таван хувийг нь нийслэлд гэнэтийн аюул гамшиг тохиолдох болон бусад асуудал үүссэн тохиолдолд айлуудыг оруулна гэсэн нөөцөнд үлдээхээр төлөвлөсөн. Энэхүү түрээсийн орон сууц маань 1-2 өрөө байх бөгөөд 40-50 мкв байхаар тооцоологдсон байгаа. Түрээсийн төлбөр нь сардаа ойролцоогоор 100000 төгрөг байх тооцоо гарсан. Энэхүү байранд орохыг хүссэн иргэд сар бүрийнхээ түрээсийн мөнгийг бүрэн төлөөд байх санхүүгийн чадамжтай байна гэсэн болзолтойгоор байр түрээслүүлнэ. Түүнчлэн залуу гэр бүлүүд, бага дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах “Улаанбаатар-Орон сууц сан”-г байгуулахаар болсон. Ингэснээр төрийн албанд 10 хүртэлх жил ажилласан орон сууцгүй иргэдэд нэг удаад 10 хүртэлх сая төгрөгийн урамшуулал олгох заалтыг мөн энэхүү журамдаа оруулсан байгаа та бүхэн энэхүү асуудлуудыг сайтар хэлэлцэж чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжиж өгнө үү гэв. Үүний дараа төлөөлөгчид хэд хэдэн асуулт тавьж хариулт авлаа.

-Төлөөлөгч Д.Хүрэлбаатар: “Улаанбаатар-Орон сууц сан” ХХК чинь ингэхэд ямар учиртай эд вэ сайн тайлбарлаад өгөхгүй юу?

-С.Очирбат: Уг сан маань хот нийтийн аж ахуйг хөгжүүлэх хөрөнгө босгох зорилготой байсан. Энэ сан орон сууцны тусгай зорилтот бүлэгт чиглэсэн сан байгаа. Энэ сангаар дамжуулан орон ахмадын орон сууцны барилгын ажил, засварын ажил хийгдэх юм.

-Төлөөлөгч Ц.Баатархүү: Сангийн зөвлөл гээчийг байгуулна гэсэн байна. Ямар учиртай, эрхтэй зөвлөл гээчийг байгуулах гэж байгаа юм. Хэн тэр зөвлөлд нь орох вэ?

-С.Баярбаатар: уул нь зөвлөл байгуулах асуудлыг тэргүүлэгчдийн хуралд оруулсан. Тэгтэл НИТХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шийдсэн. Энэ зөвлөл яг хэдэн хүнтэй байхыг эцсийн байдлаар тогтоогүй байгаа. Ямартай ч зөвлөлийн гишүүдийн 50-аас доошгүй хувь нь НИТХ-ын төлөөлөгч байна гэж яригдаж байгаа.

-Төлөөлөгч Ц.Баатархүү: “Ахмадын орон сууц-4000” хөтөлбөр гэхээр яг 4000 орон сууц барина л гэсэн үг үү?

-С.Очирбат: Эхний ээлжинд зорилтот 4000 иргэнд зорилж энэ тоог гаргасан. Хэрвээ хэрэгжилт маш хурдан бүтвэл энэ тоогоор хязгаарлахгүй. Цаашид ч гэсэн үргэлжлүүлж барина.

-Төлөөлөгч Д.Оросоо: Энэ журам дотор Сангийн даргаар заавал НЗДТГ-ын дарга байна гэчихсэн байх юм. Тамгын газрын дарга өөрийнхөө үндсэн чиг үүргээ л гүйцэтгэнэ биз заавал энэ санг даргалах ямар хэрэгтэй юм?

-С.Очирбат: Миний хувьд өөртэй чинь санал нэгтэй байгаа. Гэхдээ Тамгын дарга нь төслийн ерөнхий менежир байна гээд дүрэмдээ оруулчихсан болохоор ийм заалтыг оруулсан байх.

-Төлөөлөгч Л.Шагдаррагчаа: Нийслэлийн иргэдийг заавал нас шүдээр нь ялгаварлаж орон сууцжуулах асуудлыг би лав хувьдаа дэмжихгүй байгаа. Заавал ингэх шаардлага байгаа юм уу?

-С.Очирбат: Олон мянган ахмадынхаа орон сууцны асуудлыг шийдэх цаг одоо болсоон. Айлын хашаанд хүүхдийнхээ бөөрөнд наалдсан маш олон ахмад байна. Тэднийгээ одоо харж үзэж дэмжих цаг болсон.

-Төлөөлөгч Л.Шагдаррагчаа: Энэ төслийг хэрэгжүүлэхэд асар их хөрөнгө шаардлагатай. 2013 оны төсөв төлөвлөгөөнд тусгаагүй асуудлыг гэнэт ингэж хийнэ барина хэмээн хөөрцөглөж гүйж байгаад ямар учир байна. хэрвээ энэ төслийг хэрэгжүүлж эхэлбэл тасралтгүйгээр хөрөнгө оруулах шаардлагатай ш дээ.

-С.Очирбат: Жил бүр энэ санд нийслэлээс 10 тэрбум төгрөгийн санхүүжилт, иргэдэд 20 тэрбумын зээл олгоод байхад хөтөлбөр амжилттай хэрэгжих тооцоо бий.

-Төлөөлөгч Л.Шагдаррагчаа: Бид нэг зарчмын зүйлээ эхлээд тохирох хэрэгтэй болоод байна. НИТХ бол нийслэлийн иргэдийн төлөөллийн байгууллага. Би иргэдийн санаачлагыг хэрэгжүүл ажил хэрэг болго гээд Нийслэлийн засаг даргыг дундаасаа томилсон. Тэгтэл байтлаа төлөөлөгч нар бид өөрсдөө хэрэгжилтэд хяналт тавихын оронд өөрсдөө хэрэгжүүлэх ажилд оролцоод ажил үүргийнхээ зааг ялгаагаа алдлаа. Ирэх чуулганы үеэр засаг даргын чиг үүрэг энэ, НИТХ-ын чиг үүрэг энэ гээд зааг ялгаагаа гаргамаар байна шүү. Тухайлбал энэ төсөв төлөвлөгөөнд огт байхгүй ажлыг хийеээ гээд НИТХ-ын төлөөлөгч, орлогч нар гүйгээд байдгаа болих хэрэгтэй. Бас энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд орон нутгийн төсвийн орлогоос иргэдэд зээл өгнө гээд заачихсан байх юм. Үүнийгээ үндэслэлтэйхэн тайлбарлаарай. Зээл өгч байгаа хойно, эргэн төлөлт хүү нтр гээд баахан асуудал босоод ирнэ. Байтлаа бүр төрийн байгууллага банкны ажил эрхлэх болж байна уу? Миний хувьд энэ журам маш түүхий байна. Дахин сайтар боловсруулж асуудлаа цэгцлээд дахин оруулж ирээрэй.

-Төлөөлөгч Ц.Баатархүү: Сая та нарын яриан дундаас иргэдэд түрээслэхээр барих орон сууцны түрээсийн сарын төлбөр нь дундажаар 100 орчим байна гэчих шиг боллоо. Ахмадуудын дундаж орлого ер нь хэд вэ гэдгээ судалж та нар үзсэн үү? Түрээсийг нь авч байна гээд тэтгэврийн хэдийг нь хуу хамчихаар тэд яаж амьдрах юм?

-С.Баярбаатар: Энэ бол халамжийн байр биш. Тодорхой түвшний орлоготой, түрээсийн мөнгөө цаг тухай бүрт нь төлөөд байх санхүүгийн бүрэн чадавхитай ахмадуудад энэ байрыг түрээслүүлэхээр төлөвлөсөн байгаа гэв.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)