НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : Л.ШАГДАРРАГЧАА: БАГАНУУР, БАГАХАНГАЙ, ТӨВ АЙМАГ ЗЭРЭГ ГАЗРУУДЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨЖ, ДЭД БҮТЦИЙГ ХОЛБОСНООР ХОТЫН ТӨВЛӨРӨЛ АЯНДАА СААРАХ БОЛОМЖ БҮРДЭНЭ

НИТХ-ын төлөөлөгч, Монгол улсын” Гавьяат барилгачин” барилгын зөвлөх инженер. НИТХ-ын дэд бүтэц,хот байгуулалтын хорооны дарга,”Барилга”корпорацийн ерөнхийлөгч, Нийслэлийн засаг даргын оронтооны бус зөвлөх, Л.Шагдаррагчаагийн  ярилцлагыг хүргэж байна.


- Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны даргын хувьд та бид хоёрын яриа гэр хорооллын дахин төлөвлөлт, цаашлаад хот байгуулалтын асуудлаас эхлэх нь зүйтэй болов уу. Таны ажлын намтар түүхийг харж байхад Барилга хот байгуулалтын яамны тэргүүн дэд сайдын албаас эхлээд энэ салбарт олон жил ажиллаж байжээ.  Тиймээс танаас их үнэтэй санал санаачлага гардаг байх?

 - Би барилга хот байгуулалтын салбартай ИХ сургууль төгсөөд л ажил амьдралаа холбосон. 39 дэх жилдээ ажиллаж байна. Үүнээс 10 жилийг нь говь нутгийг барилгажуулах үйлст, 29 жилийг нь улсынхаа нийслэлийг хөгжүүлж барилгажуулахад зориулсан байна. Нийслэл Улаанбаатар хотын томоохон үйлдвэрүүд, сургууль цэцэрлэг, нийтийн тээврийн автобуны болон таксийн үйлдвэрлэл засварын цехүүд, хотын иргэдийг сүү сүүн бүтээгдэхүүнээр хангах үйлдвэр, хот тойрсон үнээний фермүүд, Налайх, Шувуун фабрик, Партизаны САА-н төвийг барилгажуулах ажилд голлон ажилласан байна. Сүүлийн үед орон сууцны төсөл хэрэгжүүлэх ажилд оролцож “Шинэ зуун “орон сууцны төсөл хэрэгжүүлж “Шинэ зуун-210” компаний бонд анх гаргаж ажилласан. Нийслэлийн ИТХ, засаг даргаас хэрэгжүүлэх “Гэр хорооллын дахин төлөвлөлт, хөгжлийн асуудлаар өөрийн ажлын туршлага, мэддэг зүйлээрээ иргэдийн төлөөлөгчийн хувьд санал бодлоо хэлж, идэвхитэй оролцож байгаа гэж бодож байна. Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох замаар амины тохилог сууцны хороолол болгон хөгжүүлэх, төлөвлөлтийн явцад чөлөөлөгдөх талбайг ногоон байгууламж, зам талбай болгох нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Ер нь сүүлийн жилүүдэд Нийслэлийн хот байгуулалт, барилгажилтын бодлого алдагдаж, замбараагүй болгосны горыг арилгах, эмх цэгцэнд оруулах хот байгуулалт,барилгажилтын бодлого үйл ажиллагааны шинэчлэлтийг хийх чиглэлээр хууль эрх зүй,эдийн засгийн хөшүүрэг механизм бий болгоход голлон анхаарч, холбогдох хууль дүрэм журам боловсруулахад биечлэн оролцож байна.

-Энэ удаагийн иргэдийн хурал Улаанбаатар хотын гэр хорооллыг дэд бүтцэд холбогдсон орчин үеийн тохилог хороолол болгох том ажлыг гүйцэтгэхээр ханцуй шамлан ажилдаа орж байна. Таны хувьд энэ ажилд ямар байр суурьтай байдаг вэ?

-  Би түрүүн гол зүйлээ хэлсэн. Нэмж хэлэхэд Хотын удирдлагууд болон ИТХ-аас гаргасан шийдвэр, хэрэгжүүлж байгаа арга хэмжээг бүрэн дэмжиж байгаа. Хот байгуулалт, хүн амын суурьшлын өнөөгийн замбараагүй байдал нь хүний амьдрах орчны аюулгүй байдалд нөлөөлөөд удаж байна. Агаар хөрс усны бохирдол, тээвэр үйлчилгээний хэт ачаалал, нийгмийн хурц асуудлууд үүсч, өдөр ирэх бүр хүндэрч шийдвэрлэхэд асар их хүч хөдөлмөр зарцуулах болж байна. Нийслэл маань хот байгуулалт суурьшлын үнэлгээгээр ноцтой бараг гамшгийн хэмжээнд хүрээд байгаа энэ үед хотыг дахин төлөвлөх, хөгжүүлэх асуудал хойшлуулшгүй асуудал болсон үед энэ хүнд асуудлыг шийдвэрлэхээр зориг шулуудан ажиллаж байгаад би баярлахын зэрэгцээ өөрийхөө зүгээс чадах мэдэхээрээ туслах нь миний үүрэг гэж ойлгож байгаа.

-Улаанбаатар хотын өмнө тулгарч байгаа олон асуудлын гогцоо нь хэт их төвлөрөл гэдэг. Гэр хорооллыг өндөр байшин хорооллоор сольж тохижуулах нь төвлөрөлийг улам нэмэх сөрөг талтай юм гэж хуралдааны үеэр таны хэлж байсан санал их чухал санаа байсан болов уу гэж боддог юм. Одоо нэгэнт ажил эхэлчихлээ. Тэгэхээр төвлөрөлийг сааруулах өөр ямар ажил хийж болох вэ? Танд ямар санаа байна?

-Саяхан НИТХ-ын тогтоол гарч гэр хорооллыг хөгжүүлэх 12 байршлыг тогтоож, төлөвлөлтийн үндсэн схемүүдийг баталсан. Барилгажилтыг гүйцэтгэх компануудыг сонгон шалгаруулж, одоо иргэдтэй тохиролцох шатны ажил эрчимтэй хийгдэж байна. Ер нь Нийслэлийн удирдлагууд маань маш шуурхай дайчин ажиллаж, Жилд 1-2 хуралддаг байсан ИТХ амь орж сар бүр Улаанбаатар хотын ажил амьдралтай холбоотой олон асуудлыг авч үзэн шийдвэрлэж, шийдвэр гаргасныхаа дараа нийслэлийнхээ иргэдийн санал онолыг авч тусган, амьд холбоотой ажиллаж байгаа нь талархал хүлээж байгаа. Нэгэнт шийдвэр гарч хэрэгжүүлж байгаа асуудлаар шүүмлэх нь зохисгүй бөгөөд юу ч хийдэггүй хүмүүсийн асуудал гэж үздэг. Харин хэрэгжилтийг зохион байгуулах үр дүнд хүргэх оновчтой санал санаачлага гаргах нь их ач холбогдолтой. НИТХ-аар гэр хорооллын хөгжлийн асуудал хэлэлцэх үед миний шүүмжлэлтэй хандаж байсан нэг зүйл бол “Нийслэл рүү ирэх шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах асуудлыг зэрэгцүүлэн тавьж, дахин төлөвлөлт барилгажилтыг хийхдээ суурьшлыг өсгөхгүй, төвлөрлийг нэмэгдүүлэхгүй байх үзэл баримтлалын тусгахыг санал болгосон юм. УИХ-аар Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний тодотголыг хэлэлцэх үеэр ч энэ асуудал хурц яригдаж шинэчилсэн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалд тусгагдсан гэж ойлгож байгаа. Харин  гэр хорооллын барилгажилт хийх барилгын компанууд дахин төлөвлөлт хийх байршлуудад оновчтой төлөвлөлт хийх, нийтийн олон давхар орон сууцны хороолол болгохгүй байхад анхаарах нь зүйтэй. Дэд бүтэц, шугам сүлжээний хүрэлцээ хангалтгүй байгаа тул ингэхээс өөр аргагүй. Хотын ерөнхий төлөвлөгөөний газар үүнд онцгой анхаарах шаардлагатай. Цаашид хотын төвлөрлийг сааруулах ажлыг төлөвлөлтөөр л хэрэгжүүлнэ. Багануур, Багахангай, Төв аймаг зэрэг газруудыг дахин төлөвлөж, дэд бүтцийг холбосноор хотын төвлөрөл аяндаа саарах боломж бүрдэнэ.

-Барилга байшин гэхчилэн хотын хөгжил гарт баригдаж нүдэнд харагдах байдлаар хөгжиж болох ч одоо хотын иргэнийг төлөвшүүлэхэд анхаарах хэрэгтэй мэт санагддаг юм. Хогоо гудманд хаядаггүй, их хотоо гэсэн сэтгэлтэй иргэнийг яаж төлөвшүүлэх вэ.

-   Манайд хууль хэрэгждэггүй, иргэд нь орчныхоо сайн сайхан, өөрийнхөө эрүүл орчны төлөө санаа зовдоггүй, тоомжиргүй байдлаас үүдэлтэй, залхаг байдал газар авсны гай шүү дээ. Хүн бүр төрөлх хотоо сайн сайхан цэвэр цэмцгэр байлгахад иргэнийхээ үүргийг биелүүлэг ухамсартай болгоход төр , иргэний, төрийн бус байгууллагууд, иргэд өөрсдөө өөриймсөг ханддаг болох нь чухал. Бүх зүйлийг хуулиар захиргаадан зохицуулж болохгүй,эх орон,төрөлх нийслэлээрээ бахархдаг иргэний төлөвшил чухал юм даа.Цэвэр тохилог орчин хүний хэрэгцээ, амьдралын шаардлага, ёс суртахууны хэм хэмжээ болсон цагт энэ асуудал цэгцэрнэ. Жишээлбэл тамхины тухай хууль хэрэгжиж байна. Тээвэр зохицуулалтын арга хэмжээнүүд нь амжилттай болж байгааг харах нь зүйтэй. Иймд хүүхдийг бага балчираас нь эхлэн сургууль цэцэрлэг,эцэг эх нь ийм хүмүүжлээр өсгөх ёстой.Энэ бол бүх нийтийн үүрэг хариуцлага гэж үзэж байна.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)