НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : 2013 ОНД НИЙСЛЭЛД 145 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗАМ БАРИХ АЖЛЫГ ХИЙНЭ

2013 ОНД НИЙСЛЭЛД 145 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗАМ БАРИХ АЖЛЫГ ХИЙНЭ

2013-04-18-нд 10 цагаас НИТХ-ын төлөөлөгчид Нийслэлийн авто замын газартай танилцлаа. Танилцах уулзалтад НИТХ-ын төлөөлөгч Л.Шагдаррагчаа, Н.Баяраа, Д.Хүрэлбаатар, Д.Авирмэд, Б.Төмөрчулуун, С.Амарсайхан нар оролцлоо.

Уулзалтын эхэнд нийслэлийн авто замын газрын дарга Д.Нанзаддорж “2013 онд манай нийслэлийн авто замын газар төсвийн болон нийслэлийн хөрөнгөөр 145 тэрбум төгрөгийн зам барилгын болон засварын ажлыг хийхээр төсөвлөгдсөн. Үүнийг задалж ярьвал шинээр38 км зам барих ажил эхэлж, 14.4 км авто зам ашиглалтад орно.

Үүнд: "Зүүн Сэлбэ" орон сууцны хороолол доторх 0.6 км авто зам /Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох авто замыг шинээр барих, БЗД, 25-р хороо/, Сэлхийн зуслангийн 4.5 км авто зам /СБД/, Нарны зам, Баянмонгол хорооллыг холбосон 0.2 км авто зам, Халдвартын автобусны эцсийн зогсоолоос зүүн тийш үерийн далан, Нарантуул ОУХТ-ийн хойд хаалганаас Өгөөмөр захын зүүн талаар Нарны зам хүртэлх гудамж замыг шинээр барих 2.1 км /БЗД/, Энхтайваны өргөн чөлөөнөөс Сэпбийн баруун эргээр Бээжингийн гудамж хүрэх 0.7 км авто зам, Гэмтлийн эмнэлгийн замаас баруун тийш 1-р хорооллын арын замтай холбогдох 1.2 км авто зам, Хүчит Шонхор захаас Хувьсгалчдын гудамжны уулзвар хүртэлх 1.7 км авто зам, Бэлхийн шинэчилсэн замын үргэлжлэл 0.7 км авто зам, Гадна тойруугийн хойд хэсгийн замын 4-р хэсгийн 1 км авто авто зам /Дарь-Эхийн авто замаас Ганц худаг - Цайз, Цагаан даваа чиглэлд/, Зүүн салааны 1.2 км авто зам /СХД, 25-р хороо/, БГД, 8-р хороо, Ард Аюушийн гудамжийг Жамсранжавын гудамжтай холбох 0.5 км авто зам зэрэг багтана. Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17.6 км авто зам, Дүнжингарав худалдааны төвийн авто замаас Улиастайн замын уулзвар хүртэлх 6 км авто зам буюу нийт 23.6 км авто зам он дамжин хэрэгжиж 2014 онд ашиглалтад орно.


Түүнчлэн өргөтгөл шинэчлэлтээр 87 км замын ажил эхэлж, Яармагийн гүүрнээс Нисэхийн товчоо /1-р хэсэг/, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо /2-р хэсэг/ хүртэлх 13.7 км, Нисэхийн товчоо - Биокомбинат - Шувуун фабрик чиглэлийн 22.5 км, Дандарбаатарын гудамжны 0.9 км /Цайзын уулзвараас Эскадрилын хөшөө хүртэл/, Шүүхийн гудамжнуудын 1 км /БГД/, Олимпийн гудамжны 1.1 км /СБД, 1-р хороо/, 120 мянгатын авто замын уулзварын барилгын ажил /Энхтайваны гүүрээс 120 мянгатын уулзвар хүртэлх 0.6 км авто замын зорчих хэсгийн шинэчлэлтийн хамт/, Улаанхуарангийн зам, Эскадрилийн хөшөөнөөс Цэргийн Их Сургууль, Шархадны зам хүртэлх 1.5 км /БЗД, 16-р хороо/, Зүүн салааны 3.6 км /СХД, 25-р хороо/, Доржийн гудамж, Туул Жин Пангийн уулзвараас зүүн тийш Цайз захын уулзвар хүртэлх 2.8 км /БЗД, 4, 5, 22-р хороо/, Буяны 2.6 км /СХД/, Бэлхийн 5 км /СБД/, Шарга морьт - Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн 5 км, 39 дүгээр сургуулийн зуун урд талын уулзвараас Хүчит Шонхор зах, эцсийн буудал хүртэлх 1.6 км /ЧД, 11-р хороо/, Баянбүрдийн тойргоос 32-ын тойрог хүртэлх 1.7 км /ЧД, 9, 10, 11-р хороо/, МТ шатахуун түгээх станцийн уулзвараас Хайлаастын эцэс хүртэлх 3.1 км /ЧД, 13, 16-р хороо/, Нарны замын зүүн хэсэг, Нарантуул захын урд уулзвараас Чулуун - Овооны уулзвар хүртэлх 2 км, Дунд гол, Үйлдвэрийн гудамж, 19 дүгээр хорооллын арын 4 км, Энхтайваны өргөн чөлөөний зүүн хэсэг, Зүүн 4 замын уулзвараас Офицеруудын ордон - Чулуун - Овоо - Тролейбусны эцсийн буудал хүртэлх 4.5 км, Энхтайваны өргөн чөлөөний баруун хэсэг, Саппорогийн тойргоос Москвагийн гудамж - Үйлдвэрчний эвлэлийн гудамжны уулзвар - 5 шар хүртэлх 3.2 км, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Баянхошуу чиглэлийн 3.4 км, Хасбаатарын гудамжны 2.2 км, Нарны замын баруун хэсэг, Төмөр замын вокзалаас Төмөр замын Депогийн уулзвар хүртэлх 1 км авто замуудыг өргөтгөж шинэчилнэ.

Мөн гүүрийг шинээр барих, шинэчлэх ажлын хүрээнд Сэлбийн 58 у/м гүүр, Ажилчны гудамжны Дунд голын доод гүүр 35x2 у/м, Биокомбинат - Шувуун фабрик чиглэлийн авто зам дахь 99.2 у/м гүүрийг өргөтгөн шинэчилж ашиглалтад оруулна.

Явган хүний гүүрэн гарцыг 6 дүүрэгт  барина. Баянмонгол хороололд автомашины нүхэн гарцыг шинээр барьж, Сөүлийн гудамжны Гранд Плазагийн уулзвар, Олимпийн гудамжны Гэндэнгийн уулзвар зэрэг хэд хэдэн уулзваруудыг өргөтгөж шинэчилнэ.

Баруун 4 зам, Зүүн 4 зам, Яармагийн гүүрийн орчимд барих олон түвшний огтлолцлууд, Замын Цагдаагийн газрын баруун өмнөх уулзварт барих гүүрэн гарц, Зайсангийн 224 у/м гүүрийн өргөтгөл, шинэчлэлтийн ажпуудыг хөрөнгө оруулалтын ажилд тусган хэрэгжүүлж байсан хэдий ч 33 уулзварыг 4 замын уулзвар болгох “Гудамж” төсөл, хурдны замтай уялдуулах үүднээс дээрх ажлуудыг түр хугацаагаар зогсоогоод байна.Эдгээр ажлуудад шаардагдах хөрөнгийг улсын төсөв, Нийслэлийн төсөв, Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хийнэ. Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын гол гудамж замууд, хороолол доторх авто зам, нүхэн гарцуудад 15.5 тэрбум төгрөгийн засвар арчлалтыг гүйцэтгэнэ” гэсэн танилцуулгыг өглөө. Үүний дараа төлөөлөгчид Д.Нанзаддорж даргаас хэдэн зүйлийг тодрууллаа.


-Төлөөлөгч Л.Шагдаррагчаа: Гудамж төслийн хүрээнд 33 уулзварыг засна гэж юу яриад байна?

-Д.Нанзаддорж: 33 уулзвар гээд байгаа нь нийслэлийн томоохон уулзвар тухайлбал баруун дөрвөн замын уулзвар, жигүүр грандын уулзвар, зүүн дөрвөн замын уулзварууд маань зөв хэлбэртэй биш. Өөрөөр хэлбэл хөрөөний ир шиг. Тиймээс эдгээр уулзваруудыг томсгоод зөв хэлбэрт нь оруулъя гэсэн юм байгаа юм.

-Төлөөлөгч Л.Шагдаррагчаа: Тэрхүү уулзваруудын зураг төслийг мэргэжлийн байгууллагаар хийлгэж байгаа юу? Эсвэл мөрөөдөлд автсан хэдэн дарга нар хүнээр хийлгээд байна уу?

-Д.Нанзаддорж: Энэ асуудал яг албан ёсоор нийслэлийн бүтцэд орж ирээгүй. Хөгжлийн банкин дээр ажлын алба байгуулчихсан тэдгээр хүмүүс нь өөрсдөө зураг төслөө хийгээд асуудлаа яриад явж байгаа. Засгийн газрын тогтоолоор бол уг ажлыг хотын дарга болон эдийн засгийн хөгжлийн сайдад даалгасан юм билээ. Би ойлгохдоо бол хөрөнгийг нь эдийн засгийн яамнаас гаргана хот бол харин удирдлагаар хангах үүрэгтэй гэж бодож байгаа. Энэ бол өнөөдрийн байдлаар зөв бүтэцдээ орж манайд харьяалагдаагүй байна.

-Төлөөлөгч Л.Шагдаррагчаа: Эдийн засгийн хөгжлийн яаман дээр мөрөөдөлдөө автсан энэ талын мэдлэг туршлагагүй, замын ажил, замын хөдөлгөөн урсгалын тооцооллыг мэдэхгүй хэдэн залуучууд хөөрөлд автаад бондын мөнгөнөөс идэж уучих гээд суугаад байгаан биш биз?

-Д.Нанзаддорж: Тийм яриа бол байгаа. Хөгжлийн банкны өөрсдийнх нь журмаар бол өөрсдийнхөө санхүүжүүлж байгаа ажлыг шууд гэрээгээр хийдэг юм шиг байна лээ.

-Төлөөлөгч Л.Шагдаррагчаа: Санхүүжилт бол хөгжлийн банкны ажил, харин төлөвлөлт бол мэргэжлийн байгууллагуудын ажил шүү дээ. Танайх бол энэ талын ажлыг хийдэг мэргэжлийн агентлаг шүү дээ. Замын цагдаа танайх хоёр очоод яагаад мэргэжлийн ажлаа хийж болдоггүй юм?

-Д.Нанзаддорж: Манайд албан ёсоор орж ирэхгүй байгаа юм Шаагаа даргаа. Гэхдээ албан бусаар орж ирэхэд нь бол би чиглэл өгсөн. Энэ замыг яг ямар бүтцээр барих гэж байгаа юм. Манай замуудтай хэрхэн уялдаж байгааг нь сайн харж байж барих зөвшөөрлийг өгөөрэй гээд би мэргэжлийн байгууллагууддаа хэлсэн байгаа. Тэртээ тэргүй эдгээр уулзваруудыг одоо байгаа нийслэлийн замтай уялдуулж л хийх ёстой учраас хүссэн ч хүсээгүй ч манай байгууллагатай холбогдох учиртай.

-Төлөөлөгч Л.Шагдаррагчаа: тэгээд яагаад танайд орж ирэхгүй байгаа юм.

-Д.Нанзаддорж: Хотод одоогоор ирж ирээгүй байна. Орж ирэх байх гэсэн таамаг байгаа. Тэр 33 уулзвар, гудамж, хурдын замыг байгуулах төслийг хэрэгжүүлэх албыг байгуулсугай гэсэн захирамж гарсан гэж дуулсан.

-Төлөөлөгч Л.Шагдаррагчаа: Тэр хүмүүс чинь тун удахгүй тэгэхээр баахан замыг хаагаад ажлаа хийж байгаа нь энэ гээд газрыг онгичоод эхэлбэл ард түмэн нөгөө Нанзаддорж чинь баллаад эхлээд эхэллээ гээд шуугиад эхэлнэ шүү. Ийм зүйл болох гэж байхад та бүхэн юу бодож сууж байгаа юм?

-Д.Нанзаддорж: Арай ч тэгчихгүй байлгүй дээ

-Төлөөлөгч Л.Шагдаррагчаа: Засгийн газрын шийдвэр гарчихсан байхад чи юу яриад байгаан бэ?

-Д.Нанзаддорж: Одоо ингээд эхэлбэл үүргийнхээ дагуу очоод зогсооно доо.

-Төлөөлөгч Л.Шагдаррагчаа: Өнгөрсөн хойно нь хашгираад яах юм. Нийслэлийн бүх гудамжуудыг хаагаад, уулзваруудыг нь хаагаад түгжрэл болохоо байхаад эхлэхээр тэр хүмүүстэй биш нийслэлийн автозамын газрын Д.Нанзаддорж бүхнийг баллаа гээд эхэлнэ ш дээ. Чи энэ талаар юу бодож суугаа юм бэ?

-Д.Нанзаддорж: Одоо ингээд бүх замыг хаагаад эвдээд эхэлбэл зогсоох эрх нь байгаагийн хувьд очоод зогсооно доо. Ингээд уялдаа холбоогүй ажлыг хийснээр хугацаа л их алдах тал байна даа.

-Төлөөлөгч Н.Баяраа: Нанзаддорж даргаа, НИТХ дахь Шударга ёс эвслийн бүлэг, МАН-ын бүлэг мөн байнгын хорооныхон маань та бүхний ажил үйлстэй танилцаж үнэлэлт дүгнэлт өгөхөөр ирээд байна. Надад хоёр асуулт байнаа. Сая намайг ажил руугаа ирж байхад Чулуун овооны тэр хавийн замыг өргөсгөж байгаатай таарлаа. Та бүхэн зам барилгын ажлыг хийхдээ замын хажуугийн ногоон байгууламжийн ажлыг хэрхэн шийдэж байгаа юм бэ? Бас орон сууцнуудын дундах замыг танайх мэдэж шийдвэрлэдэг үү? Үгүй юу?

-Д.Нанзаддорж: Замын өргөтгөлийг хийхийн тулд замын хажуугийн ногоон байгууламжийг эвдэх шаардлага байгаа. Тэгэхдээ замын хажуугийн 20 30 жилийн настай моднуудыг замаа тавихын тулд зайлшгүй авах шаардлагатай болсон. Өнгөрсөн жил л гэхэд мод бут устгалаа гэж манай байгууллагад нэг тэрбум төгрөгийн нэхэмжлэх ирж байсан. Нэг мод аваад гурван мод тарь гэсэн үг байдагдаа. Хэрвээ тэдгээр нэхэмжлээд байгаа хүмүүс нь та нар тэдэн мод устгах гэж байна. энэ моднуудаа бүтнээр аваад тэнд тариа гэж газраа заагаад өгвөл бид тэрхүү моднуудыг шилжүүлэн суулгахад бэлэн байгаа. Дараагийн асуултын хувьд бол Улаанбаатар хотод байгаа бүх замын эзэн нь бол өмчийн харилцааны газар. Манайд бүртгэл мэдээлэл нь байхгүй. Өмчийн харилцааны газарт байгаа.

-Төлөөлөгч Д.Авирмэд: 2013 онд 145 тэрбум төгрөгөөр зам барилгын ажил хийнээ гэлээ. Яг өнөөдрийн байдлаар тендерын шалгаруулалт хэдэн хувьтай явагдаж байна. Зам барилгын ажил хэдэн хувьтай явж байна?

-Д.Нанзаддорж: Тендер шалгаруулалтын бүх ажил одоо худалдан авах ажиллагааны газар дээр явагдаж байгаа. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 15 тэрбум төгрөгийн ажил хийгдэнэ. Энэ ажлыг хийж гүйцэтгэх 5 аж ахуй нэгж сонгон шалгараад одоо гэрээ хийгдэх шатандаа явж байгаа. 8 тендер яг одо зарлагдчихсан явж байгаа. Хоёр ажил зураг төслийнхөө шатанд явж байна. он дамжиж хэрэгжих 13 ажил улсн төсөв болон хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэнэ. Эдгээр ажлууд одоо хугацаандаа багтаж график төлөвлөгөөтэйгээр явж байгаа байхаа.

-Төлөөлөгч Л.Шагдаррагчаа: Энэ жилийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт орсон зам барилгын ажил хугацаандаа хийгдэж дуусах найдвар байна уу?

-Д.Нанзаддорж: хэрэгжинэ. Ихэнх зам барилгын ажлын маань хөрөнгийг оны өмнө шийдчихсэн, он дөнгөж гарангуут гэрээ хэлцэл нь хийгдчихсэн учраас хугацаандаа явагдаад дуусна.

-Төлөөлөгч Л.Шагдаррагчаа: Замын барилгын асар их ажлыг энэ онд хийнэ гээд төлөвлөчихсөн байгаа юм байна. Энэ ажлыг чинь ингэхэд дөнгүүр хийгээд өгчих замын компани ингэхэд байгаа юу? Хийх чадавхитай компанийн судалгааг хйисэн үү?

-Д.Нанзаддорж: Яг тийм судалгаа бол хийгээгүй. Гэхдээ яах вэ 1-2 км замуудыг маань байнга тавьсаар ирсэн 30-40 компани бол байгаа.

-Төлөөлөгч Л.Шагдаррагчаа: Тэр компаниудтайгаа уулзсан уу? Мөнгөө л өгчихвөл хүчин чадал хүрнээ л гэж байна уу?

-Д.Нанзаддорж: Аан тийм.

-Төлөөлөгч Л.Шагдаррагчаа: Нийслэлийн авто замын газар бол нийслэлд хийгдэх бүх зам барилгын ажлыг хийж гүйцэтгэх үүрэгтэй агентлаг. Гэтэл та нар зам тавихын тулд айлуудыг нүүлгэн чөлөөлөх, тэдэнтэй хэлэлцээ хийх ч гэх шиг чиг үүрэгтээ хамааралгүй ажлуудыг хийгээд хамаг цагаа үрээд байгаа гэж ойлголоо. Энэ саад бэрхшээлүүдээ холбогдох газруудаар нь шийдүүлэх хүсэлтээ НИТХ-д ер нь гаргаж байсан уу? Эцсийн эцэст зам яагаад хугацаандаа тавигдаагүй вэ гээд хариуцлага нэхээд эхлэхээр нэг нэгэн рүүгээ бухаад эхлэдэг. Ажил хугацаандаа хийгдээгүйгээс ард түмэн л хохирдог. Энэ бүх юмнуудаа эртхэн шийдүүлэх талаар хөөцөлдсөн зүйл байна уу?

-Д.Нанзаддорж: Газар чөлөөлөх хэлтэс яагаад манайд байдаг вэ гэхээр хотын зам маань нэг онцлогтой. Инженерийн асар замбараагүй байгууламж газар доогуур байгаа. Энэ бүхнийг тодорхойлох шийдэх асуудлыг цэгцлэхийн тулд ийм хэлтэстэй болсон.

-Төлөөлөгч Д.Хүрэлбаатар: Зам ашиглалт, замч арчлалт гэдэг зүйл байнга орхигдсоор ирсэн нь анхаарал их татах болсон. Нэгэнт баригдсан замын арчлалтыг хариуцсан нэг газар заавал байх ёстой гэж ойлголоо. Уул нь замын эзэн нь өмчөө хамгаалаад арчлаад явах ёстой. Гэтэл өмчийн харилцааны газарт зам өмчлөгддөг гэхээр боломгүй болчихоод байхын. Ер нь олон улсын практикт зам арчлалтыг хэн нь хариуцаж хийдэг юм бол? Сүүлд баригдаж байгаа замуудад ус зайлуулах хоолой гэж юм бий юү?

-Д.Нанзаддорж: Учир дутагталтай юм бол их бий. Дээхнэ үед орсон бороо газартаа шингэдэг байсан бол, одоо тэр газруудыг нь байшин барилга бүрхчихсэн учраас их хэцүү болсон. Гэхдээ яах вэ дан ганц борооны ус зайлуулах шугам биш үерийн далангуудыг ч гэсэн барих ажлыг хийх шаардлага байгаа.

-Төлөөлөгч Л.Шагдаррагчаа: Энэ жил төлөвлөгдсөн зам барилгын ажлын 80 хувь нь энэ ондоо багтаж ашиглалт орох юм байна. Бид хэд хэдэн газруудаар тойрон явж ажилтай нь танилцахад маш хангалтгүй явж байсан. Тухайлбал тендер зарлалт, хөрөнгө оруулалт ихээхэн хангалтгүй байсан. Та бүхний ажил бол гайгүй яваа юм байна. Нийт ажлынхаа 80 хувийг хийчих юм байна. Мөнгөний дутагдал байхгүй юм байна. Яах вэ дутвал төсвийн тодотголоор хийчих юм байна. та нарт тулгарсан бэрхшээл гэвэл газар чөлөөлөх зэрэг юм байна. Энийгээ нийслэлийн удирдлагууддаа хурал чуулган дээр нь ирж танилцуулаач ээ. Энэ асуудлуудаа ирж шийдүүлээрэй.

-Төлөөлөгч Ц.Алтанцэцэг: Бид ингээд газруудтай танилцаад явахад нэг их хуралдсан хэлэлцсэн хүмүүс байсаар байгаад ямар ч үр дүнгүй жил өнгөрүүлчихдэг явдал харагдаад байгаа юм. Та бүхэн бороо шороо гээд улирлын байдалтай хамааралтайгаас үүдэн нэлээд сунжирдаг байх. Энэ бүхнээ хэр сайн тооцоолсон байгаа вэ? 4-р сар дундаа орчихсон байхад та бүхэн ажлаа эхлээгүй л байж байна шүү дээ. Ажлаа цалгардуулалгүй, хоорондоо маш их уялдаа холбоотойгоор ажиллаарай. Нэг их данхар бүтэцтэй үр дүн муутай байдаг явдлыг зогсоогоорой.

-Д.Нанзаддорж: Бид бүхний ажилтай ирж танилцсан та бүхэнд баярлалаа.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)