НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : Ерөнхий төлөвлөгөөний газартай танилцлаа

Ерөнхий төлөвлөгөөний газартай танилцлаа


НИТХ дахь “МАХН-МҮАН-ын шударга ёс эвсэл”-ийн бүлэг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газартай танилцлаа. НИТХ-ын дарга Д.Баттулгын үүрэг болгосны дагуу 2013 оны 1-р сараас эхлэн НИТХ-ын хороод, нам эвслийн бүлгүүд нийслэлийн харьяа газруудтайгаа танилцаж байгаа юм. Уг танилцах уулзалтад Шударга ёс эвслийн бүлгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Н.Баяраа, тэргүүлэгч Д.Батбаяр, Төлөөлөгч С.Ононбаяр, бүлгийн ажлын албаны дарга П.Гансүх, ажилтан Ц.Ганчимэг, С.Будрагчаа болон НИТХ-ын зохион байгуулагч С.Жавхланбат нар оролцлоо.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж “Манай ерөнхий төлөвлөгөөний газар 137 хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байгаа. Иргэд аж ахуй нэгжүүдийн эзэмшиж буй газар дээрээ барилга байшин барих зөвшөөрлийг хүлээн авч зураг төсвийг нь шалгаж барилга барих зөвшөөрөл олгож, барилгын мэдээллийн сандаа бүртгэх, цаашлаад хүлээн авах ажлыг хийх ерөнхий чиг үүрэгтэйгээр ажиллаж байгаа. Өмнө ир аж ахуй нэгж байгууллагууд маш олон газрын үүдийг сахиж барилга байшин барих зөвшөөрлийг авдаг байсан бол одоо ганцхан манайд төвлөрч бүх ажлуудыг эхэлдэг болсон. Ингэснээрээ маш хурдан шуурхай иргэдийн хүсэлтийг шийдвэрлэж байгаа. Он гарснаас хойш л гэхэд 200 гаруй барилга байшин барих зөвшөөрлийг олгоод байгаа. Бид ийнхүү хурдан шуурхай ажилдаг болсноор иргэд зөвшөөрөлгүй байшин барих ажил зогссон. Түүнчлэн манай газраас нийслэлийн газар доогуурх инженерийн шугам сүлжээг бүртгэх ажлуудыг шат дараатайгаар хийж байгаа. Өмнө нь мэдээллийн сангийн бүртгэл явагдаагүйн улмаас зам барилгын ажил бусад ажлууд маш их гацдаг байсан. Хэрвээ мэдээллийн сангаа нэг мөр болгочихвол цаашдаа иймэрхүү асуудал гарахаа болино. Түүнчлэн манай газар улаанбаатар хотод байгаа бүх барилга байшингийн чанар аюулгүй ажиллагаанд шалгалт хийдэг. Өнгөрсөн онд 720 гаруй барилга байшинд чанарын шалгалт хийсэн. Манай хотод байгаа 60 оноос хойш баригдсан бүх барилга байгууламжууд газар хөдлөлтийн тооцоогүйгээр баригдсан барилганууд байгаа. Материалын хувьд цагаан шохойн багсармалаар баригдсан. Чанар муутай барилгууд байгаа. Тиймээс эдгээр чанаргүй барилгуудыг яах вэ гэдэг асуудал их байгаа. Яг шинжилгээ хийгээд үзэхэд манай 7 баллын газар хөдлөлтийн бүсэд байгаа барилгууд 5 баллын газар хөдлөлтөд тэсэхгүй гэдэг нь тогтоогдсон.

Үүнээс гадна манайд дахин төлөвлөлтийн хэлтэс гэж байдаг. Тэр хэлтэс маань гэр хорооллыг дахин төлөвлөх ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаа. Төлөвлөлт судалгааны хэлтэс маань Улаанбаатар хотод хийгдэх бүх барилга байгууламжийн төслийг боловсруулах ажлуудын судалгааг гадны байгууллагуудтай хамтран хийж байгаа. Бас манай газраас НИТХ-аар хэлэлцүүлэхээр 98 замын ажлыг бэлтгэж байгаа. Манай хотын хамгийн их хөдөлгөөнтэй газрын нэг болох хороолын замууд их цөөхөн байдаг. Энхтайвны өргөн чөлөө, нарны зам, Энэбишийн өргөн чөлөө гэсэн гурван замыг холбосон гарцууд их цөөхөн байдаг. Эдгээр замуудыг холбосон сүлжээ 98 замыг барих ажлыг төлөвлөөд байна. Та бүхэн энэхүү замуудыг холбох ажлуудыг дэмжээд өгвөл замын ачаалал 21 хувь буурах тооцоо гарсан. Эдгээр замыг тавихдаа чулуун зам барья гэж төлөвлөөд байгаа. Нийт өртөг нь 9,4 тэрбум төгрөг байгаа. Чулуун зам нь маш бат бөх удаан эдэлгээтэй түүнчлэн өөрсдийнхөө нөөц бололцоог ашиглан дотоодын компаниудаараа хийлгэвэл ямар ч асуудалгүй явчихаар байгаа. Хэрвээ хөрөнгө шийдээд батлаад өгвөл ирэх 11 сар гэхэд хорооллын замыг бүрэн барих боломжтой гэсэн судалгаа байгаа” мэдээллийг өглөө. Үүний дараа НИТХ-ын төлөөлөгчид Н.Нацагдорж даргаас дараах зүйлүүдийг асууж хариулт авлаа.

-Тэргүүлэгч Д.Батбаяр: Манай нийслэл хот анх 650 000 хүнтэй байхаао төлөвлөгдсөн. Гэтэл одоо сая 400 орчим мянган хүн амтай болчихжээ. Ингэснээр хотын маань даац хэтэрсэн болов уу гэсэн бодол байдаг юм. Ер нь танай байгууллага нийслэлийн хүн амын газар нутаг, ус цахилгаан бусад хүчин зүйлийн даацыг тооцоолж үзсэн үү?

-Н.Нацагдорж: Монгол улсад ардчилал шинэчлэл гарсны дараагаас монгол улсын иргэн хаана амьдрахаа өөрөө сонгоно оо гээд хуульчилсан. Энэхүү хуульчлалаас үүдэн төвөө бараадсан нүүдэл маш хурдан өссөн. Цаашид ч гэсэн ийм нүүдэл ирэхгүй гэх газаргүй. Энд л ажлын байр олон байна. Энд л бизнес хийлээ гэхэд илүү ашиг өгч байгаа учраас ингэж байгаа байх. Гэхдээ Улаанбаатар хотын 1,2 сая хүнд энэ газар нутаг багадаж байгаа юу гэвэл багадаагүй. Өнөөдөр Улаанбаатарын нийт эдэлбэр газрын 30хан хувьд л манай хот байрлаж байна. Тэрхүү хот байгаа газрын маань дөнгөж 28 хан хувь нь л орон сууцны барилгаас бүрдэж байна. тэгээд үлдсэн 70 хувь нь гэр хорооллынхон байна. бид зүгээр л зохицуулалтаа зөв хийгээд барилгажилтаа жигдхэн хийгээд эхэлбэл талбай бол үнэхээр хангалттай байгаа. Дэд бүтцээ татаж шугам сүлжээ хийгээгүйгээс үүдээд л хотын маань бүх барилга байгууламж энүүхэн төв хэсэгтээ шамбааралдаж төвлөрөөд байгаа юм. Усны хувьд бол манайхан гүнийхээ усыг ашигладаг. Цаашдаа гадаргын усаа ашиглаад хослуулаад эхэлбэл Улаанбаатар хотыг ямарч асуудалгүй аваад явчих усны хангалттай нөөц бий.

-Тэргүүлэгч Д.Батбаяр: Сүхбаатарын талбайгаас урд зүгт тэнгэр баганадсан өндөр барилга барихгүй байх ёстой гэсэн зарчмыг миний хувьд баримталдаг. Ер нь гадныхан ирээд төв талбайгаас маань өмнө зүгт харахад сүрлэг сайхан Богдхан уул маань харагдаж байвал, энэ нь цаашлаад Улаанбаатар хотыг маань дэлхийд сурталчлах гол зүйл нь байгаасай гэж хүсдэг. Ерөнхий төлөвлөгөөний газрын хувьд төв талбайгаас урагш өндөр байшин бариулахгүй гэх бодлого барьж байгаа юу.

-Н.Нацагдорж: Өмнө нь бол төв талбайгаас урагш баригдах байшин барилга ямар байх ёстой вэ гэсэн мастер төлөвлөгөө байхгүй байсан. Харин одоо бол мастер төлөвлөгөөгөө гаргаж байгаа. Бид социалист үеийн хот байгуулалтаасаа салж, орчин үеийн хот байгуулалт ямархуу байгаа вэ гэдгийг судалж суралцаж яваа. Социалист үеийнхээс салж гэдгийг яагаад тодотгож байгаа вэ гэхээр өмнө нь орон сууцны хорооллыг манайхан барьж байхдаа автомашины граж гэдэг зүйлийг огт оруулдаггүй байсан. Яагаад гэхээр хүн хувийн машинтай хэзээ нэгэн цагт болно гэж хэнч бодож байгаагүй. Гэтэл одоо ямар болсон гэхээр айл болгон 2-3 машинтай болчихсон болохоор автомашины граж, авто замын ачааллаас аваад асуудал их гараад байгаа юм. Энэ мэтчилэнгээр хот төлөвлөлтөө өөрчлөж олон улсын чиг хандлагад нийцүүлэхээр ажиллаж байгаа. Төв талбайгаас урагш ямар байх вэ гэдгийг гаргахаар бид албан бусаар гадаадын зургийн компаниудтай хамтран ажиллаж байгаа.

-Төлөөлөгч Н.Баяраа: Асар их ажлынхаа хажуугаар бидэнд өөрсдийнхөө ажил байдлыг танилцуулсан танд баярлалаа. Удахгүй иргэдийн төлөөлөгчдийн хурлаар 62 гудамжийг тохижуулах ажил, 98 зам барих ажил орж ирэх юм байна. Нийслэл хотынхоо төлөө хийж байгаа та бүхний сайн сайхан ажил бүхнийг манай бүлэг идэвхтэйгээр дэмжиж ажиллах болно. Цаашид дагуул хотынхоо хөгжлийг сайжруулах төлөвлөгөө гаргаж, нийслэл хотынхоо төвлөрлийг сааруулах, хоёрт дагуул хотуудынхаа хөгжлийг сайжруулсан ажил хийгэрэй гэж хүсье. Амжилт хүсье гэв.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)