НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : Гэр хорооллыг дахин төлөвлөх журмын талаар хуралдлаа

Гэр хорооллыг дахин төлөвлөх журмын талаар хуралдлаа


Өнөөдөр буюу 2013-02-22-ны өдөр гэр хорооллыг дахин төлөвлөх журмын талаар НИТХ-ын Барилга, хот байгуулалтын хороо, Гэр хорооллын хөгжлийг дэмжих хороод хамтарсан хуралдаан хийлээ. Хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч Н.Баяраа, Л.Шагдаррагчаа, С.Ононбаяр, Л.Наранбаатар, Ц.Буяндалай, Л.Сайнтөгс, Б.Отгонбаяр, А.Гантулга, Д.Энхсайхан болон Ерөнхий төлөвлөгөөний газрын мэргэжилтнүүд оролцов. Хурлын эхэнд нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дахин төлөвлөлтийн хэсгийн ахлагч Нямбаяр төлөөлөгчдөд мэдээлэл хийлээ.

Танилцуулгын дараа төлөөлөгчдийн зүгээс хатуухан шүүмжлэлүүд хөвөрсөн юм. Төлөөлөгч Л.Сайнтөгс “энэ журам бүхэлдээ учир дутагдалтай болсон байна. ажил үүргийн хувиарлалт, хариуцлага тооцох механизм гэж алга. Хоорондоо уялдаа холбоо муутай, хэн хариуцаж байгаа нь тодорхойгүй. Газраа өгсөн иргэдийн эрхэнд бүдүүлгээр халдсан журам болжээ. Түүнчлэн утга найруулгын алдаа ч их харагдаж байна. Ядаж л наад журмандаа хавсаргасан схемийг чинь хараад юу ч ойлгохгүй байна. Үүнийгээ ойлгомжтой болгож зас” гэсэн үүргийг өглөө.

Төлөөлөгч Н.Баяраа “Бид энэхүү журмыг явуулах ёстой. Энэ журам гарч байж л бидний баталсан гэр хорооллыг дахин төлөвлөх долоон байршлын ажил явна. Гэхдээ ийм учир дутагдалтай хариуцлагагүй хандсан журам орж ирж байгааг эсэргүүцэж байна. Энэ схем дээр чинь өмнөх хийсэн ажлаа эргүүлж нураах зүйл ч байна. Түүнчлэн яг ямар чиг үүрэгтэйгээр ажиллах нь тодорхойгүй, онцын холбоо хамааралгүй ажлууд байгааг тайлбарлаж ойлгомжтой болго” гэв.

Төлөөлөгч А.Гантулга “НИТХ-ын чуулганаар гэр хорооллын 12 байршлыг дахин төлөвлөж төвийн дулаантай холбох асуудлыг шийдсэн. Мөн энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх үүргийг Э.Бат-Үүл дарга хүлээлгэсэн. Гэтэл өөрийнхөө эрх үүргийн хэмжээнд шийдээд хийчих журмаа эргүүлж НИТХ-д дахин оруулж байгаа нь буруу юм. Ингэснээр эцсийн хариуцлагыг ИТХ-д өгөхөөр болж байна. Тиймээс энэ журмыг НИТХ-аар оруулж батлуулахыг эсэргүүцэх саналтай байна. Яагаад засаг дарга өөрөө мэдээд харьяа агентлаг, тамгын газраараа хийчих ажлыг энд оруулж ирээд байгаа юм бэ?” гэсэн саналыг гаргалаа.

Төлөөлөгч С.Ононбаяр “Энэ журамд иргэдийн эрхэнд халдсан хүчирхийллийн зүйл байгаад байна. Тухайлбал дахин төлөвлөлтийн бүсэд орсон айлуудын 75 хувь нь дэмжсэн тохиолдолд тэр газрыг шугам сүлжээнд холбож дахин төлөвлөнө гэсэн зүйл байна. За энэ яах вэ. Гэтэл тэрхүү орохыг хүсээгүй үлдсэн 25 хувийн өрхийн газрыг дэмжсэн иргэнийхтэй адилхан үнээр үнэлнэ гэсэн нь буруу юм. Өөрийнхөө газарт байшин дэлгүүр бариад түүнийгээ 100 саяар үнэлсэн иргэний газрыг яагаад бусад иргэнийхтэй адилхан доогуур үнэлнэ гээд байгаа юм. Түүнчлэн 75 хувь дэмжээгүй тохиолдолд дахин төлөвлөлтийг хийхгүй гэж байгаа нь ямар учиртай юм. НИТХ-аас хийж хэрэгжүүл гээд тогтоол гаргасан байхад Засаг дарга хийх л ёстой. Гэтэл тэгэхгүй ингэхгүй. Хийлээ гэхэд зах зээлийн үнэлгээгээс доогуур үнэлнэ гэж зааснаа боль ” гэсэн саналыг орууллаа.

Төлөөлөгч Л.Шагдаррагчаа “Манай Барилга, хот байгуулалтын хороо энэ журмыг яаралтай гаргах нь зөв хэмээн дэмжиж байгаа. Дэмжиж байгаагийн зэрэгцээ энэхүү дахин төлөвлөлтийн ажлыг эхнээс нь зөв явуулахад хяналт тавьж байгаа. Дахин төлөвлөлтийн бүх ажил хуульзүйн дагуу явах учиртай. Уул нь энэ журмыг Нийслэлийн засаг даргын тамгийн газрын харьяа агентлагууд хийчих ажил юм ш дээ. Миний хувьд төлөөлөгч А.Гантулгын гаргасан горимын саналыг бүрэн дэмжиж байна. НИТХ-ын хуралдаанаар дахин төлөвлөлтийн байршлыг батлаад өгчихсөн. Эхний ээлжинд 7-н байршлыг тогтоосон ш дээ. Энийг хэрэгжүүл гэсэн даалгаврыг засаг даргад нь өгчихсөн. Тэгсэн атлаа хэрхэн хэрэгжүүлэх ажилд нь бид дахин оролцох шаардлагагүй. Мөн НИТХ-ыэн тэргүүлэгчдийн хурлаар энэ ажлыг хэрэгжүүлэх удирдах зөвлөлийг батлаад өгчихсөн. Иймээс гүйцэтгэх засаглалын ажил руу хурлын байгууллага орох нь буруу юм. Засаг дарга дахин төлөвлөлтийн ажлыг өөрийнхөө толгойгоор хариуцаад хийх ажлыг бид хийх нь зохимжгүй гэж үзэж байна. Гэхдээ энэ асуудлыг хурлаар оролцуулж санал бодлыг авах нь зөв ч хурлаас ямар нэгэн тогтоол гаргаж батлахгүй байх нь зөв. ” гэв.

Төлөөлөгч Д.Амарбаясгалан “Бидэнд өнөөдөр оруулж ирсэн журмын төслийг аваад үзвэл гэрээ байгуулахдаа өмчлөгч эзэмшигч ашиглагч нар зөвшилцөөд иргэдийн газрыг дундаж үнэлгээгээр үнэлнэ гэсэн заалт байна. энэ бол шууд хэлэхэд иргэдийн газрыг дээрэмдэнэ гэсэн заалт болж харагдаж байна. Май чамд 50 сая л төгрөг өгнө газраа чөлөөл гэж тулгаад үгүй ээ би газраа 90 саяар үнэлж байна гэвэл үгүй ээ энэ мөнгөөр зарвал зар үгүй бол танай газрыг дахин төлөвлөлтөд оруулахгүй гэж тулгаж байна шүү дээ. Тиймээс энэ заалтаа хасах хэрэгтэй гэж үзэж байна. Нэмж хэлэхэд энэ журмыг чуулганаар оруулж батлах нь буруу би А.Гантулга, Л.Шагдаррагчаа төлөөлөгчтэй санал нэг байна” гэлээ.

Төлөөлөгч Л.Наранбаатар “За өнөөдрийн хуралдаанаас гарсан бүх саналыг протоколдоо сайтар тусгаад ирэх даваа гаригт болох чуулганаар оруулахдаа шинэ саналуудыг тусгаж арай дөнгүүр журам оруулж ир” гэсэн даалгаврыг засаг даргын харьяа газрын дарга нарт үүрэг болгосноор хурал өндөрлөлөө. 

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)