НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : Зарын самбарыг цэгцлэх асуудлаар хуралдлаа

Зарын самбарыг цэгцлэх асуудлаар хуралдлаа

Өнөөдөр буюу 2012 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Хангарьд ордны 14 давхарт НИТХ-ын Барилга, хот байгуулалтын хороо, Хуульзүйн хороо, гэр хорооллын хөгжлийг дэмжих хороо, Байгаль орчны хороодын хамтарсан хуралдаан боллоо. Хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч Л.Шагдаррагчаа, С.Ононбаяр, Г.Ганбаяр, С.Үнэн, Л.Наранбаатар, Д.Энхсайхан, Ж.Амарсанаа, Д.Байдраг, Амарбаясгалан, Төмөрбаатар, Одгэрэл нар оролцлоо. Хуралдаанаар “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам”-ын төслийг хэлэлцлээ. Нийслэл хотод байршсан зар сурталчилгааны самбарын өнөөгийн байдал хийгээд шинээр батлуулах гэж буй журмын төслийн танилцуулгыг тохижилт, хог хаягдлын удирлагын хэлтсийн дарга Т.Батбаяр хийлээ.

1995 оноос эхлэн Улаанбаатар хотод гадна рекламны самбарыг байршуулж эхэлсэн бөгөөд 2013 оны байдлаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх том жижиг самбарын тоо 2180 болж өсчээ. Өмнө нь 2006 оны журам гаргаж гадна зар сурталчилгааны байгууламжийн татварыг нэмэгдүүлэн эдийн засгийн аргаар гадна зар сурталчилгааны тоог цөөлөх бодлого барьж байсан. Гэвч улс эх орны эдийн засгийн хөгжил нэмэгдэж байгууллага аж ахуйн нэгжийн эдийн засгийн чадамж дээшилсэнтэй холбоотойгоор самбарын тоо эрс, тогтмол өссөөр байгаа юм байна. журамд Нийслэл Улаанбаатар хотын аль гудамж зам талбайд гадна рекпам мэдээллийн байгууламж байрлуулж болохгүйг тогтоогоогүй, тухайн гудамжинд ямар хэмжээтэй хэдэн ширхэг гадна реклам, мэдээллийн байгууламж байх ёстойг нарийвчлан заагаагүй, гадна реклам, мэдээллийн байгууламжаас авах хураамж өндөр биш байгаа, байгууллага аж ахуйн нэгжийн гадна хаяг, хаягны байгууламж байрлуулахад тавигдах шаардлагыг нарийвчлан тусгаагүй зэрэг нь өнөөдрийн хотын өнгө үзэмжийг гундуулаад байгаа янз бүрийн хэлбэр хэмжээтэй гадна рекламын байгууламж бий болох, байгууллагын гадна хаяг гадаад хэл дээр бичигдэх өнгө үзэмжгүй байх нөхцлийг бүрдүүлж байна. Иймд энэхүү журмыг боловсронгуй болгож, нэмэлт өөрчлөлт оруулснаар Улаанбаатар хотод гадна реклам мэдээллийн байгууламж байрлуулахыг хориглосон гудамж зам талбай, барилга байгууламжийн жагсаалтыг бий болгох, гадна реклам мэдээллийн байгууламжийг гудамжаар нь загварчилж өгч, төлөвлөлтийн зурагтай болгох, гадна хаяг, хаягны байгууламж байрлуулахдаа тусгай шаардлагыг дагуу байрлуулдаг болох /цонх хаахыг хориглох, эх хэлээр бичих, 1-р бүсэд лэд, неон гэрлэн хаяг байрлуулах г.м/ нөхцөл бүрдэж, гадна реклам, мэдээллийн байгууламжийн өнөөгийн дүр төрхийг хот төлөвлөлт, хотын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн шинэ түвшинд гаргахаар болжээ. Түүнчлэн Улаанбаатар хотын эрээн мяраан самбарууд замын хөдөлгөөнд оролцогчдын анхаарлыг сарниулах болсноос үүдэн аваар осол олноор гарч байгааг замын цагдаагийн газар тогтоож хотын төв гол зам дагуух 910 самбарыг буулгах хүсэлтийг удаа дараалан ирүүлсээр байгаа тул баруун 4 замаас зүүн 4 зам, маршалын гүүрээс хотын төв, 120 мянгатын уулзвар, бага тойруугийн замын дагуух бүх самбарыг буулгах төслийг уг журамдаа оруулаад байгаагаа танилцууллаа. Үүний дараа замын цагдаагийн газрын ахмад Батжаргал реклам сурталчилгаанаас үүдэлтэй асуудлуудыг танилцууллаа.

“Сүүлийн үед замын дээгүүрх гүүрэн самбар болон хажуугийн самбарын тоо хэрээс хэтэрч өссөн. Тэрхүү эрээн мяраан самбаруудаас үүдэн жолооч нар замын хажуугийн тэмдэг тэмдэглэгээг олж харахаа больсон. Шаардлага тавьсан цагдаа нарт та нар наад тэмдэглэгээгээ наад самбаруудаасаа томоор хийчихээд шаардлагаа тавь гэж хэдэрлэх болсон. Зарим том самбарууд замын гэрэлтүүлэг хаах болсны зэрэгцээ хяналтын маш олон камерыг халхлах болж бидний ажлыг саатуулж байна. эрээн мяраан самбаруудыг харж сатаарч аваар осол гаргасан тохиолдлыг тоолж барахгүй. Түүгээр ч барахгүй цацруулагчтай хувцас өмссөн зохицуулагч самбараас үүдэлтэйгээр машинд мөргүүлсэн тохиолдол гарсан. Хэт олон эрээн мяраан самбарууд нь зам орж ирээд байгаа тул ядаж хотын төвын гол гол хэсгүүдийн самбарыг буулгахыг хүслээ”.

Гудамжинд байгаа эрээн мяраан самбаруудын талаар иргэний оролцооны төвөөс санал асуулгыг явуулахад иргэд “хотын төвөөр явахад шар сонин уншиж байгаа мэт толгой эргүүлсэн олон самбар байх болсон. Өндөр шонд хатгасан том том самбарууд нь дээрээс нэг л өдөр унаад ирэх вий гэсэн айдастай байгаа. Нийслэлийн өнгө төрхийг гутаасан энэ самбарыг бүрэн буулгаж болдоггүй юм аа гэхэд ядаж хотын төвийн самбарыг буулгаж өгөөч” хариултыг өгчээ. Үүний дараа төлөөлөгч нар асуулт асууж саналаа хэллээ.

Д.Энхсайхан: Самбарын асуудлыг цэгцлэх цаг одоо болсон гэж би хувьдаа үзэж байгаа. Сүүлийн үед гудамжны самбарын хэмжээ өдрөөс өдөрт томроод байгаа. Тиймээс энэхүү журмыг батлах нь зөв гэв.

Төлөөлөгч Д.Оросоо: Бид юм бол нураана буулгана гэх боллоо. Тэрхүү самбаруудын эзэн нь байсан бол ямар шийдвэр гаргах бэ гэж бодоод энэ ажилд хандаасай. Энэ самбаруудын ард олон арван хүний бизнес байгаа тэр хүмүүсийг шууд хохироож боломгүй байна.

Төлөөлөгч Д.Байдраг: дан ганц хотын төв гэлтгүй 5 шараас баянзүрхийн товчоо хүртэлх бүх замын дагуух рекламыг авч хаях хэрэгтэй. Би саяхан евродын орнуудад ажиллах үед манайхаас хэд дахин олон хүнтэй том хотуудад энхтайвны гүүрэн дээр байдаг жижиг самбарууд л байсан. Том самбар би лав олж хараагүй. Цаашид хотынхоо өнгө үзэмжийг нэмж, иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалахын тулд том самбаруудыг буулгахыг дэмжиж байна.

Төлөөлөгч Г.Ганбаяр: энэ самбарыг буулгах асуудлыг яаран сандран оруулж ирээд байгаад ямар учир шалтгаан байна вэ. Хурлаар хэлэлцэх материалыг өчигдөр өгөөд өнөөдөр хуралдаж байгаа нь ямар учиртай юм. Энэ асуудлыг хойшлуулж хэд хоногоос хороодын хуралдаанаар дахин оролцуулах саналтай байна. энэ захирагчийн албаныхны ам нт ажлаасаа түрүүлээд явсан хэдэн хүн байх юм. Аль хоёр сарын өмнө бид Сүхбаатарын талбайг тойрсон олон самбарыг маргааш буулгана гээд л сүржигнээд байсан одоо нэгийг ч буулгаагүй байна. энэ журмыг дахин сайтар хянаж хэд хоногоос оруулж чуулганаар хэлэлцүүлье гэв.

Хотын ерөнхий менежир Б.Бадрал: Улаанбаатар хотын эрээн мяраан самбарын асуудлыг хойшлуулъя, дахин хянан хэлэлцье, буцаая, хуулийн үндэслэл алга, хүний хөрөнгөнд хандлаа гэж та нар цөөн хэдхэн хүний эрх ашгийн өмнөөс ярьж хойш суухаа боль. Энэ хэдэн самбарыг буулгалаа гээд хотод өнгө гэрэл нэмнэ үү гэхээс хэдэн бизнесмэн хохироод үүдээ барина гэж байхгүй. Тийм юм ерөөсөө болохгүй. Энэ ажил эрт орой хэзээ нэгэн цагт хийгдэнэ. Тэгэх ч ёстой. Тэгж байж л хот маань урагшаа явна. Яах вэ намайг энэ ажлыг хийлээ гээд шоронд хийнэ гэвэл би хийчихээд тэр шоронд чинь явна. Яанаа ийнээ. Ингэвэл тэгчихнэ гэж шийрэгнээд байлгүй шуурхай хөдөлж байж л бид хотоо цэгцлэнэ гэв.

Үүний дараа хурлын дарга Л.Шагдаррагчаа төлөөлөгч “зарын самбарыг цэгцлэх цаг нэгэнт болсон. Захирагчийн албанаас оруулж ирсэн журмын төсөлд нэмэлт оруулах чанарын хувьд сайжруулах хэд хэдэн зүйл байгааг манай төлөөлөгч нар олонхоороо дэмжиж байна гэж би ойлголоо. Түүнчлэн зарын самбарыг шийдэх журмын төслийг төлөөлөгчдийн өгсөн саналын дагуу дахин боловсруулаад чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх нв зөв гэдэг дээр бүгд байр суурь нэгдлээ” гэснээр хуралдаан өндөрлөлөө. 

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)