НИТХ ДАХЬ "МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ : Гэр хорооллыг тохижуулах асуудлаар хуралдлаа

Гэр хорооллыг тохижуулах асуудлаар хуралдлаа

2013-01-29-ний өдөр 11 цагаас Хангарьд ордонд НИТХ-ын Хот байгуулалт дэд бүтцийн хороо, Хуульзүй төрийн байгуулалтын хороо, Гэр хорооллын хөгжлийг дэмжих хороодын хамтарсан хуралдаан боллоо. Хуралдаанаар  “Гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлэх зарим байршлыг тогтоох тухай” асуудлыг хэлэлцлээ. Хуралд НИТХ дахь МАХН-МҮАН-ын шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Баяраа, МАН-ын бүлгийн дарга Г.Амарбаясгалан, төлөөлөгч Л.Шагдаррагчаа, С.Ононбаяр, Р.Дагва, Ганбаяр, Одонтунгалаг, С.Очирбат, С.Үнэн, Д.Оросоо, Л.Наранбаатар нар оролцов.

Хурлын эхэнд Нийслэлийн засаг даргын хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн орлогч С.Очирбат “Гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлэх зарим байршлыг тогтоох тухай” асуудлыг танилцууллаа.

-Улаанбатар хот 184.2 мянган өрхтэй. Эдгээр өрхөд нийтдээ 736 мянган иргэн амьдарч байна. Гэр хороолол нь 1998 оноос хойш эрчимтэй өссөн бөгөөд өнгөрсөн 15 жилийн хугацаанд 108 мянган өрхөөр хаяагаа тэлжээ. Гэр хорооллын хөрсний бохирдол тоосжилт байх ёстой хэм хэмжээнээс хэт ихэссэн бөгөөд агаарын бохирдлын 60 хувийг гэр хорооллын утаа бүрдүүлж байгаа. Энэ байдлыг өөрчилж, гэр хорооллыг тохилог амины орон сууц болгохын тулд Нийслэлийн засаг даргаас мөрийн хөтөлбөр боловсруулж 2013 онд багтаж гэр хорооллын 12 бүсийг тохижуулахаар төлөвлөж ажилдаа ороод байна. Дээрх ажлыг хийж хэрэгжүүлэхийн тулд гэр хорооллын иргэдтэй уулзахад 100 хувийн саналаар дэмжсэн. Бид иргэдийг байгаа газраас орон сууцанд нүүлгэн шилжүүлж, газрыг нь цэвэр бохир болон дулааны шугамд холбох ажлыг хийж, тус газрыг орон сууцжуулж, ажлын байр барих тоглоомын талбай, зүлэгжүүлэх ажлыг хийж шинэхэн жишиг цогцолборыг 2 жилийн хугацаанд барьж байгуулахаар төлөвлөсөн. Энэ онд багтааж эхний ээлжинд

1. СХД-ийн 6, 5 –р хорооны нутаг дэвсгэр дэх “Ханын материал” орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр 130 га газрыг

2. СХД-ийн 10-р хороо, арьс ширний үйлдвэрийн ажилчдын байр орчмын 2,3 га газрыг

3. ЧД-ийн 13, 15-р хорооны нутаг дэвсгэр дэх 72-р сургууль орчмын 15 га газрыг

4. СБД-ийн 15-р хорооны нутаг дэвсгэр дэх Дамбадаржаа орчмын 122 га газрыг

5. БЗД-ийн 12-р хорооны нутаг дэвсгэр дэх Амгалан орчмын 230 га газрыг

6. БЗД-ийн 8, 16-р хорооны нутаг дэвсгэр дэх Цэргийн их сургуулийн орчмын 11.4 га газрыг

7. ЧД-ийн 7-р хорооны нутаг дэвсгэр дэх “Үндэсний олон нийтийн радио телевизийн орчмын 11,4 га газруудын өрхүүдийг орон сууцанд нүүлгэн шилжүүлж тус газрыг нь инженерийн шугам сүлжээнд холбож орчин үеийн тохилог цогцолбор болгоно гэсэн мэдээллийг хийлээ.

Үүний дараа төлөөлөгчид С.Очирбат даргаас асуулт асууж хариулт авлаа. Төлөөлөгч

-Ш.Одгэрэл: Сайхан төлөвлөлт хийгээд ажиллаж байгаад баярлалаа. Өрхүүдийг түр оршин суух байр руу шилжүүлнэ гэлээ. Ингэхэд гэр хороололд байгаа айлууд орон сууцанд ороод урсгал зардлаа бүрэн төлөх санхүүгийн чадамжтай юу энэ талаар судалж үзсэн үү?

-С.Очирбат: Судалж үзсэн. Хотын төвийн хоёр өрөөний байрны урсгал зардаа 40-50 орчим мянга л болдог юм билээ. Энэ зэргийн мөнгийг гэр хорооллын өрхүүд хангалттай төлөх санхүүгийн чадамжтай.

-Д.Төмөрчулуун: манайхан ерөөсөө эрсдлээ ярихгүй байна. Хэрвээ иргэдийг орон сууцжуулна гэвэл дэмжихгүй иргэд маш олон байгаа. Иргэд өөрсдийнхөө газрыг халуун хүйтэн бохирын шугамтай холбуулахыг л хүсэж байгаа болохоос биш өөрсдийнхөө газрыг өгөөд оронд нь ганц хоёр өрөө байр авахыг огт хүсэхгүй байгааг би олон удаа хийсэн уулзалтаасаа мэдсэн. Та нар иргэд 100 хувь дэмжиж байгаа гэж яриад байна. Үүн шиг худлаа юм ёстой байхгүй.

-С.Очирбат: Гэр хорооллын иргэд бидний ажлыг дэмжиж байгаа. Энэ жил гэр хорооллын газрыг дахин төлөвлөхөөр ажлаа иргэдэд танилцуулахад их таатай хүлээж авсан. Би өмнө нь сайд байхдаа 18 айлыг нүүлгээд 368 айлын орон сууцыг бариулж байсан туршлагатай. Одоо асуудлыг жаахан гэгээлэг талаас нь хармаар байгаа юм. Бид ингээд заваараад суугаад байж болохгүй. Одоо илүү сайхан орчинд амьдрах цаг болсон.

-Ц.Буяндалай: Би өчигдөр БЗД-ийн иргэдтэй яг энэ асуудлаар уулзсан. Та бүхний гэрийг цэвэр болон дулааны шугам сүлжээнд холбоно гэхээр тэд бүгдээрээ таатай хүлээж авсан. Гэхдээ газрыг чинь нийтийн өмч болгоод шинээр төлөвлөөд яг С.очирбат даргын танилцуулсан шиг болгоно гэхээр эсэргүүцээд дургүйцээд эхэлсэн. Бид иргэдийн газрыг дулааны шугам сүлжээнд холбож болно. Гэхдээ таны яриад байгаа шиг байшин сууц бариад ажлын байр босгоод явах хүчин чадал одоохондоо байхгүй байгаа шүү дээ.

-С.Очирбат: Хэрвээ иргэд газраа чөлөөлөөд өгвөл тус газарт нь төсвийн мөнгөөр дулааны цэвэр бохир усны шугам татах хөрөнгө мөнгө байгаа. Харин шугамаа татсаныхаа дараа хувийн хэвшлийнхний тусламжтайгаар байсан орон сууц барих ажлыг эхлүүлэх болно.

-Ганбаяр: гэр хорооллын иргэдийн амьжиргааг сайжруулах энэ ажил аль 2006 оноос эхэлсэн. Тус оноос хойш зураг төслийг нь боловсруулаад он удаан жил явсан боловч өнөөг хүртэл хэрэгжээгүй. Энэ нь иргэд газраа чөлөөлж өгөөгүйтэй л холбоотой. Шугам сүлжээ татахын тулд иргэдийн аль нэг хашааны буланг дайрах, байшин гэр байгаа газрын доогуур оруулах зэрэг өчнөөн асуудал үүсдэг. Энэ бүхнийг тооцоолохгүй, газар чөлөөлөх мөнгөө тусгаагүй мөртлөө ийм их ажил хийнэ гээд гүйгээд байгаа нь сонин байна. Бид яг өнөөдрийн байдлаар иргэдээ цахилгаанаар, дулаанаар 100 хувь хангаж хүчрэхгүйл байгаа шүү дээ. Тэр битгий хэл төв цэвэрлэх байгууламж нь хүртэл хотынхоо бохирыг цэвэрлэж хүчрэхгүй заваараал байж байгаа. Энэ бүх эрсдлийг тооцож наад ажлаа төлөвлөсөн гэж бодож байна. Түүнчлэн та бүхэн бүх газраа шинээр төлөвлөж асуудал дагуулсан газруудыг шинээр төлөвлөнө гэж яриад байх юм. Гэтэл БЗД-ийн 2-р хороонд наад ажлаа эхлүүлэхгүй яасан юм. Тэр хороог дэлхийн банкны шугамаар цэвэр бохирт нь холбочихсон. Айл өрхүүд нь хэзээ энд бүтээн байгуулалт өрнүүлэх бол гэсэн хүлээлттэй. Сэтгэлзүйн бэлтгэлтэй л байгаа шүү дээ. Би та бүхний санаачилсан ажлыг нураах гэсэндээ ингээд байгаа юм бишээ. Болчихоосой, бүтчихээсэй. Нийслэлийн минь нэг болов өрх сайхан амьдраасай л гэж зориод байгаа юм ш дээ. Гол нь бөөн асуудалтай. Газар чөлөөлөх мөнгөө ч тусгаагүй байж ингээд байгааг л шүүмжилж байна.

-Л.Шагдаррагчаа: Ус сувгийн удирдах газрын даргаас асууя. Одоо байгаа нөөц бололцоогоороо шинээр байгуулагдах 7 газрын цэвэр усыг хангаж хүчрэх үү?

-С.Үнэн: одоогийнхоо хүчин чадлаар ажиллавал бид 100 хувь хангаж чадна гэсэн тооцоо гарсан. Улаанбаатарын усны нөөц уулаасаа багасаж байгаа. 2020 он гэхэд ихээхэн хүнд байдалд орно. Гэхдээ шинэ нөөцүүдээ сайтар хамгаалаад гадаргуугийн усаа ашиглаад байвал бид илүү удаан хугацаанд цэвэр усаар иргэдээ хангаад байх боломж байгаа.

-Н.Баяраа: Цэвэр ус гэснээс Налайх дүүрэг Улаанбаатар хотын цэвэр усны гол эх үүсвэр дээр байдаг. Гэтэл тус дүүргийн бүх бохирыг шууд Туул гол руу цутгаад удаж байна. түүнчлэн налайх дүүргийн газар нутагт байрладаг жуулчны баазууд бохироо шууд хөрсөнд нэвчүүлсээр удаж байгаа. Энэ нь цаашлаад Улаанбаатар нийт иргэдийн цэвэр усны эх үүсвэрийг бохирдуулж байгааг Ус сувгийн газар хэр анхаарч байгаа вэ?

-С.Үнэн: Хувийн хэвшлийнхнийг нэг бүрчлэн хянаж шалгах боломж ус сувгийн газарт байдаггүй. Гэхдээ бохироо шууд хөрсөнд нэвчүүлж байгаа бол тэр нь хууль зөрчсөн үйлдэл мөн.

-Ганхүү: Зоригтой шийдвэр гаргаад ажиллаж байгаа та бүхэнд амжилт хүсье. Энэ 7 байршилд дахин төлөвлөлт хийхэд учраад байгаа гол хүндрэл бэрхшээл нь юу байгаа вэ? Төр бол зөвхөн шугам сүлжээг нь татна л гэж би ойлгож байгаа. Харин бусад ажлыг хувийн хэвшлийнхнээр хийлгэх юм байна. Ингэхэд хувийн хэвшлийнхэн тэрхүү ажилд оролцох нөхцөл боломжийг та бүхэн хэр сайн хангасан юм бэ?

-С.Очирбат: НИТХ-аас хэрвээ энэ 7 байршлыг батлаад өгвөл бид хувийн хэвшлийнхэнтэй тохиролцоо хийх эрхзүйн орчин бүрдэнэ.

-С.Ононбаяр: Хан-Уул дүүргийн хороодыг гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамруулах боломж байгаа юу?

-С.Очирбат: Бид эхний ээлжинд ТЭЗҮ хийгээд ажил нь эхэлчихсэн 7 байршлыг батлуулах асуудлаар танилцуулга хийж байгаа. Цаашид Хан-Уул дүүргийг ч гэсэн дахин төлөвлөлтөд хамруулахад болохгүй гэх газаргүй.

-Л.Шагдаррагчаа: За би С.Очирбат даргаас хэд хэдэн асуултуудыг асууж тодорхой хариулт авмаар байна. Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг одоо УИХ-ын чуулганаар хэлэлцэх гэж байгаа. Хараахан батлагдаагүй явж байгаа. Харин таны энд оруулж ирсэн 7 байршил чинь тэгэхээр 2030 оныг хүртэл хөгжүүлэх хуучин төлөвлөгөөгөөр хийгдсэн үү? Эвсэл хараахан батлагдаагүй байгаа шинэ төлөвлөгөөгөөр хийгдсэн үү?

-С.Очирбат: Энэ 7 байршил маань одоо батлагдах гэж байгаа шинэ төлөвлөгөөнд тусгагдсан загвараар хийгдсэн.

-Л.Шагдаррагчаа: Энэ 7 байршлыг харахад нэг сайхан гэрэл цацарсан байшингууд босох нь харагдаж байна. Гэхдээ иргэд өөрсдийнхөө өмчилсөн газрыг шууд та бүхэнд өгөөд нүүнэ гэхээр нэг л итгэл төрүүлэхгүй байна. Иргэдэд нэгэнт өмчлүүлээд өгсөн газар дээрээ төр өөрөө юм барина гээд яриад байж байгаа нь эргээд иргэдийн эрхийг зөрчсөн гэсэн бөөн асуудал дагуулах юм биш үү гэж би болгоомжлоод байна л даа. Ядаж л иргэдэд нөхөн төлбөр олгох мөнгөө тусгахгүйгээр, аливаа эрсдлээ тооцохгүйгээр ийм юм яриад явж байгаа чинь эцэс сүүлдээ хэрэгждэггүй хоосон цаас болох юм биш биз дээ. Энэ ажлыг хийхийн тулд ядаж л газар чөлөөлөх эрхзүйн орчноо эхлээд нэг мөр болгох шаардлагатай байсан шүү дээ. Та нарын газрыг ингэ өөрчлөнө. Ийм юм ярина гэж байхынхаа оронд зүгээр л сонгосон хороодынхоо айлуудыг цэвэр бохир, дулааны шугамтай нь холбочихож болоогүй юм уу.

-С.Очирбат: Бид хүний өмчинд бүдүүлэгээр халдах талаар юу ч яриагүй. Энэ дагуу иргэдээс санал асуулга авахад бүгд гар өргөн дэмжсэн. Тиймээс өмчинд халдлаа гэх асуудал гарахгүй болов уу?

-Төмөрчулуун: Би Л.Шагдаррагчаа даргатай санал нэг байна. Улаанбаатар хотын гэр хорооллуудыг гэгээлэг сайхан болгоё гэж 2008 оноос хойш л яриад байгаа. Гэтэл энэ ажил өнөө мөн дэмжигдэхгүй байсаар байгаа. Та нар одоо яриад байгаа энэ ажлаа болих хэрэгтэй. Зүгээр л гэр хорооллыг төвийн шугам сүлжээнд нь холбоод замыг нь тавиад л өгчих. Тэгэхийн оронд бүх айлуудыг нүүлгээд газрыг нь чөлөөлснийхөө дараа шугам татаж дээр нь хувийн хэвшлийнхнээр орон сууц бариулна. Эрс өөрчилнө гэж дэмийрэхээ болих хэрэгтэй. Бид энэ 7 байршлыг өөрчлөх асуудлыг бол батлана. Гэхдээ холбоод орхихын оронд орон сууц барина гээд яриад байгааг дэмжихгүй шүү.

-Л.Шагдаррагчаа: Бид энэ 7 байршлыг С.очирбат даргын яриад байгаагаар батлана гэхээр хууль эрхзүйн үндэслэл огт харагдахгүй байна. Юмыг харанхуйгаар баталж сэлэм эргүүлж гүйдгээ одоо больё. Энийг барих хөрөнгийн эх үүсвэрийн тооцоо огт харагдахгүй байна. энэ 8 байршил дээр нэмээд төлөөлөгчдийн оруулсан саналыг аваад арай өөр төлөвлөгөө оруулж ир. Хэрэгжүүлэх арга хэрэгслээ нарийн тооцоогүй байна. Хэрвээ хэрэгжүүлэх арга хэрэгслээ тооцохгүй бол энэ ажил бүтэхгүй. Хоосон цаас л болж хувирна. Өнгөрсөн намар бид газар талбайн асуудлаар тэргүүлэгчдийн хурлаар ч тэр нэгдсэн чуулганаар ч тэр газар талбай чөлөөлөх, зөвшөөрөлгүй байшин барилгыг нураах баахан тогтоол гаргасан. Гэтэл тэр ажил нь хэрэгжсэн юм одоо нэг ч байхгүй байна. Түрүүчийнхээ юмны биелэлтийг харж байж та нарын яриад байгаа зүйлийг оруулж ирэх нь зүйтэй гэж би хувьдаа үзэж байна. энэ асуудлыг илүү боловсронгүй болгоод цагаан сарын дараа оруулж ирэх зүйтэй гэсэн саналтай байна.

-Р.Дагва: миний хувьд эхний 7 байршлыг батлах нь зөв гэж үзэж байна. Зарим хороодын иргэд нэгдээд бидний амьдарч байгаа орчныг өөрчлөөд өгөөч гээд ирж байхад нь буцаах зохимжгүй байх. Гэхдээ орон сууцуулахаас бол татгалзаж байна. Яагаад зүгээр л иргэдийн өөрсдийн босгосон байшин барилгыг зүгээр л дулааны шугам сүлжээнд нь холбоод орхичихож болдоггүй юм. Иргэдийн байшинг нураагаад шинээр орон сууц барина гэж байгаа нь бүтэхгүй. Ямартай ч манай хот урагшаа нэг алхах л учиртай тиймээс газраа бол батлая.

-Ш.Одгэрэл: энэ ажил явах ёстой. Зоригтой эхлэх ёстой. Гэхдээ та нар иргэд байшин барилгаа нураалгаад шинээр орон сууц барина гэсэн саналыг чинь 100 хувь дэмжсэн гэдэгт итгэхгүй байна. хэзээ ч ийм юм байхгүй.

-Ганбаяр: Би засаг даргын яриад байгаа гэр хорооллыг хөгжүүлэх, дулааны шугам сүлжээнд холбох ажлыг болчихоосой, бүтчихээсэй гэж үнэхээр их дэмжиж байлаа. Гэхдээ иргэд байшингаа нураалгахыг дэмжиж байна гэдэгт итгэхгүй байна. Л.Шагдаррагчаа даргын яриад байгаа хүний өмчийн асуудлыг бид заавал авч үзэх ёстой. шийдэх гарцаа олоогүй байж хийнэ барина гээд байгаа нь сонин байна. эцсийн бүлэгт иргэд ТҮЦ шиг байшингаа 200 саяар үнэлээд хэвтчихвэл наад бүх ажил чинь нурна. Тохиролцоо хийнэ гэсээр байгаад 4 жил өнгөрнө шүү. Тиймээс иргэдээс бүх саналыг эцсийн байдлаар аваад эрсдлээ тооцоод энэ асуудлыг оруулах ёстой.

-Энх-Амгалан: газар чөлөөлөх асуудлаа шийдээгүй байж ийм ажил ярьж байгаа нь буруу. Бид дулаан битгий хэл цахилгаанаар ч иргэдээ хангаж хүчрэхгүй байгаа шүү.

-Ганхүү: Бид ташуурдаад дэмжээд энэ 7 байршлыг өөрчлөх асуудлыг оруулж ирэх ёстой. Энэ ажил заавал явах ёстой. Олон жил орхигдож хаягдсаар ирсэн гэр хороооллын иргэд энэ асуудлыг маш сайн дэмжиж, өөрсдийнхөө амьдарч байгаа орчноо сайжруулах өөрчлөх боломжоо гүнээ ухамсарлаж байгаа гэдэгт би итгэж байна.

Дүгнэлт: Гэр хорооллыг дахин төлөвлөх 7 байршлыг тогтоох зарим асуудлыг энэ хэвээр нь чуулганд оруулахыг төлөөлөгчид олонхийн саналаар дэмжлээ. Харин иргэдийг нүүлгэн шилжүүлж, тэрхүү газарт нь шинээр байшин барьж орон сууц болгох асуудлыг чуулганаар нухацтай авч үзэх нь зүйтэй гэж үзлээ. 

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)